Д.Давхарбаяр: Үйлдвэрлэгчдийн “ГАЛ” яг унтарлаа
“Хүнсмаш- Сэргэлт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Давхарбаяртай дотоодын тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн талаар ярилцлаа. Тус компани нь хүнсний тоног төхөөрөмж , сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж, мөн засч сэлбэх ажлыг хийхээс гадна бусад салбарын ч жишээ нь эм, уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гээд олон салбарт тоног төхөөрөмж захиалгаар үйлдвэрлэдэг ажээ.
-Аливаа улс аж үйлдвэржилтээ хөгжүүлж байж хөгждөг гэдэг. Ялангуяа металлург, төмөрлөг машин үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, өөрсдөө төмөр, хадаас, халбаг сэрээ, тоног төхөөрөмжөө үйлдвэрлэх ёстой. Манай улсын хувьд энэ байдал хэр байна вэ?
Тийм ээ зөв. 1990-ээд онд манай улсын аж үйлдвэрийн парк үндсэндээ устсан. Уг нь тухайн үед бүх том үйлдвэрүүд дэргэдээ механик цехтэй, өөрсдийнхөө хэрэгцээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж засварладаг байсан.
Авто засварын үйлдвэр , эрчим хүчний засварын үйлдвэр , арьс ширний нэгдэл , хөдөө аж ахуй , хөнгөн ба хүнс гээд бүх салбар зохион бүтээх товчоотой , машин үйлдвэрлэлийн том баазтай байлаа.
Би өөрийн компаниас өмнө ууган үйлдвэрээ танилцуулах нь зүйтэй гэж бодож байна. Манай ууган үйлдвэр 1977 онд “Хүнсний үйлдвэрийн засвар угсралтын контор” гэж байгуулагдсан. 18 аймаг болон хотуудын бүх хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулан угсарч, туршиж тохируулах ажлыг хийж, боломжтой хэсгийг өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа.
200-гаад ажилчидтай. Гэтэл зах зээлд ороод аймгийн үйлдвэрүүд хаалгаа барьж, манай үйлдвэрлэл хумигдаж 1997 онд бүрэн хувьчлагдаж тарж дууссан. Бид нарт хуучин үйлдвэрээс маань нэг ширхэг хадаас ч олдоогүй. Харин санаа нийлсэн долоо найман нөхөд маань л байлаа.
Тэгээд “Хүнсмаш- Сэргэлт” ХХК-иа 1998 оны 12-р сард байгуулсан. Бид өмнөх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үргэлжлүүлж, монголдоо өөрсдөө тоног төхөөрөмжөө үйлдвэрлэдэг байя гэсэн зорилгоос няцалгүй өдийг хүртэл алдагдалтай ч гэсэн ажиллаж байна.
30, 40 гаруй жилийн агуу мэдлэг туршлагтай гагнуурчин Загдаа, токарьчин Цэдэвпүрэв, засварчин Батсуурь, хүнсний механик инженер Эрдэнэ-Очир гээд манай хамт олон хоёргүй сэтгэлээр машин үйлдвэрлэлээ бөхөөхгүйхэн шиг зүтгэж явна.
Тэр үед хамгийн харамсалтай нь Оросоос орж ирсэн бүх том тоног төхөөрөмжийг хэд гурван төгрөгнөөс болж бүгдийг нь төмрийн хаягдал гээд Хятад руу хаясан. Цоо шинийг хүртэл хаяж байсан нь уйлмаар. Би тэр үед төмрийн хаягдал дээр очоод хаягдлыг нь хоёр гурав дахин өндөр үнээр авья гэхэд өгдөггүй байлаа.
-Манай улсын хувьд үйлдвэрлэдэг нь цөөхөн, худалдаалдаг нь олон учраас тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарын гол өрсөлдөгчид нь импортлогчид байх. Хятадын хямд тоног төхөөрөмжтэй хэрхэн өрсөлддөг вэ?
Хятадаас тэрбум тэрбумаараа орж ирэх тоног төхөөрөмжтэй өрсөлдөх гэхээсээ илүү урсгалд нь тэсч үлдэх гэж чадан ядан ажиллаж байна. Манай улсад жилд дунджаар 3 тэрбум долларын импортын тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаагаас ядаж 3 тэрбум төгрөгийг яагаад дотооддоо шингээж болохгүй гэж. Бидэнд улсаас ямар ч дэмжлэггүй бөгөөд манай компани гэхэд ямар ч банкны зээлгүй.
Уг нь жилд импортоор 700 гаруй тоног төхөөрөмжийг гааль НӨАТ-ын татвараас чөлөөлөөд оруулж ирдэг мөртлөө дотооддоо үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөс НӨАТ авдгийг болих хэрэгтэйЭнэ шударга уу. Энэ улс орноо гэсэн аж үйлдвэрээ хөгжүүлье өөрсдийн гэсэн үндэсний үйлдвэрийн дархлаатай болох бодлого мөн үү. Харин ч гаднаас орж ирж байгаа тоног төхөөрөмжийг татвартай болгоод харин машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татваргүй ихээр оруулах хэрэгтэй .
Манай үйлдвэр гэхэд саяхан санхүүгийн тайлангийн шалгалтанд орсон. НӨАТ-ын хуулинд хэрвээ монголын нутаг дэвсгэр дээр ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмж болон сэлбэгийг үйлдвэрлэсэн бол НӨАТ-аас чөлөөлнө гэсэн заалттай ч яг ямар тоног төхөөрөмж гэсэн жагсаалт гаргаагүй, ЖДҮ-ийн зориулалттай гэсний улмаас 30 сая төгрөгийн торгуульд унасан.
-Хуулиндаа НӨАТ-аас чөлөөлнө гэсэн ч одоог хүртэл жагсаалт гараагүй гэлээ. Тэгэхээр ямар үндэслэлээрэй, юутай харьцуулж татвар ногдуулсан гэсэн үг вэ?
2011 онд гарсан хууль ч гэлээ одоог хүртэл жагсаалт гаргаагүй учраас импортын тоног төхөөрөмжийн жагсаалттай харьцуулаад торгууль тавьсан. Хууль нь өөрөө түүхий. Нэгэнт л аж үйлдвэрээ хөгжүүлье гэвэл жагсаалттай жагсаалтгүйгээр дотооддоо үйдлвэрлэж байгаа бүх тоног төхөөрөмж, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй биш гэж үү.
Гэхдээ зарим үйлдвэрийн төхөөрөмжийг татвар ногдуулах заалт байх байхалдаа. Бусад улсууд учиргүй зээл тусламжаар биш юм аа гэхэд татварын бодлогоороо дэмждэг. Би энэ асуудлыг Нийслэлийн маргаан таслах комисст өгсөн боловч шийдэгдээгүй л байна.
-Экспортыг дэмжих 888 төсөл, Чингис бонд, Самурай бонд гээд олон санхүүжилт өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас хийгдсэн. Энэ бүхэн үйлдвэржилтийг сэргээх бодлого байсан. Танай салбарт хэрхэн нөлөөлсөн бэ?
Импортын тоног төхөөрөмжийг орлох төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төсөл бичээд ЖДҮ-ийн газар, ҮХААЯ-ны хүнд үйлдвэрийн хэлтэс, хүнсний хэлтэс , 888, Чингис бондод өгсөн боловч дэмжигддэггүй.
Үйлдвэр маань одоог хүртэл түрээсийн байртай ч улсынхаа хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад л явж байна.
Ямартай ч дотоодын үйлдвэрийнхээ хэрэгцээтэй, засах шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг, засдаг. Сүүлийн үед сүү боловсруулах тоног төхөөрөмжийг малчид ихээр хийлгэх болсон.
Манай үйлдвэр хүнсний тоног төхөөрөмж үйлдвэрлэл гэсэн чиглэлтэй боловч зэвэрдэггүй гангаар төхөөрөмж хийдэг болохоор эмийн үйлдвэр, уул уурхайн компани, усны салбар, эмнэлэг, барилгын салбарынхан төхөөрөмж, сэлбэг хийлгэдэг. Гэхдээ маш бага хэмжээгээр л дээ. Ихэнхи зүйлээ урдаас авдаг. Манай үйлдвэрлэгчид хямдыг нь бодоод урдаас төхөөрөмж авдаг ч сар, хагас жил ажиллаад эвдэрдэг.
Зарим нь тээвэрлэлтийн явцад эвдэрдэг учраас бид нараар засуулдаг. Манай хамгийн сайн хэрэглэгч нар малчид . Тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна. Бид ч малчдынхаа захиалгаар уламжлалт аргаар сүү боловсруулах төхөөрөмжийг хийж өгдөг. Мөн Талх Чихэр ХК , АПУ ХК, Өгөөж Чихэр боов ХК, ЖЕМ Интернейшнл ХХК , Очирдагинас ХХК г.м том компаниуд бага ч гэсэн захиалга өгдөг нь бидэнд маш том дэмжлэг болоод зогсохгүй бидэнд маш том сургууль болдог.
Зэвэрдэггүй ган болох түүхий эд маань их үнэтэй. Монгол зэвэрдэггүй ган битгий хэл хар төмрөө ч хийхгүй байгаа учраас төхөөрөмж маань бага зэрэг үнэтэй гардаг ч засвар үйлчилгээгээ хурдан шуурхай гүйцэтгэхээс гадна уг төхөөрөмжөө шаардлагад нийцтэл нь өөрчлөх, нэмэх хасах замаар хамтарч бүтээдэг давуу талтай.
-Одоо Аж үйлдвэрийн яамтай боллоо. Үйлдвэрлэгчид ихийг хүлээж байгаа байх?
Сайхан үе ирлээ гэж бодож байна. Төрийн нэгдсэн бодлогоор машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг маш ихээр оруулах хэрэгтэй. Хөгжилтэй орнуудаас технологийн хоцрогдолд ороод төмрийн хаягдал болсныг нь авч болно. Учир нь тэд технологийн хөгжлөөр хэтэрхий төрүүлсэн учир тэдний хуучин гэх төхөөрөмж бидний хувьд нэн шинэ байх болно.
Тэр төхөөрөмжөөр ядаж нэг ч гэсэн Монгол хүн хадаас, морины дах, халбага, сэрээ , цаашлаад тоног төхөөрөмж хийг л дээ. Хүн болгон үйлдвэрлэгч байснаар улс орон хөгжих болохоос биш худалдагч байснаар хөгжихгүй. Өнөөдөр хамаг валют гадаадад гарчихаад байгаа .
Өнөөдөр манай үйлдвэрлэгчид аль 1940-1950 оны төхөөрөмжөөр ажиллаад л байна ш дээ. Тэгээд төмөрлөг машин үйлдвэрүүдэд маш хөнгөлөлттэй үнээр эсвэл тусламжаар, лизингээр өгөөд ажиллуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол зах зээлийн жамаар хөгжинө гэж хараад сууж болохгүй. Ядаж дэмжих бодлого, хууль эрх зүйн таатай орчинтой байсан бол хамаа алга шүү дээ.
Яг одоо Аж үйлдвэрийн яам нь төмөрлөг машин үйлдвэрлэлийн “унтрах” гэж байгаа галаа сэргээхгүй бол бид яг унтарлаа.
-Төмөрлөг машин үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлаар манай “VIP76” expert Сэтгүүлийн №1 дугаарт http://vip76.mn/forum?id=13 хэлэлцүүлэг өрнөсөн. Тэндээс үзэхэд салбарын боловсон хүчин, хүний нөөц, инженерүүдийн асуудал бас анхаарал татаж байсан?
Одоо бидний үеийн инженерүүд тэтгэвэртээ гараад дууслаа. Хойч үе маань биднээс туршлага судалж, практик онолын мэдлэгийн олж аваасай гэж хүсдэг. Манай үйлдвэрт оюутнууд их ирдэг ч тэднийг инженер болно гэхэд хэцүү санагддаг.
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулж чадах инженерийг бэлдэх хэрэгтэй. Ганц хүнсний механик инженер гэж салбар заахгүй бүх салбарт ажиллаж чадах механик инженер 5-6 жилээр бэлдэх хэрэгтэй. Бүх техникийн механикийн хууль нь адил , зориулалт нь л өөр байдаг. Бидний хувьд гэхэд л ганц хүнсний тоног төхөөрөмж хийгээд зогсохгүй бусад салбарын огт мэдэхгүй төхөөрөмжийг ч хийж л байна.
Олноор үйлдвэрлэдэггүй дахин давтагддагүй төхөөрөмж үйлдвэрлэдэг болохоор бид бараг handmade хийж байна. Handmade бол гадаадад маш үнэтэй. Гэтэл бид төмрөөр хийж байгаа төхөөрөмж маань хямдхан үнэлэгдээд байгаад харамсдаг. Хэрэв бүх үйлдлийн төхөөрөмжтэй байгаад , үйлдвэрлэлийн тоо өсчихвөл үнэ хямд , чанар болон үзэмж гадныхаас дутахгүй болно. Нэг хэсэг улсдаа их гомдож явдаг байлаа.
Одоо дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Уг нь үндэсний үйлдвэрлэгчид , ард түмэн нь бие биенээ дэмжээд явбал улс орон хөгжихөд амархан гэж боддог. Оны өмнө гэхэд шинэхэн монгол шоколадны үйлдвэр биднээр арав хоногийн дотор какао нунтаглах машиныг хийлгэсэн. Бид хэзээ ч тэр төхөөрөмжийг харж байгаагүй ч судлаад хийж болдог юм гэдгийг батласан. Бид ч үндэсний үйлдвэрлэл 1-ээр нэмэгдэж байгаад баярлан захиалагчийн хүсэлтээр хямдхан хийж өгсөн байгаа.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадынхан бид нараар төхөөрөмжөө хийлгэж байхад монголчууд гадагшаа л хошуурдаг.
Бид нар ямар ч гэсэн 30 жилийн хугацаанд 300 үйлдвэрийн төхөөрөмжийг нь хийж өгөөд үйлдвэрлэлийг нь босоход хувь нэмрээ оруулсан гэж бодож түүгээрээ бахархаж явдаг.