Хүүхдийн эрх зөрчигдвөл ОУ-ын байгууллагад хандана
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.04.14

Хүүхдийн эрх зөрчигдвөл ОУ-ын байгууллагад хандана

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж соёрхон батлуулахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан юм.

Манай улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг соёрхон баталж, улмаар “Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг” Нэмэлт протоколд 2003 онд, “Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг” Нэмэлт протоколд 2004 онд тус тус нэгдэж оржээ.

Хүний эрхийн чиглэлээрх олон улсын бүх гэрээ, конвенциудад уг конвенцийн зүйл, заалтыг зөрчсөн улс орнуудаас гомдол хүлээн авч, хянан хэлэлцэх зохицуулалт тусгасан байдаг бол хүүхдийн эрхийн конвенци нь ийм механизмгүй учраас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт протоколыг баталж, 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн орнуудаас гарын үсэг зурах, соёрхон батлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлжээ.

Одоогоор уг Нэмэлт протоколд дэлхийн 14 улс нэгдэн орж, 46 улс гарын үсэг зураад байгаа аж. "Монгол Улс энэхүү Нэмэлт протоколд нэгдэн орсноор хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсийг урагшлуулах, ялангуяа “Хүүхдийн эрхийн тухай” конвенци, түүний Нэмэлт протоколуудын хэрэгжилтийг сайжруулах, хянах, хүүхдээс өргөдөл, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны нэгдсэн механизмыг бий болгож бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

Түүнчлэн хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Гадаад хэргийн яамнаас олон улсын байгууллагад гомдол гаргах эрхтэй болох юм" гэдгийг сайд С.Эрдэнэ танилцуулгадаа дурдав.