Ёс зүйтэй хүнийг бэлдэж өгөөч
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Бид энэ удаад Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш, доктор, профессор, МНБ Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.
Тэрээр нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд 34 жил энэ салбарт ажиллаж байгаа ажээ. 18 жил нь сургуульдаа ерөнхий нягтлан бодогч хийсэн бөгөөд сүүлийн 16 жил нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бүртгэлээр багшилж байгаа юм. Мөн нэг докторант, 200-гаад магистрантын ажлыг удирдаж, хамгаалуулсан бөгөөд НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл зэрэг ном сурах бичгийг гаргажээ.
-Нягтлан бодогч мэргэжилтэн бэлтгэдэг маш олон сургууль байгаа юм шиг байдаг. Ажлын байрны хэрэгцээнээс л ингэдэг байх даа. Одоо их, дээд сургуулиудын төгсөлт болж байна, бүх төгсөгчид ажилтай болно биз?
НББ-ээр элсэгчидтэй ярилцаж байхад аав ээж, эсвэл ах эгч нар нь нягтлан бодогчоор ажилладаг тохиолдол их байдаг. Эмчийн хүүхэд эмч , жүжигчний хүүхэд жүжигчин болдог шиг удам залгаж нягтлан бодогчийн мэргэжлийг сонгох нь их харагддаг.
Нягтлан бодогчгүй аж ахуйн нэгж байдаггүй учраас сургуулиа төгсөөд ажилд орох магадлал өндөр гэсэн ойлголт нилээд өргөн тархсан нь харагддаг. Өөрийн ХУИС-ийн төгсөгчдийн дунд хийсэн судалгаанаас харахад манай ихэнх төгсөгчид аль нэг аж ахуйн нэгжийн нягтлангаар эсвэл арилжааны банкуудад амжилттай ажиллаж байна.
Түүнээс гадна өнгөрсөн намар болсон форумын үеэр ажил олгогч нар их сургуулийн багш нартай илэн далангүй ярилцах үеэр мэргэжлийн хувьд сайн төгсөгч нар ирж байгааг онцолж байсан. Харин хамгийн гол нь хариуцлагатай, ёс зүйтэй, ажилдаа тууштай, сэтгэлтэй хүнийг бэлдэж өгөөч гэж хүсч байсан. Хүн талаас нь илүү хандаж шаардлага тавьж байна лээ.
Тийм учраас бид нар сургалтандаа төлөвшил, ёс зүй, хариуцлагын асуудлыг давхар ярьж, оюутнууддаа ойлгуулж байгаа. Ёс зүйг их анхаарах шаардлага үүссэн.
-Төгсөөд хоёр жил болоод мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт өгдөг. Шалгалтын тест, хугацааг өөрчлөх шаардлагатай юу?
Төгсөөд 2 жил ажиллаад мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалт өгөх эрх нь нээгдэж байгаа. Шалгалтын тест, хугацаа нь 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа нь амьдрал дээр нийцэж байгаагийн шинж байхаа.
Үнэхээр нягтлан бодогчдын чансаа, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийг шалгасан шалгалт байдаг болохоор эдгээрийг өөрчлөх шаардлагатай гэж үзэхгүй байна.
-Нягтлан бодох бүртгэлийн хүрээнд өнөөгийн шийдвэрлэх ямар асуудал байна вэ?
Нягтлан бодох бүртгэлийн хүрээнд өнөөдөр тулгамдаж байгаа асуудлууд бүртгэлийн мэргэжилтнүүд, эрдэмтдийн анхаарлын төвд байгаа.
Хамгийн гол нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх нь асуудал болоод байгаа. Зарим нь олон улсын стандарт нэвтэрсэн гэж байхад зарим мэргэжилтнүүд сайн нэвтрээгүй байна гээд мэтгэлцдэг. Харин манай эрдэмтэн судлаач нар судалгаа хийгээд бүрэн нэвтрээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн.
-Уг нь компани, аж ахуй нэгж байгууллагуудад хамгийн чухал нь дэлхийн бизнестэй, хөрөнгө оруулагчидтай нэг хэлээр нэвтрэх нь Олон улсын стандарт болчихоод байгаа. Манай улсад 20 гаруй жилийн турш стандарт ийм муу нэвтэрсэн гэхээр ямар учиртай юм бэ?
Гадны стандартыг шууд хуулж хэрэгжүүлэх нь бас боломжгүй гэдгийг харуулж байгаа юм. 1990 оноос л хэрэгжүүлнэ гэчихсэн байтал өдийг болтол хэрэгжихгүй байгаа нь асуудалтай. Монголын хөрсөнд ерөөсөө буухгүй байна.
2014 оны докторын ажлын судалгаанаас үзэхэд, нягттлан бодох бүртгэлийн арми төр засгаас дээрээсээ заавар аваад ажлаа хийгээд сурчихсан учир өөрсдөө олон улсын стандартаа хараад, ойлгоод, түүнийхээ дагуу хийж явахгүй байгаатай холбоотой.
Өмнө нь явж ирсэн хандлага арилахгүй байгаа учраас нэвтрэлт тааруу байгаа юм. Дүүргээс, Сангийн яамнаас ямар заавар журам ирэх нь вэ гээд л хүлээгээд суугаад байдаг нь нэг бэрхшээл болчихоод байгаа. Мөн угаасаа монголын хөрсөнд таарахгүй стандартын заалтууд байгаа учир хэрэгжихгүй байх талтай байдаг.
Энэ чиглэлээр янз бүрийн судалгааны ажлууд хийгдэж байна. Жишээлбэл Б.Болормаа Монгол улсад СТОУС/Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт/-ыг нэвтрүүлэх чиглэлд судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан, Ихбаяр компанын засаглалыг сайжруулах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Доктор Б.Болормаа СТОУС нь Монгол улсын НББ-д зохих ёсоор хэрэгжиж чадахгүй байна гэж дүгнэсэн.
-Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэхийн тулд яах ёстой вэ. Шинэ хуулийн шинэчлэлээр хэрхэн зохицуулах ёстой юм бэ. Олон улсын стандартыг нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?
Ач холбогдол нь гадны хөрөнгө оруулагчидтай харьцахад ерөөсөө л СТОУС-тай байхгүй бол болохгүй. Ялангуяа гадны хөрөнгө оруулалттай компаниуд энэ стандартаар явахаас өөр аргагүй.
Өмнөх асуудлын үргэлжлэл болгон хэлэхэд доктор Б.Болормаагийн судалгаанаас үзэхэд СТОУС манай улсад хэлбэр төдий нэвтэрч байна. Үүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын өнөөгийн хөгжлийн түвшин, онцлогт тохирсон, СТОУС-д нийцсэн үндэсний стандартыг боловсруулан мөрдөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байгаа.
Энэхүү санал нь хуулийн шинэчлэлд тусгалаа олоод Стандартын хороог байгуулахаар болж байгаа. Ялангуяа энэ ажилд мэргэжлийн төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах хэрэгтэй.
Тухайлбал Монголын Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институти зэрэг байгууллагын үүрэг ролийг нэмэгдүүлж оролцуулах хэрэгтэй. Тэгэхгүй Сангийн яам энэ үүргийг бүрэн хүлээх нь учир дутагдалтай.
-Манай хоёр хөрш болох Орос, Хятад зэрэг улсууд олон улсын стандартыг дагадаггүй. Өөрийн гэсэн үндэсний стандарттай байдаг. Манайх жижиг улсын хувьд хэрхэх ёстой юм бол оо?
Тэр хоёр улс бол том гүрнүүд л дээ. Энэ ч утгаараа цаанаа улс төрийн том бодлоготой байдаг байх. Манай улс жижигхэн учраас олон улсын стандартыг хэрэгжүүлчихнэ гээд 20 жилийн өмнө шийдсэн ч өдийг хүртэл бүтээгүй учир ямартай ч үндэсний онцлогт тохирсон, олон улсын стандартаас боломжтой хэсгийг нь хэсэгчлэн өөртөө шингээсэн стандартаар явах нь зүйтэй.
Нягтлан бодох бүртгэл нь өдрөөс өдөрт хурдацтай өөрчлөгдөн байгаа эдийн засгийн орчин нөхцлийг тусгаж тайлагнаж байдаг учраас байнгын хөгжил хөдөлгөөнд оршдог.
-Стандартыг авч хэрэгжүүлэхэд компаниуд болон нягтлан бодогчдод ямар асуудал тулгардаг вэ?
Дараах асуудлууд өнөөдөр тулгарч байна:
СТОУС-ыг англи хэлнээс орчуулахад маш их хугацаа,хүн хүч шаардагдаж байна. СТОУС нь эдийн засаг, нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамааран байнгын хөгжил хөдөлгөөнд оршдог тул өөрчлөлт тухай бүрд орчуулах шаардлага гарч байна.Мөн орчуулга нь ойлгомж муутай, СТОУС-ыг англи хэл дээр нь шууд ашиглан хэрэгжүүлэхэд манай нягтлан бодогчдын хэлний мэдлэг чадвар дутагдаж байна.
Манай оронд шууд хэрэгжүүлэх нөхцөл боломжгүй стандартууд нилээд байна.
-Төр татварын тайлангаар дарамталлаа гэдэг ч үнэндээ компаниуд арчаагүй ажилладаг гэдэгтэй санал нийлэх үү. Энэ зөвхөн яах ч аргагүй татварын дарамтаас болдог уу
Татварын дарамт гэж үзэх нь буруу. Компаниуд санхүүгийн тайлангаа шуудангаар, онлайнаар илгээх боломж өнөөдөр бүрдсэн байгаа. Харин манай аж ахуйн нэгжүүдэд татвар төлөх сэтгэл зүй бүрдээгүй, өөрөөр хэлбэл татвар төлж сураагүй байгаад л гол бэрхшээл оршиж байна.
Нөгөө талаас Монголын төр байсхийгээд л татварын өршөөл үзүүлж байгаа нь шударгаар татвараа төлдөг байгууллага нь хохирох,татвар төлдөггүй нь хожих нөхцлийг бүрдүүлж нийгмийг татвар төлөхөөс зайлсхийх байдал руу түлхээд байгаа юм бишүү гэж бодогддог.
-Санхүүгийн тайланг цахимаар гаргадаг болсноор ямар дэвшил мэдрэгдэж байгаа вэ?
Санхүүгийн тайланг цахимаар хүлээн авдаг болсон нь нягтлан бодогч нарыг дүүргийн санхүүгийн хэлтсийн хаалгыг өдөржин сахих, дараа нь татварын албаны нэг цэгийн үйлчилгээний өрөөнд үргэлжлүүлэн дугаарлах ажлаас чөлөөлсөн. Мэдээж хэрэг маш их цаасыг хэмнэсэн.
Нягтлан бодогч нарт тайлангийн үед ар гэрийн гачигдал, янз бүрийн хойшлуулшгүй ажил төрөл гарна шүү дээ. Ийм үед тайлангаа цаасаар авчирч баталгаажуулаагүйн төлөө торгуулиас чөлөөлсөн.
-Мэргэжлийн хүрээлэн, ТББ, институтиуд хэр сайн ажилладаг вэ?
Нягтлан бодох бүртгэл нь өдрөөс өдөрт хурдацтай өөрчлөгдөн байгаа эдийн засгийн орчин нөхцлийг тусгаж тайлагнаж байдаг учраас байнгын хөгжил хөдөлгөөнд оршдог.
Иймээс энэ ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа манай нягтлан бодогч нар байнга мэдлэгээ дээшлүүлж Монгол улсын болон өөрийн жиллаж байгаа салбарын хууль эрх зүйн актууд, СТОУС, ЖДААН-ийн олон улсын стандартуудыг судалж байх шаардлага байдаг. Энэ үүднээс үзэхэд НББ-ийн хүрээлэн, ММНБИ нь байнга сургалт семинар зохион байгуулж байгаа нь сайшаалтай.
Өнөөдрийн нягтлан бодогчид нь зөвхөн данс хөтлөгч, материал хөрөнгө бүртгэгч, цалин тооцогч биш санхүүгийн тайлангийн мэдээллийг бэлтгэдгийн хувьд байгууллагын стратеги, менежментийг боловсруулахад голлох үүрэгтэй оролцогч судлаач болж байна. Энэ чиглэлд нягтлан бодогч нарт туслах чиглэлийн сургалтыг түлхүү зохион байгуулаасай гэсэн санал байдаг.