Анагаахын ухааны төв номын сантай боллоо
Анагаахын ухааны төв номын сантай боллоо
2015.11.06

Анагаахын ухааны төв номын сантай боллоо

АШУҮИС-ийн Төв номын сангийн долоон давхар  барилгын нээлт боллоо. Уг үйл ажиллагаанд УИХ гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, тус сургуулийн ТУЗ-ийн дарга С.Ламбаа, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид, тус сургуулийн захирал Г.Батбаатар, оюутнууд оролцлоо.

Энэ үеэр  БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Бид дээд боловсролыг чанартай болгох шаардлагатай. Үүний тулд “Чанарын шинэчлэлийн хөтөлбөр”-ийг зарлаад  дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Чанарын шинэчлэл дээр анхаардаг гурван зүйл байдаг. Үүнд сайн хөтөлбөр, багш эрдэмтэд, гуравдугаарт сайн орчин хэрэгтэй гэж бид авч үздэг юм аа. Тиймээс оюутнуудаа ном уншдаг болго гэсэн хүсэлтийг улсын их сургуулийн удирдлагуудад хүргэсэн.

Гэтэл өмнөөс номын сан хэрэгтэй гэх хариу, хүсэлтийг гаргасан. Тиймээс номын сан барих ажлыг  хийж эхэлсэн. Үүний нэг нь  Анагаах Ухааны Төв номын сан (АУТНС).  Мөн удахгүй МУИС-ийн номын сан ашиглалтад орно. Энэ нь  Монголдоо хамгийн том номын сан болно” гэдгийг онцолж байсан юм.

АУТНС нь  Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач, оюутнуудад үйлчлэх аж. Тус номын сан нь 120 мянга орчим ном, 710 гаруй суудал бүхий зургаан уншлагийн танхимтай юм байна. Тэдгээрийг   чөлөөт уншлага, тогтмол хэвлэл, интернэт номын сан, гадаад уншлага, эрдэм шинжилгээний номын танхим хэмээн ангилсан байна. Ингэснээр оюутан бүр өөрт хэрэгтэй сургалтын материалаа сонгон хэрэглэхэд дөхөм болох юм байна. Түүнчлэн эрдэм шинжилгээний танхимийг  анагаахын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд болон мастер, доктортоор суралцагчдад зориулсан байна. Мөн уг номын санг дижитал болгохоор зорьж байгаа аж. 

АУТНС нь орчин үеийн номын сангийн жишигт хүргэхийг хичээн зохион байгуулсан аж.

Тиймээс  одоогийн байдлаар 5053 цахим ном, 9805 мультимедиа, 942 эрдмийн бүтээл, 158 лекцийг цахим хэлбэрт оруулаад байгаа аж. Ингэснээр хөдөө орон нутагт сургалтаа явуулдаг салбар сургууль, эмнэлгийн ажилчид өөрт хэрэгтэй шинэ ном товхимолыг шуурхай хүлээж авах нөхцөл нь бүрдэх юм байна. Танхим тус бүрдээ онцлог, тухайн чиглэлийн төрөлжсөн номын фондыг байрлуулсан байна. АУТНС нь орчин үеийн номын сангийн жишигт хүргэхийг хичээн зохион байгуулсан аж.  Мөн сүүлийн үеийн автоматжуулалт бүхий галын дохиолол, хөдөлгөөн мэдрэгч, интернэт, гадаад болон дотоод хяналтын камер, тоон технологид суурилсан харилцаа холбооны үйлчилгээ бүхий хяналтын цогц системүүдийг байршуулсан юм байна. 

Мөн үндсэн фондоо нээлттэй үйлчилгээнд шилжүүлж байгаа аж.  Энэ талаар тус төв номын сангийн захирал Э.Оюунгэрэл “Үндсэн фондоо нээлттэй үйлчилгээнд шилжүүлж байгаа анхны номын сан болж байна. Энэ нь манай сан хөмрөг ямар баялаг номын цуглуулгатай гэдгийг нээж харуулах үндсэн зорилготой. Мөн бидний энэ ажил Монголдоо анхных гэдгээрээ чухал ач холбогдолтой” гэсэн юм. Одоогоор уг номын сан барилгын I-III давхарт үйл ажиллагаагаа явуулахаар болсон байв.

Түүнчлэн  уг барилгын IV давхарт АШУҮИС-ийн оюутнуудад зориулсан ур чадварын өрөөнүүдийг байгуулсан байна. Ингэснээр оюутнууд зориулалтын багаж хэрэгслээр дадлагжиж, өөрсдийнхөө сурч буй чиглэлээр туршилтыг хийх бүрэн боломжийг олгосон юм байна. Уг танхимуудаар танилцах явцдаа  “Эх барих, нярай, эмэгтэйчүүд судлал”-ын ур чадварын өрөөгөөр зочилсон юм. Энэ үеэр оюутнууд зориултын багаж, хиймэл эх, нярай  дээр туршилт хийж байлаа.  Уг өрөөнд эх барихад шаардлагатай бүхий л төхөөрөмж байлаа. 

Түүнчлэн үр хөндөлтийн болон төрөх үед хэрэглэгддэг багажийг байршуулсан байв. Энэ үеэр АШУҮИС-ийн VI дамжааны оюутан Э.Нандин-Эрдэнэ “Манай сургуулийн оюутнуудад суралцах хугацаандаа өөрсдийгөө хөгжүүлэх боломж илүү нээлттэй болж байна. Учир нь суралцах орчин, чанар сайжирна гэдэг бол сайн эмч, мэргэжилтэн бэлтгэх үндэс гэж би боддог.

/Монгол тв/

Тиймдээ ч номын сан, ур чадварын өрөөтэй болсон нь өөрийн  оюутнуудаа төдийгүй анагаахын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хэрэг юм. Суралцаж буй чиглэлээрээ сургуульдаа дадлагжиж, цаашлаад мэргэжлийн байгуулагаас суралцахаар хамгийн шилдэг гэсэн эмч, эх баригчид цойлж гарах нь дамжиггүй юм. Эмч гэдэг иргэдийн амь насыг  хамгаалж байдаг хариуцлагатай, эрсдэлтэй мэргэжилтнүүд. 

Тиймдээ ч сурч боловсрох, хөгжих дэлхийн жишигт нийцүүлэн ажиллах шаардлага байнга гардаг. Үргэлж сурч байдаг салбар” гэсэн юм.  Мөн АШУҮИС-ийн 2013-2024 онд хөгжүүлэх бизнес төлөвлөгөөнд “Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Ази Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны  шилдэг топ 100 сургуулийн нэг” болохоор эрхэм зорилт гарган ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд хийгдэж буй нэг ажил нь өнөөдөр нээлтээ хийсэн анагаахын төв номын сан ажээ.