Мэргэжлийн зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
2016.01.19

Мэргэжлийн зөвлөлийн сонгон шалгаруулалтын зар

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын баталгаажуулалтын агентлаг болох зорилт дэвшүүлэн шинэчлэлийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ.

Уг ажлын хүрээнд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 тоот тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл, индекс”-ийн дагуу сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийж, мэргэжлийн дүгнэлт гаргах байгууллагыг сонгон шалгаруулах зарыг хүргүүлж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох байгууллагууд нь дараах шаардлагууд хангасан байна. Үүнд:

1. Мэргэжлийн чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажлыг 2 жилээс доошгүй хугацаанд хийсэн ажлын туршлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон байна.

2. Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажиллуулах хүний нөөцтэй байна. Мэргэжлийн зөвлөлд 15-25 хүний нэр дэвшүүлэх бөгөөд ингэхдээ мэргэжлийн чиглэлийн дагуу ажиллаж буй мэргэжилтэн, мэргэжлийн чиглэлийн дагуу мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиудын төлөөлөл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан байна.

3. Сонгон шалгаруулалтанд оролцож буй байгууллагаас мэргэжлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаар ажиллуулахаар санал болгосон иргэн нь БМИҮЗ-ийн шинжээчдийг сонгон шалгаруулах журманд заагдсан шалгуур шаардлагыг хангасан байна. Мэргэжлийн зөвлөлийн нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй нь дээрх журамд заасан шаардлага шалгуурыг хангасан байх.

4. Мэргэжлийн онцлогоос хамааран Нийгмийн шинжлэх ухаан, сэтгүүл зүй, мэдээлэл зүй, Бизнес, удирдлага, эрхзүй, Байгалийн шинжлэх ухаан, математик статистик, Үйлчилгээ чиглэлийн хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийг хэд хэдэн төрийн бус байгууллага хамтран байгуулж болно.

5. Сонгон шалгаруулалтанд оролцож буй байгууллага нь уг мэргэжлийн чиглэлийн дагуу мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн харьяа болон түүний салбар, нэгжийн байгууллага байж болохгүй.

6. Сонгон шалгаруулалтанд оролцож буй байгууллага нь санхүүжилтийн хувьд бие даасан хараат бус байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох байгууллага дараах материалыг бүрдүүлж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн байранд ирүүлнэ.

  • Байгууллагын танилцуулга /2 хуудаст багтаан/
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын санхүүгийн тайлан /сүүлийн 1 жилийн/
  • Мэргэжлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажиллуулах иргэний дэлгэрэнгүй анкет
  • Байгууллагын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн жагсаалт, ажлын туршлагын талаарх мэдээлэл

Материал хүлээн авах эцсийн хугацаа:

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг www.accmon.mn вебсайт, 70109391 утсаар авна уу.

Хаяг: Багшийн хөгжлийн ордон, 401 тоот

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ