Аль оронд сурвал илүү ашигтай вэ?
2015.07.16

Аль оронд сурвал илүү ашигтай вэ?

ОХУ-ын боловсрол судлалын «Смарт Панда» байгууллагаас аль оронд суралцвал илүү ашигтай вэ гэсэн судалгаа хийжээ.  Орон бүр аль нэгэн чиглэлээр илүү сайн сургадаг. Мэдээллийн технологийн чиглэлээр хамгийн сайн мэргэжилтэн болъё гэвэл АНУ, Канад руу явдаг.  Харин урлагтай холбоотой бүхэнд суралцахаар бол Итали, Франц, Английг зорьдог.  Хэрвээ зочлох ёс, үйлчилгээний соёлыг эзэмшихээр бол хамгийн тохиромжтой газар нь Швейцарь гэж үздэг. 

Эдгээр болон бусад чиглэл, улс орнуудын давуу болон сул талуудыг авч үзье.

Европыг зорьвол ...

Их Британид сурсанаар хамгийн зөв англи хэлтэй болно гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тэндхийн их сургуулиудад голдуу уригдсан профессорууд ажилладаг. Тэдний дунд энэтхэг, хятад багш нар байх нь бий. Тиймээс цэвэр англи хэлтэй болъё гэвэл хотын төвд биш, Лондонгийн захдуу амьдрах хэрэгтэй гэж туршлагатай хүмүүс зөвлөдөг. 

Англид боловсрол эзэмшихийн нэг сул тал нь виз юм. Виз авахын тулд дор хаяж 5 долоо хоног хүлээх хэрэгтэй. 

Мөн сургуулиа төгссөний дараа ажиллана гэдэг хэцүү. Энэ нь шинэ мэдлэгээс гадна Их Британид шинэ орон зай хайсан хүмүүсийн хувьд таагүй мэдээ. 

Англид боловсрол эзэмшихийн тулд багагүй мөнгө төлөх хэрэгтэй. Гэхдээ хувилбарууд бий.  Сургуулиасаа хамаараад сургалтын төлбөр 13-22 мянган фунт стирлингэд хэлбэлздэг. 

Сонирхолтой нь Ирландад муу англи хэлтэй болно гэдэг ч энэ тийм биш аж.  Гол давуу тал нь виз авахад чирэгдэл багатай, Элчин сайдын яаман дээр нь биечлэн очих шаардлагагүй, татгалзсан хариу тун цөөн ирдэг.  Гэхдээ Ирланд нь Европын холбоонд багтдаг ч Ирландын виз нь Шенгений бүсэд ордоггүй учраас Европоор чөлөөтэй явах боломжгүй.  Ирландад сурахад жилд 13-24 мянган еврогийн өртөгтэй.

Атлантын далайн цаад эргээр ...

Канадын хувьд цөөнгүй давуу тал бий. Дээд боловсрол харьцангуй хямд,  11-40 мянган канад доллар (1 канад доллар 0,81 ам доллартай тэнцэнэ). Түүнээс гадна сургууль төгссөний дараа 3 жил үлдэж мэргэжлээрээ ажил хийх боломжтой. Цорын ганц сул тал гэвэл Канад хол. Хойд Америк руу явахад хол байдгаас гадна цагийн ялгаанаас болоод гэрийнхэнтэйгээ харилцахад төвөгтэй. 

Хамгийн түгээмэл улс нь АНУ. Мэдээж Америкт мэргэжлээрээ ажиллана гэдэг хэцүү. Канадаас ялгаатай нь төгссөний дараа зөвхөн нэг жил ажиллаж болно. Гэхдээ энэ нь хувийн сонголтоор биш, ажил олгогчийн зөвлөснөөр.  Мэдээж хэрэв тухайн оюутан онцгой амжилт гаргасан бол АНУ-д ажиллахад төвөггүй. Ялангуяа IT-гийн мэргэжилтнүүдийн хувьд. 

АНУ-ын их сургуульд, тэр тусмаа нэр хүндтэй сургуульд сурна гэдэг их зардал шаардана.  Хоёрдугаар зэрэглэлийн орон нутгийн сургуулиуд илүү хямдхан.  АНУ-д 4000 гаруй дээд боловсролын байгууллага байдаг. Үнийн ялгаа нь асар их, 6-90 мянган долларын хооронд хэлбэлзэнэ. 

Дорно зүгт

АНУ, Канадын адил Австрали, Шинэ Зеландын их сургуулийг төгссөний дараа хэсэг хугацаанд ажиллаж болно. Сул тал нь бас л хол. Амралтаар гэртээ харина гэсэн ойлголт байхгүй. Сургалтын төлбөр Англитай ойролцоо. 

Арабын нэгдсэн Эмират улсад Монголоос оюутнууд сурдаггүй ч сонирхууштай газар.  Хуучин социалист орнуудаас, ялангуяа Оросоос оюутнууд сурдаг. АНЭУ нь дэлхийн топ ангилалд орох их сургуульгүй. Гэхдээ тэнд магистерт сурах хүн өөрийн хүслээр хичээлийн хөтөлбөрөө хэдэн ч жилээр хувиарлаж болно. Оройн ангийн зарчмаар сурч болох бөгөөд ингэсэн тохиолдолд ажил хийх цаг гарна. Хүсвэл ажил хийж сургалтын төлбөрөө хийж болно. Сул тал нь гэвэл нислэгийн олон дамжлага, халуун уур амьсгал. Түүнээс гадна лалын орон учраас соёлын ер бусын орчинд дасах хэрэгтэй болно.

Сүүлийн жилүүдэд Хятадад сурах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдсэн.  Нэгдүгээрт барууны сургуулиудыг бодвол хямдхан. Хоёрдугаарт Хятадад англи хэлээр сурах боломжтой. Гуравдугаарт хамгийн өсөлттэй байгаа эдийн засагтай орноос сурах зүйл их.

Хятадад сургалтын төлбөр 5000 доллараас (хятад хэл дээр), эсвэл 10 000 доллараас (англи хэл дээр) эхэлдэг.  Барууны стандарт бүхий дээд боловсролтой болохыг хүсвэл Хятадад Барууны их сургуулиудын салбар бий. Жишээ нь хоёр жил Шанхайд сураад үлдсэн хоёр жилдээ Их Британид сурч болно. Энэ нь илүү хэмнэлттэй.

Япон

Японд сурахыг хүсч буй хүмүүсийн хувьд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй

-          Японы их сургуулиудад хичээлийг зөвхөн япон хэлээр заадаг. Тиймээс япон хэлийг нэг бол эх орондоо (япон хэлний сургалтын цөөнгүй хөтөлбөрүүд бий. Түүнчлэн япон хэлний цахим хичээлд бүртгүүлж болно), эсвэл Мандах нарны оронд очиж сурах хэрэгтэй.

-          Япон гэдэг соёлын маш өвөрмөц орчин гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа япончуудыг ойлгохын тулд бүх амьдралаа зарцуулах хэрэгтэй болдог. 

-          Японд эзэмшсэн дээд боловсрол нэг бол Японд амьдрах хүмүүст, эсвэл Японтой маш ойрхон ажиллах хүмүүст чиглэсэн гэдгийг санах хэрэгтэй.

-          Барууны сургуулиудтай харьцуулахад сургалтын төлбөр өндөр биш. Жилд дунджаар 6000-8000 доллар. Японд сурах боломжийн талаар энэ сайтаас тодорхой мэдэж болно. Гэхдээ байр, тээврийн зардал тэнгэрт хадсан. Японд сургалтын болон амьдрах орчин нь дэлхийд дээгүүрт орно.

-          Японд сурах хүн хүссэн хүсээгүй Япон хоолонд дасах хэрэгтэй болдог.

-          Японы их сургуульд элсэх, виз авахын тулд хичээл эхлэхээс өмнө дор хаяж 6-8 сарын өмнөөс бэлдэж эхлэх хэрэгтэй. Тухайлбал 3 сараас дээш хугацаагаар сурах зорилгоор виз бүрдүүлсэн бол таны бичиг баримтыг 3 сарын хугацаанд Токио дахь цагаачлалын албанд авч хэлэлцэнэ.

Ахисан түвшний суралцагчдын хувьд

Зөвхөн семестрийн хураамж төлөөд бараг үнэгүй сурч болдог орон бол Герман, Австри. Ингэхдээ бакалавраа герман хэлээр, магистраа герман, англи хэлээр дүүргэх нь илүү үр дүнтэй. Гэхдээ энэ тохиолдолд өрсөлдөгчдөөсөө илүү байж онц дүнтэй, гаргасан амжилттай, эх орондоо ажлын туршлагатай байхаас гадна бичиг баримтаа зөв бүрдүүлж өгөх хэрэгтэй. Чех хэлтэй бол Чехэд үнэгүй дээд боловсрол эзэмших боломж бий. Үүний тулд нэг жил чех хэл сурсны дараа их сургуульд элсч болно. Гэхдээ сургалтын төлбөр нь 5000 евро. 

Хамгийн муу эрэлттэй орнууд нь Балтийн тэнгисийн орнууд. Орос хэлтэй бол 2500 еврогоор сурах сургуулиуд бий. 

Гадаадад сурах эхний алхам

Залуучуудын хувьд гадаадын сургуульд сурахад эхний алхам нь зуны хэлний сургалт юм. АНУ-д гурван сарын 3 сарын зуны сургалт ойролцоогоор 2000 ам.доллар. Ихэнх тохиолдолд тэнд очсон залуучууд замын зардлаа нөхөөд зогсохгүй илүү мөнгөтэй ирдэг. Жилийн сургалт 5000-10 000 ам.доллар. Италид амралтаараа ажиллая гэвэл замын зардал, байрны хөлс, хүнс нийлээд 1,5 мянган евро болно. 

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар эцэг, эхчүүд хүүхдээ дунд сургууль төгссөнийх нь дараа биш, харин ахлах ангиас нь өөр хэлтэй орчинд дасгавал дараа нь тэр орондоо сурахад хялбар байдаг аж.

Европын зарим орон болон АНУ гадны залуучуудад зуны цагт түр ажил хийх боломжийг өгдөг. Жишээ нь АНУ, Италид нийтийн хоолны газарт зөөгч, зочид буудалд зохион байгуулагч, тоглоомын газар хянагч гэх зэрэг ажил хийх нь түгээмэл.        

Хол байна гэдэг саад биш

Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн зайны сургалт болох нийтийг хамарсан боловсролын хөтөлбөрүүд буюу MOOC (massive open online courses)  түгээмэл болсон. Суралцагч гэртээ компьютерын өмнө багшийн лекцийг сонсоод үзсэн хичээлийн дагуу тестийн шалгалт өгдөг. Шалгалтыг амжилттай өгвөл мэргэжлтний дипломтой дүйцэхүйц сертификат авна. 

Энэ төрлийн хөтөлбөрүүд нь төлбөртэй, төлбөргүй янз бүр байдаг. Аль ч тохиолдолд өөр оронд амьдарснаас хямдхан байдаг болохоор хүмүүсийн сонирхлыг татдаг.