Эдийн засаг хүндрэх тусам шинжлэх ухаанд мөнгө зарах хэрэгтэй
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.05.14

Эдийн засаг хүндрэх тусам шинжлэх ухаанд мөнгө зарах хэрэгтэй

Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлж, бүтээлч сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор БСШУЯ-наас “Монголын инновацийн долоо хоног-2015” арга хэмжээг эн сарын 13-20-нд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Монголын инновацийн форум”-ыг Төрийн ордонд зохион байгуулав. Форумын үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Инновацийг хөгжүүлэхэд юунд анхаарах шаардлагатай вэ?

Шинжлэх, ухаан инновацийг хөгжүүлэх бодлогоо тасралтгүй хөгжүүлэх, оюуны нөөцийг төвлөрүүлэх, үндэсний чадавхийг оновчтой ашиглах, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулахад анхаарах хэрэгтэй. Үүний тулд инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ түүний ач холбогдол, эцсийн үр дүнг гол шалгуур болгох зарчмыг баримтална. Эрдэм шинжилгээ болон бусад зохион бүтээх ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор шинжлэх ухаан, инновацийн менежментийг боловсронгуй болгох, эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил хийсэн.

Тухайлбал, Инновацийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох боломж бүрдсэн. Мөн эрдэм шинжилгээний байгууллагууд арилжааны данс нээж, орлогоо өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болсон. Засгийн газрын тогтоолоор “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам” баталсан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр өндөр технологийн аж үйлдвэрлэлийн үндсийг тавих, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ.

-Инновацийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хэрхэн харж байна вэ?

Өнөөг хүртэл шинжлэх ухаан болон боловсролд зарцуулж байгаа мөнгийг урсгал зардал гэж үздэг байсан. Үүнийг больж энэ салбарт зарцуулж байгаа мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй. Урсгал зарцуулалт гэж хараад байвал санхүүжилт нэмэгдэхгүй байна. Харин хөрөнгө оруулалт гэж хараад жил бүр 150 тэрбумыг зарцуулвал Монгол Улсын эдийн засгийг 7-10 хувь нэмэгдүүлэх боломжтой.

Өөрөөр хэлбэл, дэлхийд өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжийг хөрөнгө оруулалт бий болгоно гэсэн үг. Нөгөө талдаа чадамжтай аж үйлдвэрийг төрүүлэх нь ЕБС болон их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай холбоотой. Шийдвэр гаргаж чаддаг, бусдаас өөрөөр сэтгэдэг, чадварлаг боловсон хүчин бэлтгэснээр нийгэм, эдийн засагт ихээхэн үр өгөөжтэй.

Олон улс шинжлэх ухаан, боловсролын салбарт нийт төсвийнхөө 5-6 хувийг зарцуулдаг. Ингэснээр тэдгээр улсын эдийн засаг жилд 10-17 хувиар өссөн. Энэ нь тогтвортой, урт хугацаанд үргэлжилдэг. Бид энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд байвал “дампуурал” ойрхон гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Харин өрсөлдөгчгүй, өөр хүн хийж чадахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болно. Тиймээс боловсролын салбарт зарцуулсан хөрөнгийг урсгал зардал бус бизнес гэдэг утгаар хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйд ямар эерэг нөлөө авч ирэх вэ гэдгийг л харах хэрэгтэй.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн 5 хувийг инновацийг хөгжүүлэхэд зарцуулах боломж  бий юу?

Энэ хөрөнгийг зарцуулах шаардлагатай. Эдийн засаг хүндрэх тусмаа шинжлэх ухаанд их мөнгө зарах хэрэгтэй. Ингэж чадвал хүндрэлээс амархан гарна. Хэрэв мөнгө зарахгүй гээд мэдлэг үйлдвэрлэхгүй бол хүндрэл улам бүр гүнзгийрнэ.

-Та нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Шинжлэх ухааны парк байгуулах талаар ярьлаа. Энэ талаар тодруулахгүй юу ?

Самсунг болон Тоёота гэх мэт дэлхийд тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд нийт орлогынхоо 30 хувийг судалгааны ажилд зарцуулдаг. Энэхүү компаниуд Монгол улсын их, дээд сургуулиудтай хамтран ажиллах замыг нээхийг Шинжлэх ухааны парк гэж нэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэдлэгтэй хүмүүс, мэдлэгт хөрөнгө оруулагч, мэдлэгт суралцаж байгаа хүмүүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Энэ чиглэлийн хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьсан.

-Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй инновацийг хөгжүүлэх бодлого бусад салбартай хэрхэн уялдаж байна вэ?

Уялдаж байгаа. Үйлдвэрлэлийн салбараар жишээ авч үзье. Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ашиг олох нь үйлдвэрлэлийн туйлын зорилго юм. Ийм бүтээгдэхүүн гаргаж ирэхийн тулд судалгаа хийж, бусдын мэдэхгүй, чадахгүй шинэ технологиор хийх хэрэгтэй.

Ноосон цамц үйлдвэрлэгч ноосыг ямар технологиор боловсруулвал илүү хөнгөн, уян хатан болох вэ гэдгийг тогтоохын тулд зайлшгүй судлаачтай хамтран ажиллах хэрэгтэй. Түүнээс биш гадаадын том компани шинэ технологи үйлдвэрлэсэн байна. Үүнийг нь авах хэрэгтэй байна гэж ярих нь одоо утгагүй болсон. Тиймээс монголчууд өөрсдөө шинэ мэдлэг бүтээж, үр шимийг нь хүртэх хэрэгтэй.

-Инноваци нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг төрөөс хэрхэн дэмжиж байна вэ?

Шинэ технологийн судалгаа хийх, нэвтрүүлэхэд нь татварын хөнгөлөлтөөр дэмжиж өгөх ёстой. Мөн экспортод шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа бол 5 жил татвараас чөлөөлөх зэргийг бодлогоор тогтоох хэрэгтэй. Нэг ам.доллараар бүтээсэн бүтээгдэхүүнээ 1000 ам.доллараар зарж, нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулахад нь Засгийн газар бусад оронд сууж буй Элчин сайдын яамдуудтайгаа хамтран борлуулалтаа хийхэд нь дэмжих шаардлагатай.

Тухайлбал, гар утас бүтээхэд шаардлагатай материал авахад 5 ам.доллар зарцуулдаг. Харин бид 500 ам.доллараас дээш үнээр авч байна. Ийм хэмжээний ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь эдийн засгийг өргөх томоохон тулгуур болно.