Стэнфордын их сургуулийн профессор Жэймс С.Фишкин Улаанбаатарт зочилно
Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод зочлох гэж байна
2015.02.18

Стэнфордын их сургуулийн профессор Жэймс С.Фишкин Улаанбаатарт зочилно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод зочлох гэж байна.

Тэрээр АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн.  

Жэймс С.Фишкин нь 2015 оны 02 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах бөгөөд  энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзана.

Мөн  нийслэл, дүүргийн удирдлагууд, МУ-ын Засгийн газар, Олон Улсын байгууллагуудын төлөөлөгч нарт “Зөвлөлдөх ардчилал” сэдвээр лекц уншиж,  нийслэлийн түвшинд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хийгдсэн ажлын талаар харилцан санал солилцоно. Мөн төр захиргааны анхан шатны нэгж болох хорооны үйл ажиллагаатай танилцаж, хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзахаар төлөвлөжээ