Л.Гантөмөр: Тэргүүлэх 40 чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэнэ
Коосэн сургуульд шууд элсэн суралцах шалгалтыг олон шаттайгаар явуулж, өнгөрсөн сарын 19-ний өдөр БСШУЯ болон Жайкагийн Монгол дахь салбарт хариуг нь хүргүүлсэн байна.
Эхний ээлжинд зургаан оюутан тус шалгуурт тэнцжээ. Тэд өчигдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөрөөс батламжаа гардлаа. Сайд батламж гардуулах үеэрээ “Оюутнууд маань Японы өөр өөр хотод байрлах Коосэний салбаруудад суралцахаар болсон. Коосэнд элсэх шалгалтыг цаанаас нь авсан учраас их хүнд байсан байх. Гэхдээ эхний оюутнууд тэнцээд батламжаа гардаж байна” гэсэн юм.
Мөн инженерийн чиглэлээр суралцах нэг, магистр, доктор, зэргийн бус сургалтаар суралцах долоон багш, судлаач Япон улсад суралцаж, судалгаа хийхээр сонгогдож, батламжаа гардсан юм. Тэдэнд тавьсан гол шаардлага нь Японы тал хүлээн авах шаардлагад нийцсэн их дээд сургууль болон МУИС, ШУТИС-д тэргүүлэх чиглэлээр судалгаа хийдэг байх болон Япон улсын аль нэг их, дээд сургуульд элсэн суралцах урилгаа гардсан байх ёстой байж. Түүнээс гадна япон, англи хэлний өндөр мэдлэгтэй байхыг гол шалгуур болгосон юм билээ. Ингээд МУИС-иас гурав, ШУТИС-иас мөн гурав, ХААИС-иас нэг судлаач багш сонгогджээ.
1945 онд Япон улсын Хирошима хотыг бөмбөгдөж, аймшигт гарз хохирол учруулсан юм. Тэр хор хохирлоос гарахын тулд Япон улсын Засгийн газраас инженерийг олноор нь үр дүнтэй бэлтгэх Коосений сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. 15 настай хүүхдүүдийг элсүүлж, таван жилийн хугацаатайгаар сургадаг өндөр үр дүнтэй сургалт Японы эдийн засгийн хурдацтай өсөхөд нөлөөлсөн гэдэг.
-Япон улсад 1000 инженер бэлтгэхээр болж, анхны элсэгч 13 хүнд батламжийг нь гардууллаа. Энэ тоог цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ?
ШУТИС дээр Нагояагийн их сургуультай хамтраад 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгаа хийгээд дуусч байна. Япон руу гурван багш явуулж хөтөлбөрийн судалгаа хийлгэж байгаа. Мөн Японоос ч багш нар ирсэн. Энэ 2+2 хөтөлбөрийн хүрээнд энэ оны аравдугаар сарын 1 гэхэд Японд 30-50 оюутан сургахаар хэлэлцээр хийсэн.
Ингэж суралцвал Монголоос 4-5 багш мөн Японд ажиллана. Коосэнд суралцахаар бэлтгэж байгаа 40 гаруй залуу маань наймдугаар сард шалгалтаа өгнө.
Тэд бүгд тэнцэнэ гэдэгт итгэж байна. Энэ удаа Жайка олон улсын байгууллага, Япон улсын Засгийн газрын тусламжаар Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах анхны оюутнууд маань батламжаа гардлаа. Энэ залуус маань цалинтай суралцахаараа онцлог болж байна.
-Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүмүүс ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа вэ?
30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газар зээлээ эргүүлэн төлөх юм. Тийм учраас төгсч ирсэн залуус маань эх орондоо ирээд таван жил заавал төрийн байгууллагад ажиллах ёстой.
Мөн суралцах хугацаандаа эх орондоо хагас жилийн хугацаатай дадлага хийнэ. Ингэснээр ажлын байрны өрсөлдөөнийг идэвхжүүлж байгаа юм. Суралцахаар явж байгаа оюутнуудтайгаа хариуцлагын гэрээг хийж байгаа.
-Энэ ондоо өөр оронд оюутнуудыг суралцуулах ямар ажил яамны зүгээс зохион байгуулах вэ?
ОХУ-д 200, БНХАУ-д 200 оюутан энэ жилдээ явуулж сургана. Аль алинтай нь 1000 оюутан сургах хэлэлцээр хийсэн. Мөн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнуудад уламжлал ёсоор тэтгэлэг өгнө.
-Инженерийн чиглэлээр үү?
Японд бол инженерийн чиглэлээр сургана. ОХУ, БНХАУ-д технологийн чиглэлээр суралцуулна. Мөн ХБНГУ-д технологийн чиглэлээр оюутнуудаа сургахаар хэлэлцээр хийж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх 40 чиглэлээр гадаадад мэргэжилтэн бэлтгэх бодлого барьж ажиллаж байна.