Л.Гантөмөр: Хийж бүтээсэн ажлаа таслуулахгүйн төлөө зүтгэнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
2014.11.06

Л.Гантөмөр: Хийж бүтээсэн ажлаа таслуулахгүйн төлөө зүтгэнэ

БШУ-ны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд боловсролын шинэчлэлийг бүх шатанд нэлээд амжилттай хэрэгжүүлсэн гэж боловсролын салбарын удирдах ажилтнууд дүгнэж байна. Тэд бас энэ ажлыг тасалдуулах вий гэж болгоомжилж байна?

 -Хийж бүтээсэн ажлаа таслуулахгүйн төлөө зүтгэнэ.

-Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Нийт хэдий хэр хөрөнгө оруулалт хийв?

 -2014 онд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ирэх жил дахиад энэ хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Японы Засгийн газар хоёр сая долларын буцалтгүй тусламж өгнө. Солонгосын Засгийн газар болон Хятадын Засгийн газар тус бүр хоёр сая долларын өртөгтэй лаборатори өгнө гэж байгаа.

Энэ мэт орчин үеийн лаборатори, судалгааны орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Ирэх жилийн төсөв хэвээр батлагдвал дотоодын нөөцөөр бас 15 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бүхий лаборатори авна. Хоёр жил энэ эрчээрээ явчихвал дэлхийн жишигт нийцсэн судалгааны орчин бий болно.

-Та БШУ-ы сайдын хувьд өнгөрсөн хоёр жилд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа хэдэн хувийг хийж амжуулав?

     -Би бол ажлаа хийчихсэн. Одоо түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Үүний төлөө зүтгэнэ.

-Хийж амжаагүй ажил юу байна вэ?

 -Их, дээд сургуулийн оюутнуудаа унших номтой болгож л амжсангүй. Оюутнуудыг хичээл болгон дээр уншдаг арав арван номтой болгох сон гэж бодож байсан. Үүнийг хийчихвэл ном уншаад ирэхээр оюутнууд өөр болно. Дараагийн алхам бол Монгол Улс шинжлэх ухааны улс болох явдал. Энэ бол том ажил. Дэлхийн хэмжээний судалгааны төвүүдийг байгуулах хэрэгтэй. Шинжлэх ухааны салбарт төлөвлөж байгаа юм асар их байгаа.