Улаанбаатар Их сургуулийн захирал У Дог Гю нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Улаанбаатар Их сургууль"-ийн захирал У Дог Гю болон тус сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Л.Үржинлхүндэв нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд “Улаанбаатар Их сургууль"-ийн захирал У Дог Гю Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад сургуулийнхаа талаар товч танилцууллаа.
“Улаанбаатар Их сургууль" нь 1995 онд байгуулагджээ. Энэхүү сургууль нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай сургууль бөгөөд байгуулагдсан цагаас хойш арван есөн жилийн хугацаанд 4000 гаруй мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Одоогийн байдлаар тус сургууль нь 3000 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Их сургуулиас гадна дэргэдээ бүрэн дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага нэг цэцэрлэгтэй аж.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт зочид, төлөөлөгчдөд Байнгын хорооноос боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй ажлын талаар, тэр дундаа “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар танилцуулж энэхүү бодлогын баримт бичигт оруулах санал байвал хүлээн авч тусгаж ажиллахаа мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.