Л.Гантөмөр: Японд 1000 инженерийг илгээх төсөл амжилттай эхэллээ
Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрт иенийн хөнгөлөлттэй зээлээр “Иженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014-2023 онд хэрэгжүүлэхээр болж хичээлийн нээлт өнгөрсөн даваа гаригт боллоо. Энэ талаар БШУ-ы сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-КООСЭН коллежид манайхаас хэчнээн оюутан сурах боломжтой вэ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 47 оюутан хэзээ Япон явах вэ?
Төсөл хэрэгжих хугацаанд 200 орчим оюутныг таван ээлжээр КООСЭН коллежид сургах төлөвлөгөө бий. Бид нэгдүгээрт, мэдлэгийн эдийн засагтай орон болох, хоёрдугаарт, үйлдвэрлэгч улс болохын тулд инженерээ заавал бэлдэх ёстой. Эдгээр инженер нь улсаа төлөөлж, улсынхаа хөгжлийг төлөвлөх юм. Мөн ямар технологийг яаж Монголд бойжуулах асуудлыг төлөвлөнө.
Эхний ээлжийн элсэлтийг бид өнөөдөр авлаа. Маш сайн сурлагатай залуус элсч байгаад баяртай байна. Энэ 47 оюутан япон хэл, физик, математикийн хичээлээр хагас жил бэлтгэл хийнэ. Ингээд ирэх хавар Япон явах шалгалтаа өгөх юм. Хэрэв шалгалтдаа тэнцвэл бүгд явах боломжтой.
Тэнцээгүй нь их сургуулийнхаа хоёрдугаар дамжаанд үргэлжлүүлэн сурна. Мөн энэ залуус хоёрдугаар дамжаагаа төгссөний дараа Японы их, дээд сургуулийн гуравдугаар дамжаанд элсэн сурах боломжтой.
-Төслийн хүрээнд өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
Энэ сард МУИС, ШУТИС-ийн 10 гаруй багшийг Японд мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулна. Мөн хоёр улсын их, дээд сургуульд. сурч хамтарсан бакалаврын зэрэг олгох, магистр, докторын сургалтад оюутнуудыг хамруулна.
Төслийн хүрээнд Японы Засгийн газраас хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон.