П.Даваасүрэн: Ажилд ороход нэмэлт ур чадвар зайлшгүй хэрэгтэй
Монголын оюутнуудад тулгамддаг нийтлэг асуудлын талаар Оюуны эрэл оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэнтэй ярилцлаа.
Танай байгууллага оюутан руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр ямар асуудал оюутнуудад түлхүү тулгамддаг вэ ?
Оюутнууд их сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад тулгамддаг олон асуудлууд байна. Жишээ нь ажлын туршлага. Тухайн мэргэжлээрээ 2-3 жил ажилласан байх гээд заачихдаг нь дөнгөж сургуулиа төгссөн залуучуудад их хүнд тусдаг. Мөн мэргэжлээс гадна soft skill буюу нэмэлт чадваруудыг шаардсан байдаг.
Харилцааны соёлтой байх, багаар ажиллах, зөв цэгцтэй ярих, илтгэх, хувийн зохион байгуулалттай байх гэх мэт тухайн хүнийг амжилттай ажиллахад нөлөөлдөг чадварууд юм. Гэтэл нэмэлт чадваруудыг сургуулийн зүгээс нэмэлт цаг тооцоод, түүнд зориулан тусгайлан багш гаргаад заадаггүй.
Тоотой цөөхөн оюутнууд хичээлээс гадуурх сургалт дамжаа, клуб секцэнд хамрагдан суралцдаг. Ихэнхийнх нь энэ тал хоцрогддог. Харин үүнийг оюутан байх хугацаандаа шийдэх бүрэн боломжтой.
Яаж эзэмших вэ ?
Мэдээж хүний хөгжлийн олон сургалт дамжаа байдаг. Түүгээр дамжуулан өөрийгөө нээж тэдгээр чадваруудыг хөгжүүлж, эзэмших боломж бий. Хамгийн гол нь хувь хүний хандлага. Оюутан бүр "Би мэргэжлээрээ төгсөөд гарлаа гэхэд ажлын байрны олдоц хангалтгүй, чадвар туршлага заачихсан байна. Тэгвэл би яах ёстой вэ" гэдгийг бодож төлөвлөгөө гаргах хэрэгтэй л дээ.
Өөрийгөө судалж, таньж мэдээд ямар чадвар, аль талаа илүү сайжруулах шаардлагатай байгаа, түүнийгээ ямар арга замаар хөгжүүлэх үү гээд төлөвлөнө гэсэн үг л дээ. Наад зах нь ингээд төлөвлөөд сурчихвал тухайн хүн ажил амьдралаа зохицуулж төвөггүй амьдрахад их дөхөм болно.
"Нэмэлт ур чадвар"
Өөртөө зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, мэдлэг чадвартай байвал хаана ч газардахааргүй ажиллах боломж байна.
Танай оюутны холбоонд нийт хичнээн клуб хэрхэн үйл ажиллагаа явуулж байна вэ.
Манай холбоонд маань энэ хичээлийн жилд нийт арван нэгэн клуб үйл ажиллагаа явуулж байна. Клуб тус бүр өөрсдөө санаачлан нийгэмд хандсан олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Жишээ нь Анагаахын салбарын клуб нь эрүүл мэнд рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулдаг бол МУБИС-ийн клуб боловсрол руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг түлхүү зохион байгуулдаг.
Ингэснээр гишүүд маань нийгмийн сайн сайханд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж, мөн оюутнууд маань өөрсдийнхөө нэмэлт чадваруудыг хөгжүүлдэг.
Тэгвэл дээр дурьдсан нэмэлт ур чадваруудыг клубын түвшинд явуулж буй үйл ажиллагаанд хамрагдсанаар эзэмших боломжтой гэж ойлгож болох уу?
Нэг үгээр хэлбэл тийм. Клубээс зохион байгуулж буй бүх үйл ажиллагаа хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Жишээ нь 1 клуб санаачлан ямар нэгэн төсөл хөтөлбөр зохион явууллаа гэхэд тэндээс зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, харилцааны чадвар, бусдыг удирдах чадвар зэрэг нь давхар хөгжиж байдаг.
Нийгэмдээ ч өөрийн хувь нэмрээ оруулна, өөрийгөө ч тодорхой хэмжээнд хөгжүүлдэг юм. Энэ чинь миний хэлээд байгаа ажил олгогчоос шаарддаг нэмэлт ур чадвар шүү дээ.
Одоогоор “Оюуны эрэл” оюутны холбоо маань ямар үйл ажиллагааг зохиохоор төлөвлөөд байна вэ ?
Өнгөрсөн ес, аравдугаар сард их дээд сургуулийн босго алхаж буй 1-р курсынханд зориулсан “Бид Оюутан Боллоо” хөтөлбөрөө амжилттай зохион байгуулсан. Одоо шинэ гишүүнчлэлээ авч байгаа бөгөөд клуб тус бүр өөрсдөө санаачлан сургууль, нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын ажил, төсөл зохион байгуулж байна.
Харин он гараад оюутны өвлийн амралтаар Азийн зургаан орны соёл боловсролтой танилцах хөтөлбөр, Хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөн зэрэг хөтөлбөрүүдээ хийхээр бэлдэж байна. Манайхаас зохион байгуулдаг бүх хөтөлбөр оюутан залуусын соёл боловсролд чиглэсэн үйл ажиллагаанууд байдаг юм.