Л.Гантөмөр: Шилдэг 100 залуу, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцаж эхэлсэн
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улиран одсон 2014 он Боловсролын салбарт багагүй шинэчлэлт хийгдэж, хөгжил дэвшлийнхээ гараанаас гарсан он боллоо гэж олон хүн дүгнэж байна. Салбар хариуцсан сайдын хувьд ямар бодолтой явна?
Өнгөрсөн 2014 онд үндэсний хэмжээнд “Бага боловсролын сургалтын цөм" хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлж чадлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2013 онд бүтэн жилийн хугацаанд 40 лаборатори сургуульд туршиж үзсэн юм.
Ингээд шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх зорилтот ажлын хүрээнд бага ангийн нийт 13310 багшийг бэлтгэж, сургасан. Өмнө нь багш мэдээлэл дамжуулж, хүчээр хүүхдэд ойлгуулж байсан бол одоо хүүхдүүд өөрсдөө мэдээллээ цуглуулж багцлан, олсон мэдээлэл дээрээ ажиллаж өөрсдийгөө хөгжүүлдэг, багш түүнд нь тусалдаг болж байна. Таван жил суралцах явцыг нь ажиглан харж бие даах чадвартай болгох зорилготой сургалтын хөтөлбөрийг 2012 оноос хойш боловсруулж цэгцлээд 2014 оноос орон даяар нэвтрүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөрийн гол зорилго нь богино хугацаанд Монгол хүүхдийн тухайлсан цадавхийг нээн хөгжүүлж, нэг насных нь амьдралын зорилго, ажил үйлсийнх нь үндсэн чиглэл болгоход л оршиж байгаа юм. Орон даяар хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөр ирээдүйн олон арван мянган урлаг, спортын одод, зохион бүтээгч инженерүүд, төрөл бүрийн өндөр мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах гол суурь бааз болно гэдэгт бид тун их итгэлтэй байгаа.
-Дээд боловсролын шинэчлэлийн талаар өнгөрсөн 2014 онд ямар ажлууд амжуулсан бэ. Ойрын хугацаанд үргэжлэн явагдах ямар шинэчлэлт, үйл ажиллагаа төлөвлөсөн бол?
Дээд боловсрол, инженерийн хөтөлбөрийн шинэчлэлт ихээхэн хурдацтай явагдаж байгаа. "Инженер, технологийн дээд боловсрол" төслийг Японы Засгийн газартай хамтран есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Японы Засгийн газраас жилийн 0.2 хүүтэй 7.5 тэрбум иений хөнгөлөлттэй зээл авч, 20 жилийн хугацаанд төлөхөөр болсон.
Мөн Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 325, “Коосэн” сургалтад 200 хүн сургах гэж байна. Товчхондоо Японд 1000 инженер бэлтгэх төсөлд гарын үсэг зурж, Монгол инженерийн шинэ эрин үеийг эхлүүлэх энэ том төслөө эхлүүлж чадлаа. Анхны оюутнуудаа бэлтгэх үүрэгтэй багш нарынхаа бэлтгэл ажлыг хангуулж эхлээд байгаа.
Яг энэ ажилтай зэрэгцээд бүх сургалт, тоног төхөөрөмж, сургалтын орчин нь Япон стандарттай гурван “Коосэн” сургалтын төвийг нээж, анхны элсэлтээ авсан нь томоохон дэвшил гэж хэлж болно. Энэ нь 10 дугаар ангиасаа эхлээд таван жилийн хугацаанд Япон стандартаар инженерийн сургалтад хамрагдахдаа Японы сургалтын хөтөлбөрөөр Япон багш нараар хичээл заалгаж, яг л Япон инженер сургууль төгсөхдөө ямар мэдлэг, мэргэжил, дадлагатай болоод төгсдөг тэр хэмжээнд бэлтгэгдэнэ гэсэн үг юм.
Дэлхийн шилдэг 100 сургуульд 100 оюутан сургана гэдэг нь өөрөө маш том тоо юм.
Ерөнхийдөө Монголын инженерийн боловсрол дэлхийн тэргүүлэх түвшинд ойртох анхны алхмуудаа хийсэн нь 2014 онд дээд боловсролын системд гарсан томоохон дэвшил гэж дүгнэж байгаа. Хамгийн их бахархаж байгаа зүйл маань Монголын шилдэг 100 залуу дэлхийн хамгийн шилдэг 100 сургуульд Монгол Улсын тэтгэлгээр суралцаж эхэлсэн нь оюун ухааны потенциал өндөртэй, аливаа шинэ соргог бүхнийг хурдан хугацаанд сурч мэдэх төрөлхийн авьяастай Монголчуудын хувьд оюуны маш том хөрөнгө оруулалт болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Дэлхийн шилдэг 100 сургуульд 100 оюутан сургана гэдэг нь өөрөө маш том тоо юм. Хүн амын тоотой нь харьцуулахад энэ бол их том тоо гэдгийг ганц хоёрхон жишээн дээр харж болно. Жишээ нь нэг сургуульд Монголоос гурван оюутан сурч байхад Бразилаас ганц оюутан сурч байгаа тохиолдол ч байна. Дэлхийн шилдэг 100 сургуульд сурч байгаа энэ 100 оюутан Монголын ирээдүйг ямар нэг хэмжээгээр тодорхойлолцох л болно.
-Энэ 2015 онд оюутнуудад нийтдээ хэчнээн төгрөгийн тэтгэлэг олгохоор төсвийн тодотголд суулгах бол. Үндэсний тэтгэлэг авах босго голч оноо нь 2.0 байна гэсэн. Энэ ер нь ямар үндэслэлээр гаргаж ирсэн тоо вэ?
Дээд боловсрол эзэмшиж буй оюутан суралцагчдын нийгмийн баталгааг хангах замаар боловсролын чанарын түвшинг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах идэвхийг эдийн засгийн хөшүүрэгтэй зөв уялдуулж дэмжих зорилгоор 2011 оны долоодугаар сарын есний өдөр Монгол Улсын Их Хурал “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль”-ийг баталсан.
Үндэсний тэтгэлэг авах босго голч оноог 2.0-оор тогтоосон нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн үндсэн зорилго болон нийт суралцагчдын улсын дундаж сурлагын голч оноо 2.5-2.7 байгаатай уялдуулан тогтоосон тоо гэж ойлгож болно. Цаашид жил бүр голч оноог үе шаттай нэмэгдүүлэх зарчим баримталж байгаа.
2015 оны төсөвт Үндэсний тэтгэлэг олгох оюутны тоо 101 мянга 981, нийт санхүүжилт нь 71 тэрбум 590 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа.
-Шинэ Засгийн газар гарч ирснээр Шинжлэх ухааны салбарыг цомхотхож, эрдэм шинжилгээний ажил явуулах бааз суурь руу халдаж эхэллээ гэж эрдэмтэд бухимдаж байна. Ер нь энэ салбарын ирээдүй ямархуу өнгө төрхтэй харагдаж байгаа вэ?
Шинжлэх ухааны салбарт томоохон амжилтууд гарч байгааг та бид харж байгаа. Үндсэндээ Монгол Улсын Үндэсний хэмжээний таван их сургуулийг судалгааны сургууль болгох суурь баазыг нь бэлдэж байна. Хэдийгээр улсын эдийн засаг, санхүүгийн байдал тийм сайнгүй байгаа ч 2014 онд 10 гаруй тэрбум төгрөг шийдэж өгсөн. Тэгээд ч Боловсролын салбарыг боломжийн хэрээр төсөв санхүүгээр хангасаар ирснийг хэлэх ёстой.
2015 оны төсөвт Үндэсний тэтгэлэг олгох оюутны тоо 101 мянга 981, нийт санхүүжилт нь 71 тэрбум 590 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа.
Шинжлэх ухааны дэд бүтцийг дэлхийн жишигт нийцсэн шинэ шинжлэх ухааны судалгаа хийх бололцоог бий болгох анхы алхмыг 2014 онд тавьж чадлаа. Монгол судлаачид гартаа дэлхийн тэргүүлэх зэргийн судлаачдын барьдаг багаж тоног төхөөрөмжийг барьж, тэдний хэмжээнд шинжлэх ухааны нээлт гаргах орчин нөхцөл бүрдэх эхлэлийг ямар ч гэсэн тавьчихлаа.
Одоо Монголын эрдэмтэд Нобелийн шагнал хүртэж байгаа дэлхийн тэргүүлэх эрдэмтэд, судлаачидтай өрсөлдөх хэмжээнд ажиллах орчин нөхцөл бүрдэж эхэллээ гэж дүгнэж болно. Маш авьяаслаг олон эрдэмтэд гадаад, дотоодод бэлтгэгдэн ирж байна.
Одоо тэдний ажиллаж амьдрах нөхцлийг улам сайжруулах, дэлхийн тэргүүлэх судалгаа хийх нөхцөл байдалд илүү ойртуулах ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх ажил хүлээгдэж байна. Товчхондоо 2014 онд Боловсролын салбар бага, дунд, ахлах, дээд, шинжлэх ухаан гээд бүх салбарт ихээхэн амжилттай ажиллаж чадлаа.