Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2015.02.17

Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.17/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколын төсөл болон Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг зөвшилцөх тухай асуудал хэлэлцэв.

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулсан юм. Сайд танилцуулгадаа, Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьсан. ОХУ-ын ЭСЯ-ны ноот бичгээр тавьсан уг саналыг манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо судлаад хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар хоорондын баримт бичиг хэлбэрээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

 Энэ үндсэн дээр хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын протоколын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж зөвшөөрсөн юм.

Харин ОХУ-ын ЭСЯ-наас энэ сарын 10-ны өдөр ноот бичиг ирүүлж оросын тал төслүүдэд хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци гэж оруулах, 2012 оны 1 дүгээр сарын 1-нээс хойшхи ногдол ашгийг түүнд шилжүүлэх, 2011 оны 12 дугаар сарын 31-нээс өмнөх ногдол ашгийг ОХУ-ын төсөвт авах саналаа дахин тавьсан. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг нь протокол байхаар санал болгосон болно.

Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай холбогдох хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын протоколын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-ын холбогдох Байнгын хороотой дахин зөвшилцөхөөр оруулж байгааг дурдлаа.

Байнгын хорооны гишүүн Л.Цог, Д.Дэмбэрэл, О.Содбилэг, Н.Энхболд, Р.Амаржаргал нар төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан, гишүүн Н.Энхболд, Л.Цог, Л.Болд нар саналаа хэлсэн юм.

Ингээд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг зөвшилцөж, Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.