Бие даагчид хууль бөөндөж батлахыг эсэргүүцэв
2015.02.17

Бие даагчид хууль бөөндөж батлахыг эсэргүүцэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх голлох хуулийн төслүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, "Сүүлийн үед цагаан сар, баяр наадмын өмнө  олон чухал  хуулийг бөөнддөг хандлага гарч байна.  Ашигт малтмалын хууль,  Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал, Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах гээд чухал хуулийг сар шинийн баяр давхцуулан батлах гэж байна. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсноор төрийнхөө хувийг татвараар сольдог дэлхийд хаана ч байхгүй жишиг бий болно.    Үүн дээр бие даагчид хатуухан байр суурь баримтална” гэлээ.

 Мөн үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлаар байр сууриа  илэрхийлсэн юм. Тэрбээр “2015 оны төсвийн тодотгол хийж байх үед ЗГХЭГ-ын даргаас   2015 оны төсөвт Хөгжлийн банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт ирүүлсэн. Үүн дотор 17.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны санхүүжилтээр  санхүүжүүлэхээр оруулсан нь  Хөгжлийн банкны хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа.

Бид С.Баярцогтыг огцруулах асуудлыг гаргаж тавихаасаа өмнө шаардлага хүргүүлсэн. Хариу тайлбар ирүүлээгүй. Тайлбарт хариу ирүүлсэн бол асуудал илүү тодорхой болох байсан.   Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйл зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл төслүүдэд тавих шаардлагуудыг зөрчсөн. Уг шалгуурт гэр бүлийн компаниас зөвлөгөө авах тухай асуудал багтаагүй.

Төсвийн хуулийн хүрээнд ч ерөнхий зарчимд нийцэхгүй зүйл болсон. Хөгжлийн банкны хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцруулах асуудал тавьсан. Өөрөөр хэлбэл огцруулах  асуудал үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдгийг ярьдаг болохоос хүн гүтгэсэн асуудал ярьдаггүй. С.Баярцогт харин өөрөө асуудал тавьсан гишүүдийг өөрийг нь гүтгэсэн мэтээр гүтгэж  байна” гэлээ.