“Мөнгөн гүүр” эмнэлэг үүдээ нээлээ
Олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээний загвар төв болно
2015.02.16

“Мөнгөн гүүр” эмнэлэг үүдээ нээлээ

Олон улсын жишигт нийцсэн оношилгоо, эмчилгээний загвар төв болно

Энэ бол “Мөнгөн гүүр” эмнэлэг. Хэдхэн сарын өмнө дүрс оношилгооны төвөө ашиглалтад оруулж байсан тус эмнэлэг өнөөдрөөс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлж байгаа нь энэ юм. Бүх төрлийн өвчин эмгэгийн үеийн дүрс оношилгоо, ерөнхий мэс засал, гэмтэл согогийн бүх төрлийн мэс засал, гэмтэл, гэмтлийн дараах эмийн болон нөхөн сэргээх эмчилгээ, эмэгтэйчүүдийн, чих, хамар, хоолойн мэс засал, яаралтай тусламж, насанд хүрэгчдийн дотрын өвчний оношилгоо гээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэл нэлээд өргөн хүрээг хамардаг байна.

Мөн тус эмнэлэг хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ, уламжлалт анагаах ухаан, лабораторийн иж бүрдэл оношилгоо, ясны сийрэгжил тодорхойлох остеодэнситометр аппарат, сэргээн засах эмчилгээний тасгуудтай.

Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний чанар, менежментээрээ дэлхийд тэргүүлдэг Тайванийн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа “Мөнгөн гүүр” эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаанаас үүрэлцэхийн зэрэгцээ, шинэ дэвшилтэт технологи, шинэ үйлчилгээ, менежментийг эх орондоо нутагшуулахаар зорьж буй ажээ. Тус эмнэлгийн нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Б.Баясгалан, тус банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

“Бодь Интернэшнл" ХХК, “Голомт” банкны хувьд “Мөнгөн гүүр” эмнэлгийг байгуулах төслийг санхүүжүүлж, хөрөнгө оруулснаар 1.3 жилийн дотор энэхүү олон улсын жишигт хүрсэн орчин үеийн эмнэлгийг байгуулжээ.

Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, тэр хэрээр эрүүл мэндийн салбарын ачаалал ихэсч байгаа энэ үед ийм бүрэн хэмжээний бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжид суурилсан эмнэлэг үүдээ нээж байгаа нь талархууштай хэрэг гэдгийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нээлтийн ёслолын үеэр онцолсон юм.

“Мөнгөн гүүр” эмнэлгийн ТУЗ-ийн дарга Н.Цолмон олон улсын жишигт нийцсэн энэхүү эмнэлгийг Монголдоо байгуулах санал санаачилгыг дэмжин, төслийг санхүүжүүлсэн “Бодь Интернэшнл" ХХК болон “Голомт” банкны удирдлага, хамт олонд талархсанаа илэрхийлж байв. Мөн тэрээр энэ эмнэлгийг байгуулахад эх оронч сэтгэл гол цөм нь байсан бөгөөд гадаадад олон сая төгрөг зарцуулан оношилгоо, эмчилгээ хийлгэдгийг багасгаж, хилийн чанад руу гардаг тэр их мөнгөний урсгалыг эх орондоо үлдээхийг зорьсон гэдгээ онцолсон юм.

Ингээд нээлтийн ёслолын дараа “Мөнгөн гүүр” эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ үйл ажиллагаа, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг зочдодоо танилцууллаа. Тус эмнэлгийн нэг гол тасаг нь дүрс оношилгооны тасаг.

Уг тасгийн бүх аппаратууд тоон технологид суурилсан бөгөөд шинжилгээний дүрст мэдээлэл болон дүгнэлтийг дотоод цахим сүлжээгээр дамжуулан эмч нарт хүргэдэг байна. Тус төвийн рентген X-ray аппарат, 64 зүслэгт компьютер томографи, соронзон резонанс томографи MRI, элэгний хатуурал, өөхжилтийн хувийг тодорхойлох фиброскан, судсан дотуурх оношилгооны аппаратууд хамгийн сүүлийн үеийнх бөгөөд зарим нь Монголд анх оруулж ирсэн, зарим нь тун цөөн тоотой байдаг, хүчин чадал, үзүүлэлт өндөр, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүд ажээ.

“Мөнгөн гүүр” эмнэлгийн мэс заслын тасаг олон улсын стандартад нийцсэн 4 өрөө, эрчимт эмчилгээний хэсэгтэй. Олон улсын стандартад нийцсэн 0.3 микрограмм хэмжээтэй тоосонцор, нянг шүүдэг НЕРА филтерийн системийг агааржуулалтын системтэй холбож өгснөөрөө онцлог юм байна. Ингэснээр мэс заслын өрөөнөөс шалтгаалсан эрсдэлийг бүрэн арилгажээ. Энэхүү вакуум мэс заслын өрөөнүүд анхны хагалгаануудаа хийж эхэлсэн байна.

Ийнхүү тус эмнэлгийн бүх тасгаар орж, тоног төхөөрөмжүүдтэй нь танилцах аваас дор бүрнээ онцлогтой, шинэлэг, давуу талуудтай ажээ. Цаашид “Мөнгөн гүүр” эмнэлэг 24 цагаар үйл ажиллагаа явуулж, гэмтлийн дуудлагуудыг хүлээн авч, оношилгоо, эмчилгээг түргэн шуурхай үзүүлэхээр зорьж байгаа юм байна.