Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжинэ
Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.02.13

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжинэ

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн энэ оны анхны хуралдаан боллоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн дагуу Засгийн газар, МҮЭХ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөлтэйгөөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийг байгуулдаг бөгөөд  энэ удаагийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайдын 2015 оны 38 тоот захирамжаар шинэчлэн баталсан юм.

Үндэсний хороо шинэ бүрэлдэхүүнээрээ хийсэн анхны хурлаар Хөдөлмөрийн яамнаас эдийн засгийн хямралын үед ажлын байр бий болгох, хадгалахаас гадна ажил олоход хүндрэлтэй иргэдэд ур чадвар олгож ажилд зуучлахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцлээ.

Өнгөрсөн онд Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр есөн хөтөлбөр, нэг төсөл хэрэгжүүлсэн. Эдгээрийн үр дүн, хэрэгжилтийн явцад хийсэн үнэлгээг үндэслэн тоог цөөрүүлж, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар болсон бөгөөд энэ дагуу зарим хөтөлбөрийг нэгтгэж, заримыг нь зогсоох зэргээр шинэчилж өөрчлөлт оруулсныг Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хурлаар хэлэлцэж, 2015 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг баталлаа.

Энэ онд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Залуучууд, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрүүдийг боловсруулахдаа хүмүүст бэлэн мөнгө тараах хэлбэрээс аль болох татгалзахын хамт иргэдийг түр биш байнгын ажлын байртай болгох зорилго тавьжээ. 

Тухайлбал, “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд жижиг зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалахад иргэдийг хамруулан сургаж, орлогоор дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулах юм байна.

МСҮТ төгсч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн залуусын 40 хувь нь ажлын байраар хангагдаж чадахгүй байгааг өөрчлөх нь “Залуучууд, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийн нэг гол зорилго юм.  Зөвхөн МСҮТ төгсөгч ч биш 35-аас доош насны ажилгүй залуучууд, оюутнуудыг ч энэ хөтөлбөрт хамруулах аж. 

Тэдэнд тоног төхөөрөмжийн болон өөр бусад тодорхой дэмжлэгийг үзүүлснээр өөрөө өөртөө ажлын байр бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, улмаар дараагийн шатны мэргэжлийн боловсрол эзэмшихэд нь туслах, оюутан залуусыг цагийн болон түр ажлын байранд зуучлах зэргээр бодитой дэмжлэг үзүүлэх замаар ажлын байртай, орлоготой болгоход анхаарах юм байна.

Харин “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрт малчдыг малжуулах, хадлан тэжээл бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг төлөвлөжээ.

Шинээр болон шинэчлэн боловсруулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг 80,3 тэрбум төгрөгөөр батлахыг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний  зөвлөл дэмжиж,  Хөдөлмөрийн сайдад зөвлөмж болголоо.