С.Ганбаатар: 34 хувиа зарахын оронд 17 хувийг нэмж ав
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.02.16

С.Ганбаатар: 34 хувиа зарахын оронд 17 хувийг нэмж ав

УИХ-ын намрын ээлжит чуулганаар уул уурхайн салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төсөл нь Монголчуудад ашигтай байж чадах эсэхийг улстөрчид янз бүрээр тайлбарлаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах замаар "Оюу толгой"-н 34 хувиа зарах бэлтгэл хийж байгаа гэсэн хардлага байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

Мэдээж үүний эсрэг саналтай байгаа. Анх би "Оюу толгой"-н 34 хувийн эсрэг байр суурьтай байсан. С.Баярцогт гишүүнийг 34 хувийнхаа оронд роялтийгаа нэмэх хэрэгтэй. 10-15 хувиар нэмээд өгөөч гэж олон удаа хэлсэн. Яагаад өндөр хувиар нэмэх үндэслэлүүдийг нь хүртэл бичиж байсан. Роялти гэдэг нэг ёсондоо түрээс шүү дээ.

Тухайлбал, Төв аймагт лангуу ажиллуулаад сарын 50 мянган төгрөг өгөх Нарантуул дээр лангуу ажиллуулаад сарын 500 мянган төгрөг өгөхтэй адил. Гэхдээ Нарантуулын лангуу хямдхан байна гэж тооцоолж болно.

Лангуу нь өөрөө адилхан модон. Үүнтэй адил өнөөдөр Сибирт байгаа зэсийн орд, Африкийн зэсийн ордыг ашиглах адилхан.

Дэлхийн зах зээлийн үндсэн үйлдвэр бол Хятадын зах зээл.
 

Дэлхийн зах зээлийн үндсэн үйлдвэр бол Хятадын зах зээл. Үйлдвэрийнх нь амнаас 200 гаруйхан км-ийн зайд байгаа энэ уурхайн лангууны байршил нь Нарантуулын байршлаас ч илүү чухал байршил гэдгийг хэлж байгаа юм.

Ийм нарийн учрыг нь ярьсан. Дэлхий дээр тэр чигтээ роялти тав, 10 хувь байдаг гэж ярих дуртай. Дэлхийн лангуунуудаас илүү манайх дэлхийн үйлдвэртэй ойрхон лангуутай.

Роялтийг өнөөдөр 10-15 хувиар нэмэхгүй байж 34 хувиа зарна гэдэг байж болохгүй эх оронч бус асуудал болчихоод байна. Хэрэв 34 хувиа үзэн ядаад зарах гээд байгаа бол нэг зүйлийг хэлье. Анх бид 34 хувиа 700 сая ам.доллараар авсан. Энэ хүү нь явсаар өнөөдөр 900 гаруй сая ам.доллар болсон. Тэрбум ам.доллар хүрээгүй гэж болно.

Тэгэхээр 34 хувийн тал нь 17 хувь. Хэрэв 34 хувь нь тэрбум ам.доллар юм бол 17 хувь бол хамгийн ихдээ 500 сая доллар хүрнэ гэсэн үг. 34 хувиа зарахын оронд 17 хувийг нь Монгол 500 сая ам.доллараар худалдаад аваач. Бид 51 хувьтай болсон тохиолдолд зардлаа өөрсдөө хянана. "Оюу толгой"-н уурхай жил бүр нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байгаа. Гэтэл дандаа зардлаа худал бичдэг.

-Тэгвэл яагаад 17 хувиа авч болохгүй гэж?

17 хувийг авч болно. Гэтэл үүнд хүний сэтгэлээр хандаад байна.

-"Оюу толгой" алдагдалтай ажиллаж байгаа нэрээр олон зүйлээс чөлөөлөгдөж байгааг хэн хүнгүй хэлдэг. Үүнийг батлах тоо баримт танд бий юу?

Туг ч барьж, тугал ч хариулж явсан өвөг дээдэс маань эх орныхоо газар шороог бүрэн бүтэн хадгалж, асар их өв баялгийг бидэнд, ирээдүй хойчид минь өвлүүлсэн. Зөвхөн өмнийн говийн нэгээхэн хэсэгт байгаа Оюу толгойн 400 сая тонн зэс, 1,800 тонн алт, "Таван толгой"-н зургаан тэрбум тонн нүүрсний нөөцийг АНУ-ын ам.доллараар үнэлбэл 800,000,000,000 (800 тэрбум) болж байна.

Хэдийгээр ийм их боловч энэ нь хэзээ нэгэн цагт дуусч барагдах баялаг юм шүү. Зөвхөн өнгөрсөн онд "Оюу толгой"-гоос 185.9 мянган тонн зэс, 16 тонн алт, 30 тонн мөнгө аль хэдийнэ хил давж, борлуулалтын орлогын мөнгө нь Монголын банкаар дамжилгүй гадаадад гараад сураггүй болсон байна. Энэ зөөсөн баялгийг өнөөгийн зах зээлийн үнээр тооцож үзвэл 1,957,142,250 буюу хоёр тэрбум орчим ам.доллар. Чингис бондоос даруй хагас тэрбум ам.доллараар илүү болох нь. "Оюу толгой"-гоос өдөр бүр 5.4 сая ам.долларын баялаг гадагш урсаж байгаа.

Цаашид улам их хэмжээгээр гадагшилна. Хамгийн гайхамшигтай нь өдөр бүр урсан гарч буй энэ их баялгийн үр өгөөж Монголын ард түмэнд огтхон ч хүртээлгүй байхаар бид “тохиролцож” чадсан. Олон улсын зах зээл дээр зардал бол нийт борлуулалтынхаа 40 хувиас илүү хэтэрдэггүй. Харин эд нар өнөөдөр дандаа алдагдалтай ажиллуулж байгаа гэдэг. Учир нь өөрсдөө ашгаа зардлаар авч байгаа болохоор тэр.

Тиймээс цэвэр ашиг нь тэрбумаас илүү ам.доллар. Одоо өөрийнх нь зардал 9.4 тэрбум ам.доллар болсон байгаа. Бид есөн жилийн дараа гэхэд жил болгон тэрбум ам.долларын ашигтай ажилладаг уурхай болно. Зөвхөн далд уурхай энэ явцаараа 15 жил ажиллана.

Бид далд уурхай руугаа орохгүй байсан ч өнөөдөр үндсэндээ эндээс дахиад 10 тэрбум ам.долларыг ил уурхайгаасаа аваад үүнээсээ дөрвийг нь далд уурхайдаа хийхэд жил бүр 1-2 тэрбум ам.долларын ашигтай ажиллана. Цаашлаад доод тал нь 30-40 жил явна. Өөрсдийнх нь судалгаагаар 70 жил гээд байгаа.

-Ер нь стратегийн ач холбогдол бүхий 15 орд болон "Таван толгой"-н ирээдүй "Оюу толгой"-н хувь заяатай адилхан болно гэсэн зүйлийг ярьж байна. Тэгэхгүй гэх баталгаа байна уу?

"Оюу толгой"-н баялгийн олборлолт Монголын ард түмэнд ашиггүй, харин хөрөнгө оруулагч гэж нэрлэгдсэн хэрэг дээрээ өндөр хүүтэй зээл зуучлан тулгагч гадны нөхдөд асар өндөр ашигтайбайна. Газрын доорх үнэт эрдэнэсийг маань гэрээ, лиценз нэртэй цаасанд хувиргаж, бодит баялгийг гадагш зөөж байгаа хойно өндөр ашигтай байх нь гарцаагүй.

Нэг жишээ нь "Оюу толгой"-н гэрээ. Тодруулбал, "Оюу толгой"-н хувь нийлүүлэгчдийн гэрээ юм. Энэ гэрээгээр манай хамтрагч асар өндөр хүүтэй зээл оруулж ирэн, зөвхөн нэг өдрийн хүүд 1.5 сая ам.доллар буюу гурван тэрбум орчим төгрөг тооцон, түүндээ манай баялгаас зөөж байна.

Нэг жилд хагас тэрбум ам.долларын баялаг зээлийн хүүд, мөн төдий хэмжээний баялаг менежментийн төлбөрт урссаар байгаа. "Оюу толгой"-н хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөх талаар миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт удаа дараа хүсэлт, шаардлага, захидал хүргүүлээд нэг ч хариу авсангүй. Мөн хэтэрхий тэгш бус гэрээ, алдаатай үйл ажиллагаа байна гэж дэлхийд тэргүүлэгч гэх Рио Тинтогийн ерөнхий захиралд бичсэн ч манай эрхмүүдийн адил таг чиг.

"Оюу толгой"-н баялаг ийнхүү гадагш урсахтай зэрэгцээд дэлхийд хосгүй "Таван толгой"-н баялгаа ашиглана гэж манай төр засгийн эрх мэдэлтнүүд гэрээ хэлэлцээрийнхээ дунд ороод явж байна.Гэрээний явцад төмөр замыг 30 жил өмчлөх эрхийг “наймаалцаж” байгаа тухай сонсогдсон. Дайнд ялагдсан улс гүрэн эцсийн бүлэгт төмөр замын эрхээ өгч байсантай харьцуулаад бодоорой. "Таван толгой"-н энэ гэрээг бас нэг "Оюу толгой" шиг “цаасан колончлол” болгохгүй байхыг ард түмэндээ анхааруулахаас өөр арга алга.

-"Оюу толгой"-гоос Монголчуудын хүртэж байгаа хувь нь үнэхээр бага гэж боддог уу?

"Оюу толгой"-гоос Монголчуудад наалдаж байгаа нь ор хоосон биш ээ. Би хэзээ ч муу хэлэхгүй. 115 тэрбум төгрөгийн орлого ашиг, роялти өгч байна. Гэхдээ алдагдал ихтэй. Бидэнд татвар гэж байхгүй. Учир нь алдагдалтай ажиллаж байгаагаас тэр. Ногдол ашиг байхгүй. Өөр нэг зүйл бол Монголд ашиг орлого бий болсон бол тэндээс хувь хүний орлогын албан татварыг авах ёстой. Тэнд ажиллаж байгаа гадаад хүнээс Монголын Засгийн газарт татвар төлөхгүй байгаа.

Зөвхөн үүнээс гэхэд 130 сая ам.доллар буюу 240 тэрбум төгрөгийг авах ёстой. Татварын ерөнхий газар, Сангийн яамны хүмүүстэй хуйвалдаж үүнийгээ өгөхгүй, зувчуулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт өгсөн байгаа. “Эрдэнэт” үйлдвэрт оросууд адилхан ажиллаад цалин авдаг. Цалингаа Монголд авч байгаа учраас хувь хүний орлогын албан татвараа манай Засгийн газарт өгдөг.​ Би С.Баярцогт гишүүнийг дандаа муулдаггүй.

Түүний хэлснээс авууштай нэг сайн зүйл байгаа. Сайн ч юу байхав. Муутгачихаагүй нэг зүйл нь хуульд Монголын татварын хууль тогтоомжуудыг дэглүүлнэ гэсэн үг орсон байгаа. Өнөөдөр "Оюу толгой", Рио Тинто Монголын татварын хууль тогтоомжийг биелүүлэхгүй уландаа гишгэж байна. "Оюу толгой" компанид ажиллаж байгаа гадаадууд Монголчуудаас 28 дахин илүү цалин авдаг. 13 биш шүү. Одоо 28 болсон. Тэд манай Засгийн газарт хувь хүний албан татвар огт төлдөггүй. Энэ бол доромжлол. Зүгээр Монголын хууль надад хамаагүй гэсэн тайлбарыг хэлээд сууж байдаг.

-Уул уурхайн салбартай холбоотой өөр нэг зүйл нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудал. Үүнд ямар байр суурьтай байгаа бол?

Уул уурхайн сайд Р.Жигжидийн үгэнд итгэж байна уу эсвэл үнэхээр нутаг орноо гээд ядарч зүдэрч яваа нутгийн иргэдийн дуу хоолойд итгэх үү гэдгийг дүгнэх ганц зүйл бол бие даасан шинжээчдийн хөндлөнгийн дүгнэлт. Засгийн газарт биеэ үнэлчихсэн эрдэмтдийн ам уралдан ярьж байгаа үгэнд би итгэхгүй байна. "Оюу толгой" дээр говийн усыг ховх сорчихоод говь улам сайхан цэцгэлнэ гээд ярьж байгаа усны эрдэмтнийг хараад хэлэх үг олдоогүй. Ер нь  энэ осолтой асуудал.

Тэр иргэний хөдөлгөөнүүдийн итгэдэг эрдэмтдийн үгийг сонсох нь зүйтэй. Бид бас эрдэмтэдтэй харилцдаг. Хоёр талын эрдэмтэд асуудлыг ярьж, асуудалд хандах боломжийг Засгийн газар олгох ёстой. Миний авсан эрдэмтдийн дүгнэлтээр 10 давхар байшин шиг мөсөн давхаргын доор өвөг дээдсийн маань онгон шүтээн байгаа гэсэн.

Түүнийг хөндөхгүй гэсэн баталгааг мэдэхийн тулд миний итгэдэг эрдэмтэн энэ талаар ярих ёстой. Гэтэл Засгийн газраас мөнгө авсан эрдэмтэд ярьж байгаа нь аюултай болоод байгаа юм. Олон улсад маргааныг шуурхай зохицуулдаг механизм гэж бий. Энэ зүйл Монголд маш их дутагддаг гэж боддог. Баруунд томоохон хөтөлбөрүүд их сайн явдаг юм.

Сайн явж байгаа нь гурван өндөрлөгөөсөө айгаад юу ч асуудаггүй дээ биш. Асуудаг. Түүнд нь хариулдаг учраас сайн явж байгаа хэрэг. Хариулахдаа өөрсдийнх нь эрдэмтэд миний төлөөний эрдэмтэд хоорондоо ойлголцдог учраас сайн явдаг. Энэ ойлголцох механизмийг бий болгодог нь Ерөнхий сайдынх нь үндсэн ажил байдаг. Ер нь улстөрчдийг бүхнийг мэдэгч гэж сонгоогүй. Бүхнээс илүү итгэл даагаарай гэж сонгосон.

-Ганбаатар тэргүүтэй хэсэг улстөрчийг уул уурхайн салбараар худал улстөрждөг гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

МАНАН-гийн бүдүүн бүлэгт энэ боломж нь дандаа нээлттэй байгаа. Уул уурхай ярьснаараа их муулуулдаг. Хамгийн их муулуулдаг ажил гэж болно. Гэхдээ уул уурхайгаас бид ядуурлаа байхгүй болгоно. Уул уурхайгаас олон ажлын байр бий болгоно гэдэг итгэл үнэмшлээр би ярьдаг.

-Өнөөгийн гаргаж буй шийдвэрүүд гадныханд Монголчуудын тухай таагүй сэтгэгдэл төрүүлээд байх шиг?

Мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахаа больсон хэсэг улстөрчтэй сайхан ард түмэн байна гэж бодох байх даа. Манай улстөрчид барьцаалагдсан улстөрчид.

Гадны үндэстэн дамнасан корпорациудын барьцаанд орчихсон улстөрчид гэдгээ дэлхий нийтэд таниулна гэж бодохоос санаа зовж байна.

Тариаланчдын хувьд бол тариалангийн том бизнес эрхлэгчид байгаа.
 
-Саяхан талбай дээр жагссан тариаланчид таныг ордноос гарч ирж уулзахыг уриалж байсан. Тэдэнтэй уулзсан уу?

Юм болгон дээр очиж жагсах цаг зав надад байхгүй. Тариаланчдын хувьд бол тариалангийн том бизнес эрхлэгчид байгаа. Нэгдүгээрт, тэд үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулж, урьдчилан жагсаал хийх гэж байгаагаа, үүнийгээ дэмжээч гэсэн байдлаар ярих ёстой байсан. Гэвч надад нэг ч бичиг ирээгүй.

Хоёрдугаарт, би тэдэн дээр очиход үргэлж нээлттэй. Гэхдээ тэдний ажлыг хийж байгаа, тариалангийн компанийн ажилчдын эрх ашгийн төлөө очих ёстой болохоос эзний төлөө очно гэдэг хоёр дахин бодох ёстой асуудал. Түүнчлэн ажилчид нь, үйлдвэрчин нь надтай харьцаагүй байхад ч очиход бэлэн. Харин одоо Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөнтэй уулзахаар явах гэж байна.

аныг орон нутагт ажиллах үеэр иргэд ихэвчлэн ямар санал хүсэлт хэлж байв?

Монголыг аврах бүлгэмээ хурдан байгуулаач гэсэн хүсэлтийг хамгийн ихээр илэрхийлж байсан. Энэ талаар удахгүй ярих болно.