Эгийн голын төслийг хэрэгжүүлэхэд 10 сая ам.доллар шаардлагатай
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо
2015.02.17

Эгийн голын төслийг хэрэгжүүлэхэд 10 сая ам.доллар шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.17/ хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн хэсэгт Төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх ажлыг 2015 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэх гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг дэмжсэн юм.

Энэ арга хэмжээг эхлүүлснээр 2016 оноос жил бүр 10 сая тонноос доошгүй экспортыг хийнэ гэж тооцсон байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэх гэсэн санал олонхын дэмжлэг авлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж дууссан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд 810 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ажээ.

Гишүүд ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.