ОХУ-аас Монголд суугаа элчин сайд И.К.Азизовтай уулзлаа
Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам
2015.02.02

ОХУ-аас Монголд суугаа элчин сайд И.К.Азизовтай уулзлаа

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтай уулзлаа. 

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов хариуцлагатай алба хаших болсонд нь БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд баяр хүргэж, хоёр улс байгаль орчны салбарт уламжлалт хамтын ажиллагаатай, цаашид эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ. Тус улсын Байгаль орчны сайд Сергей Донской Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны комиссыг ахалж байгаа аж. Түүний Д.Оюунхорол сайдтай уулзах хүсэлтийг ноён Элчин сайд уламжилсан юм.  

2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хоёр улсын хил дамнасан ойн түймрийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан. Сүүлийн жилүүдэд хил дамнасан ойн түймэр хэд хэд гарчээ. Тиймээс түймэртэй хамтран тэмцэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг Элчин сайд И.К.Азизов хэллээ.

Мөн Элчин сайд Эгийн голын болон Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээний асуудалд анхаарал хандуулж байгаагаа хэллээ. Учир нь эдгээр усан цахилгаан станцууд Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр баригдана.  Тиймээс эл асуудлаар хамтран ажиллахыг хүссэн юм.

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, хоёр улсын байгаль хамгаалах уламжлалт хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх Элчин сайдын байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийллээ. 2008 оноос хойш энэ салбарын харилцаа хамтын ажиллагаа тийм ч идэвхтэй биш явж ирснийг тэмдэглэж, цаашид илүү өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Ялангуяа ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлж, тодорхой ажил хиймээр байна. Энэ жил дэлхийн дулаарлын нөлөө харьцангуй мэдрэгдэж, цас бага орсон, хуурайшилт ихтэй байгаа учир ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй гэв.

Монгол Улсын БОЯ, ОХУ-ын Ойн аж ахуйн алба хооронд ойн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээр 1995 онд байгуулагджээ. Уг хэлэлцээрийг шинэчлэн байгуулах шаардлагатайг БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол хэлсэн. ОХУ-тай ой модны салбарт хамтран ажиллах шаардлага байгааг ч тэмдэглэлээ. Тэрбээр мөн, БОНХАЖ-ын сайдын хувьд хулгайн модтой тэмцэх, ойг нөхөн сэргээх, ойн менежмэнтийг сайжруулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллаж эхэлснийг тэмдэглэж, зарим асуудлаар хойд хөрштэйгээ хамтрах асуудлаар тусгайлан ярилцана гэсэн юм. Мөн ОХУ-аас Монгол руу мод, модон материал импортлох хилийн боомтын тоог нэмэгдүүлэх саналыг Монголын талаас гаргадаг ч шийдвэрлэгдэлгүй өдий хүрчээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол УИХ-ын гишүүнээр Завхан аймгаас  гурван удаа сонгогдсон. Завханыхан Арцсуурийнхилийн боомтоор мод, модон бүтээгдэхүүн оруулж ирэх асуудлыг шийдвэрлэж өгөх асуудлыг удаа дараа тавьдаг ч одоо хүртэл шийдэгдэхгүй байгааг хэллээ. Сүүлийн үед Арцсуурийн хилийн боомтыг хаах асуудал ч яригдаж байгаа юм байна. Тиймээс Элчин сайдыг уг асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Арцсуурийн хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлбэл баруун бүс нутгийн хөгжилд нэмэртэй, иргэдийн амьдралд дэмтэй гэсэн юм.

Элчин сайд И.К.Азизов хариуд нь1995 оны гэрээг шинэчлэх хэрэгтэй гэдэгт санал нийлж байгаагаа хэллээ. Түүний хэлснээр, 1995 оноос хойш нэг хэсэг энэ гэрээний дагуу Оросоос Монгол руу мод, модон бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирж байжээ. Одоогоор энэ асуудал зогсонги байдалд байгаа ч цаашид анхан шатны боловсруулалт хийсэн мод, модон материалыг нэвтрүүлэх сонирхолтой байгаа гэв. Хэлэлцээрийг шинэчилсэн тохиолдолд ой, модны салбарт хамтын ажиллагаагаа сэргээх, эрчимжүүлэх боломж нээгдэхийг ч хэллээ.

ОХУ-ын талаас Тувагийн хил дээрх гурван боомтын нэг нь ажиллаж байгаа аж. Өнгөрсөн оны есдүгээр сарын 3-нд байгуулсан   Монгол, Оросын   төмөр замын хэлэлцээрт Эрдэнэтээс Мөрөн, цаашаа хил гарах төмөр зам тавих асуудлыг тусгажээ. Төмөр замын хамтын ажиллагаа энэ чиглэлд идэвхжвэл Арцсуурийн боомтыг хаах асуудал яригдахгүй болов уу гэж Элчин сайд хэлэв.