Хөдөлмөрийн сайд 33 захиралтай гэрээ үзэглэлээ
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлууд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай үр дүнгийн гэрээ байгуулжээ.
Нийт 33 сургуулийн захиралтай гэрээ үзэглэсэн байна. Түүнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудыг үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллахыг тусгасан байна.
Мөн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлжээ.
Хөдөлмөрийн яамны хувьд урт болон богино хугацааны сургалтаар мэргэжилтэй ажилтныг бэлтгэх бодлого барьж ажиллаж буй.
Гэрээ байгуулах үеэр Хөдөлмөрийн сайд "Ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, тогтвортой ажлын байранд зуучлах нь чухал шүү" хэмээн захилаа. Мөн "Бид сургасан одоо болоо. Ажил дээр гараад алдана уу, эндэнэ үү хамаагүй гээд хаядаг байж таарахгүй.
Ийм хандлага нь үргүй зардлыг бий болгож байгааг манай захирлууд сайн анхаарч, ажил олгогчтойгоо уялдаа холбоотой ажиллаж, мэргэжлийн ажилтан нь компаниас чөлөөлөгдсөн тохиолдолд учир шалтгааныг нь тодруулж, хэн дээр нь алдаа гарав гэдгийг нягталж, дараагийн мэргэжилтэй ажилтныг бэлтгэхэд анхаарч ажиллах шаардлага байгаа шүү" гэж байв. Монголын хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилтны хэрэгцээ асар их байгаа юм.
Тиймээс Хөдөлмөрийн яамны хувьд урт болон богино хугацааны сургалтаар мэргэжилтэй ажилтныг бэлтгэх бодлого барьж ажиллаж буй. Тухайлбал, 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсүүлэн сургах тоог Хөдөлмөрийн сайд баталж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 26095 суралцагч элсүүлэхээр хяналтын тоог баталжээ.
Энэ хичээлийн жилд элсэлт авч байгаа мэргэжлүүдийг бүс нутгаар авч үзвэл Улаанбаатарт нийт элсэгчдийн дийлэнх хувийг буюу 10968, Төвийн бүс 3260, Баруун бүс-4260, Хангайн бүс-3410, Говийн бүс-2715, Зүүн бүс-1485 сургалцагчийг бэлтгэх юм байна.
Суралцах мэргэжлүүдийг эдийн засгийн тэргүүлэх салбараар нь ангилж үзвэл барилга, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарт тус тус давамгайлж байна. Элсэлт авах мэргэжлүүдийг жагсаавал барилгын засал чимэглэлчин, тогооч, гагнуурчин, автомашины, засварчин, барилгын сантехникч зэрэг мэргэжлүүд давамгайлж байгаа аж.