Ерөнхийлөгчийн лекцийг 350 гаруй эрдэмтэн сонсов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр лекц уншлаа
2014.03.17

Ерөнхийлөгчийн лекцийг 350 гаруй эрдэмтэн сонсов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШУТИС-ийн төв байранд их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачдад зориулан “Хөгжлийн асуудлаар...” сэдвээр лекц уншлаа.

Лекцийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч ШУТИС-ийн “Cloud university” программын төвөөр зочиллоо. “Cloud university” программын талаар Е-нээлттэй сургуулийн захирал Я.Наранцэцэг танилцуулсан юм. ШУТИС-д тун удахгүй “Cloud” их сургууль нээгдэхэд бэлэн болсон байна. Ингэснээр оюутнуудын элсэлт, хичээлийн сонголт, хичээлийн хуваарь, сургалтын төлбөр, тооцоо, төгсөгчдийн дипломын хуулбар зэргийг онлайнаар хэрэглэгчдэд нь дамжуулах бөгөөд ШУТИС-ийн 30 мянга гаруй оюутан онлайн үйлчилгээ авч байгаа юм байна. Мөн эцэг эхчүүдэд онлайнаар мэдээлэл өгч байхаар болжээ. Бусад их, дээд сургууль, төрийн байгууллагуудад д онлайн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэлээ.

Мөн тэргүүн проректор Д.Батчулуун “Шилэн түрийвч” программыг танилцууллаа. Санхүүгийн чиглэлийн ажил, үйлчилгээ, ажилтнуудын хариуцлагад хяналт тавих зориулалтаар уг программыг хэрэглэх юм байна. Мөнгөн гүйлгээ, ажилтнуудын цаг ашиглалт, ажлын гүйцэтгэл, эд хогшлын бүртгэл зэргийг түүгээр хянах ажээ.

“Хөгжлийн асуудлаар...” лекцээ эхлэхийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрдэмтэн, судлаачдын дунд “Хөгжил гэж юуг ойлгож байна вэ”, “Дээд боловсролыг хөгжүүлэхэд юу саад болж байна” гэсэн хоёр асуулт тавьж хариулт авсан юм.

Эрдэмтэд, судлаач нар эдгээр асуултад өөр өөрийн байр сууринаас хариулт өгөв. Тухайлбал, ШУТИС-ийн профессор н.Дашжамц “Хөгжил инновацид тулгуурлана” гэсэн бол ХААИС-ийн профессор н.Чулуунбат “Хөгжил бол зохион байгуулалт”, ШУТИС-ийн профессор н.Балдангомбо “Гол тулгуур нь хүний хөгжил”, ЭМШУИС-ийн багш н.Батбаатар “Хөгжлийн гарц бол шинжлэх ухаан” гэх зэргээр хариулт өгөв. Мөн Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх ёстой гэцгээж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уншсан “Хөгжлийн асуудлаар...” сэдэвт лекцийг 350 гаруй эрдэмтэн, судлаач сонсов.