Техник технологийн дээд сургуулийг дэмжинэ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.03.05

Техник технологийн дээд сургуулийг дэмжинэ

Барилгын мэргэжлийн жишиг сургуулийн нэг болох Техник технологийн дээд сургуулийн сургалт, дадлагын газартай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцлаа.

Анх 1984 онд Барилгын техник мэргэжлийн 5 дугаар дунд сургууль нэртэйгээр байгуулагдсан тус сургууль өнөөдөр мэргэжлийн сургалт, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дээд боловсролыг элсэгчдэдээ олгож байна.  Төгсөгчдийн ажил эрхэлт 91 хувьтай байдаг нь зөвхөн онолын хичээлээс гадна дадлагыг маш сайн эзэмшүүлдэгт оршдог гэж сургуулийн удирдлагууд танилцуулж байв.

Техник технологийн дээд сургууль нь барилгын салбарт Заг, Нийслэл өргөө, Эрэл барилга, Монтер, Сан, Хурд зэрэг 50 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг байна. Зөвхөн барилга гэлтгүй авто зам, хоол үйлдвэрлэл, зочид буудлын салбарын урдаа барьдаг компаниуд хамтран ажиллаж төгсөгчдийг нь ажлын байранд авдаг гэж танилцууллаа.

Энэ сургуулийн гол онцлог болох дадлагын газрын анги танхимыг Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр тохижуулжээ. Сургалтын орчин материаллаг бааз сайтай,  оюутнуудаа дадлага хийх боломжоор маш сайн хангаж өгсөнтэй салбарын сайд танилцав.

Зөвхөн барилга гэлтгүй авто зам, хоол үйлдвэрлэл, зочид буудлын салбарын урдаа барьдаг компаниуд хамтран ажиллаж төгсөгчдийг нь ажлын байранд авдаг гэж танилцууллаа.

Одоо сургуулийн зүгээс сургуулийнхаа байрыг томсгох, ажил олгогчдын зүгээс тавьж буй хүсэлтийн дагуу жилийн дөрвөн улиралд сургалт явуулах шаардлага байна.  Өөрийн эзэмшлийн газар дээр дэлхийн жишигт нийцсэн оюутны хотхон байгуулах, цаашлаад сургуулийнхаа материаллаг бааз дээр түшиглээд орой, эчнээ ангийн сургалтыг явуулах төлөвлөгөөтэй гэдгээ танилцууллаа.

Үйлдвэрлэл дээр гараад цагаан захтаны байр сууринаас  хандахгүй,  барилгын ажлаас цэрвэхгүй мэргэжилтэн бэлдэж чадна. Иймд салбарын яамны зүгээс мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах зэрэгт хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Сайд Ц.Баярсайхан барилгын компаниуд мэргэжилтэй боловсон хүчний эрэлд гардаг.  Иймд  орой, эчнээ, зайн боловсролыг богино хугацаанд олгож инженерийн боловсрол олгох хэрэгцээ барилгын салбарт бийг хэлээд тус сургуулийн хүсэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.