БШУЯ-наас тайлбар хийв
Боловсрол, шинжлэх ухааны яам
2014.02.12

БШУЯ-наас тайлбар хийв

Уран зохиолын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн мэдээлэл гадуур тархсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны тайлбар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр Засгийн газрын 1111 төвд ажиллах үеэр уран зохиолын хичээл хасагдахгүйг тодорхой хэлсэн юм.

Харин тус яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Сургалтын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасна гэж байхгүй. Монгол хэл, уран зохиолын хичээл бол аливаа хичээлийн суурь байх ёстой. Тийм ч үүднээс уран зохиолын хичээлийг бусад хичээлтэй уялдуулна гэсэн болохоос хасна гэж яриагүй. Уран зохиолын хичээлийн цагийг харин ч нэмэх бодлого барина” гэж хэлсэн.

Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээлийг дунд ангиас эхлэн тусгай хичээлээр судалж байна. Сургалтын төлөвлөгөөнд 10-12 ангид монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийн нийлүүлсэн байдаг ч хичээлийн сургалтын хөтөлбөрийг тус тусад нь баталж, багш нар тусгай хичээлээр зааж байгааг албаныхан хэллээ. Мөн 7-12 дугаар ангид уран зохиолын хичээлийн сурах бичгийг тусад нь хэвлэн хэрэглэж байна.