УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.11.18

Я.Санжмятав: МСҮТ-д суралцагчдын нарийвчилсан бүртгэлийг ондоо багтааж хийнэ

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрсөн баасан гаригт 21 аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, МСҮТ-ийн захирлуудтай видео хурал хийлээ. Ажилтай, орлоготой монгол хүн бий болгох нь Шинэчлэлийн Засгийн газрын зорилтуудын нэг. Тиймээс тусгайлан Хөдөлмөрийн яам байгуулан ажиллаж буй билээ.

Тус яамнаас дээрх видео хурлыг анх удаа зохион байгуулж, хийж байгаа ажлаа танилцуулаад энэ оны ажлаа дүгнэх үүрэг өглөө. Мөн орон нутгийнхны санал бодлыг сонссон. Ирэх оны улсын төсөвт үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулж 13.8 тэрбум төгрөг хуваарилсан юм байна.

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндэсний хөтөлбөрийг дээрх яамнаас хэрэгжүүлж буй. Үүний тулд сургалтын орчноо сайжруулах нь чухал. Тиймээс сайдын багцаас хөрөнгө гаргаж, сургууль тус бүр нэг трактор авах боломж бүрдүүлжээ. Нэг сургуульд таван сая төгрөг ногдох бөгөөд үүнийгээ Тариалан эрхлэлтийг сангаар дамжуулан авах гэнэ.

Мөн дадлагын цагаан тоосго нь муудсан талаарх гомдол олон сургуулиас ирснийг шийдэж өгчээ. Сургуулиудын захирал, Хөдөлмөрийн хэлтсийнхэн нүүр тулсан ийм уулзалт хийж байгаад талархаж байлаа. Зарим сургуулийн оюутны тэтгэлэг шилжиж ирээгүй байна зэрэг асуудлаа тэд хэлсэн.

Сайдын зүгээс ирэх оны ажлаа арванхоёрдугаар сардаа багтаан төлөвлөх үүрэг өгөв. Мөн он гараад 23 мянган хүүхэд МСҮТ төгсөх учир одооноос аймаг, орон нутагтаа хэдий хэмжээний ажлын байр гарах, ямар мэргэжилтэн шаардлагатай талаарх тоо судалгааг гаргахыг үүрэгдсэн.

Хөдөлмөрийн хэлтсүүд, МСҮТ-ийнхөн хөдөлмөрийн биржид шаардлагатай мэргэжилтэн, төгсөгчдийнхөө талаарх мэдээллийг байршуулах ёстой болж байна. Түүнчлэн УИХ-аас ирэх оны төсвийг батлахдаа МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийн хэмжээг 45.000 төгрөг байсныг 70.000 төгрөг болгож нэмсэнд талархлаа илэрхийлж байлаа.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас зарим зүйл тодрууллаа.

-УИХ-аар улсын төсвийг баталлаа. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулж анх удаа төсөв хуваарилсан юм байна. Мөн МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийн хэмжээг нэмлээ. Энэ бүхэнд нийт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Хэдийгээр төсөв хүнд байгаа ч МСҮТ-д суралцагчдад сард олгодог тэтгэмжийг 70.000 төгрөг болгож нэмлээ. Үүнд 12.8 тэрбум төгрөг шаардагдаж байгаа. Мөн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс Оюутолгойгоос жилд 13 тэрбум төгрөгийн дэмжлэг авч хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ онд улсын төсвөөс мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулж 13.8 тэрбум төгрөг хуваарилжээ.

Өнгөрсөн онд бид 3300 мэргэжилтэн бэлтгэх хөрөнгөөр 7000 боловсон хүчин бэлтгэсэн. Тэгвэл энэ онд улсын төсвөөс мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд зориулж 13.8 тэрбум төгрөг хуваарилж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгохоор боллоо.

-Тэтгэлгийн хэмжээ нэмэхтэй зэрэгцүүлээд МСҮТ-д суралцагчдын нарийн бүртгэл гаргах үүргийг УИХ-аас өгсөн.

-Зарим сургуульд шалгалт хийхэд оюутны тоогоо нэмсэн, давхардуулсан гэх мэт зөрчил гарсан. Тиймээс МСҮТ-д суралцагчдын тоог нягталж, нарийвчилсан бүртгэлтэй болно. Энэ ажлыг арванхоёрдугаар сарын 1-ний дотор хийх юм. Ингээд мөнгө хэмнэгдвэл сургалтын орчноо сайжруулахад зориулна.

-Одоо МСҮТ-д нийт хэдэн хүүхэд суралцаж байна вэ. Ирэх онд төгсөх залуусыг ажлын байраар хангах талаар Хөдөлмөрийн яам ямар арга хэмжээ авч байна?

-47 мянган хүүхэд сурч буйн 23 мянга нь төгсөнө. Мөн үндэсний 7000 мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ. Тэгэхээр 30 мянган хүнийг ажлын байраар хангах ёстой болж байна. Хөдөлмөрийн яам мөн 50 мянган ажлын байр бий болгох зорилттой байгаа. Эцсийн тоогоо он гаргаад зарлана.

Төгсөгчдөө ажлын байраар хангахын тулд орон нутагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм, үүнийг сая ярилцсан. Улсын төсөв баталсан учраас одоо аймгийн ИТХ хуралдаж, төсвөө хэлэлцэнэ. Ингэхдээ тухайн аймагт хэдэн ажлын байр бий болгох, хэдэн хүн сургах боломж байгаагаа тооцох хэрэгтэй гэдгийг сая санууллаа.