Л.Гантөмөр: Хүүхэдтэй ойрхон улс төрч хүчтэй байдаг шүү дээ
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд салбартаа хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийнхээ ойг чимээ багатайхан өнгөрөөж байна. Магадгүй сайд нар маань зав муутай байгаа байх?
-Засгийн газрын хувьд 100 хоног их чухал байдаг. Энэ хугацаанд ерөнхий боддогоо гаргаж түүнийгээ цаасан дээр буулгаж, төлөвлөж олон нийтэд хүргэдэг. 100 хоногт гаргасан бодлого, хөтөлбөрийг ард түмэн ямар ч эсэргүүцэлгүй хүлээж авдаг.
Тиймээс Засгийн газар 100 хоног дээрээ дуулиантайгаар ажлын танилцуулга хийдэг. Хамгийн гол нь өөрсдийгөө магтаж танилцуулахаас илүү хамгийн хэцүү шийдлүүдийг энэ үед гаргадаг. Бүтэн дөрвөн жил үргэлжлэх ажил шүү дээ. Түүнээс хойш тогтмол үйл ажиллагаандаа шилждэг учраас нэг жилийн ой гээд шуугиан тариад байх шаардлага байхгүй.
Нөгөө талаас дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд бид иргэдэд тогтмол нээлттэй байх бодлогыг барилаа. Энэ бол тухайн Засгийн газрын онцлог. Өмнө нь Ерөнхий сайдыг олж ярилцлага авна гэдэг бүтэхгүй ажил байсан бол одоо долоо хоног бүр. уулзаж байна. Тэмдэглэлт өдрүүд гаргаж мөн л үйл ажиллагаагаа нээлттэй байдлаар иргэддээ хүргэж байна. Энэ бол нэг талаараа иргэд рүүгээ ойртож байгаа хэрэг.
-Эдийн засгийн байдал хүндэрч байна. Үүнтэй уялдаад танай салбарт хийгдэх бүгээн байгуулалтын ажил удааширсан байх. Ер нь эдийн засгийн уналтыг сайд хүний хувьд яаж харж байгаа вэ?
Сүүлийн 20 жил уул уурхайгаас олсон орлогоо багш, цагдаадаа цалин, эмнэлгийн зардал болгоод дууссан.
-Эдийн засгийн уналт их холоос ирсэн шүү дээ. Өнөөдөр хэн нэгний буруу гээд байх зүйл биш. Хамгийн гол нь манайхан уул уурхайгаас олсон орлогыг уул уурхайд нь зараагүй. Сайн дэлгүүртэй бизнесмэн дэлгүүрээс олсон ашгаа буцаагаад дэлгүүртээ л зардаг, томруулдаг, бараагаа нэмдэг биз дээ.
Гэтэл манайхан уул уурхайгаас олсон мөнгөө зүгээр л тараачихсан. Тэгсэн хэрнээ ашиг олж байгаа уул уурхайгаа дэмжих биш бүх түвшиндээ эсэргүүцсэн. Хөдөө баг, сум, аймаг, Засгийн газар, УИХ дээрээ. Хаанаас орлого орж ирж байна вэ гэдгээ олж хараагүй. Зарим нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаараа амьдарна гээд байгаа. Гэтэл мал аж ахуйг аав ээж маань биднээс сайн эрхэлж байсан. Гэсэн хэрнээ тэд одоогийнх шиг том шилэн байшин, хатуу хучилттай зам тавих мөнгөгүй л байсан.
Нөгөөтэйгүүр манайхан сүүлийн 20 жил уул уурхайгаас олсон орлогоо багш, цагдаадаа цалин, эмнэлгийн зардал болгоод дууссан. Ингээд бодохоор бид ямар ч юмыг жаахан бодитой харж сурмаар байна. Уул уурхайн хүчээр цахилгаан, замаа тавьж, сайн боловсрол олж байна гэдгээ л ойлгох хэрэгтэй болж байна. Тэгж чадах юм бол хөгжинө. Яг үнэнийг хэлэхэд уул уурхайгүйгээр манай улс хөгжихгүй.
Тиймээс уул уурхайн салбарыг яаж хөгжүүлэх вэ, яаж зөв голдьролд нь оруулах вэ гэдгийг ард түмэн, улстөрчид, Засгийн газар ч бодох хэрэгтэй болж байна. Түүнээс биш хэн нэгний алдаатай үйл ажиллагаа гэж хэлмээргүй байна. Бид гурван парламент дамжаад уул уурхайг эсэргүүцэх ажил хийсэн.
-Дан ганц уул уурхай гэлгүй өөр хүчин зүйлс байсан л байх. Тухайлбал, энэ Засгийн газар өмнөх Засгийн газраас их хэмжээний өр хүлээж авсан шүү дээ?
-Уул уурхайгаа дэмжээгүй л байхгүй юу. Дэмжлэггүй байна гэдэг унахад бэлэн гэсэн үг. Дээрээс нь гадна зах зээл дээр ашигт малтмалын үнэ уначихлаа, дэлхийн бирж дээр уул уурхайн бизнес зогсчихлоо. Гадна, дотно нөхцөл байдал аль аль нь муу байна.
Бидэнд уул уурхайгаас мөнгө авсан, сайн сайхан үе байсан. Харамсалтай нь авсан мөнгөө уул уурхайн дэд бүтцийг тавих, буулгах талбайг нь бэлтгэх, дахин боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийсэнгүй. Хэрэв тэгсэн бол бид өнөөдөр цэвэрхэн сууж байх ёстой. Гэтэл бидний тэр тусмаа эрх баригчдын алдаанаас болоод ийм байдалтай байна. Одоо харин нийгмээрээ нэг алхъя гэвэл уул уурхайгаа дэмжих ёстой.
Нийгмээрээ, нийтээрээ уул уурхайгаа дэмжихгүй гэвэл хойшоо ухаръя. Өөр арга байхгүй. Өнөөдрийг өнгөрөөж болно, маргаашийг давж болно. Гэтэл урт удаан хугацаанд арав, хорь... магадгүй тавин жилийн дараах Монголыг төсөөлөөд үзэхээр өнөөдөр яах аргагүй л урагшаа сайн гүйх хэрэгтэй болж байна. Тэгж байж бид бариа руугаа зөв орохоор харагдаад байна.
Тэгэхгүйгээр энэ их даяаршиж буй ертөнцийг бид уншихын арга алга. Одоо дэлхийн хаана хамгийн их бусдад олзлогдож, хүнд байдалд байна вэ гэхээр эдийн засгаа босгож чадаагүй орнууд тийм байдалтай байна. Сири, Египет, Африкийн орнууд. Миний хувьд төр түшилцэж, сайн явуулах үүрэгтэй учраас уул уурхайгаа дэмжих хэрэгтэй гэж хэлээд байгаа юм.
Түүнээс биш философи талаасаа монголчууд аргалаа түлээд, адуугаа хариулаад амьдарч болно л доо. Сайхан амьдрал. Гэтэл өнөөдрийн монголчуудын хэд нь тэр амьдралаар амьдрах чадалтай, боломжтой байна вэ гэдэг чухал. Миний аав ээж чадаж байсан. Миний хувьд тэгж амьдарч чадна гэдэгтээ итгэлгүй байна. Миний хүүхэд бол бүр ч чадахгүй. Тэгэхээр бид худдаа философи, онолоор гоё үлгэр зохиогоод буруу тийшээ хөтөлж болохгүй биз дээ.
-Өнөөдөр цэцэрлэг сургуулийн хүрэлцээний асуудлыг нийтээрээ ярьж байна. Энэ бол гэнэт өнөөдөр гараад ирсэн хүндрэл биш шүү дээ. Та 2015 он гэхэд Монгол Улс энэ хүндрэлээс гарна гэж хэлж байна?
-Цэцэрлэгийн хүрэлцээний асуудал манайд анх огт байгаагүй биз дээ. 1930 онд манай улс нэг ч цэцэрлэггүй байсан. Тэгээд бага багаар байгуулж явсаар өнөөдрийг хүрсэн нь энэ. Гэтэл манай улс чинь социалист маягийн улс.
Бүх зардлыг төр даана гэдэг хачин үзэлтэй. Цөөхөн хүн амтай учраас үүнийгээ зоригтой хэлдэг байх л даа. Бусад орнууд цэцэрлэгийн зардлыг даадаггүй, ЕБС-иас бага, дундыг нь даана. Дээд боловсрол бол бүр хол хоцорно. Гэтэл манайд цэцэрлэг, ЕБС нь үнэгүй. Эцэстээ бүр дээд боловсролыг хүртэл үнэгүй болгох хуулийн төсөл санаачлаад явж байна. Энэ хэв маяг руу нэгэнт орсон учраас ухрах улстөрийн эр зориг хэнд ч байхгүй.
Хэрэв ирээдүйд уул уурхайгаа дэмжихгүй, улс орны орлого муудаад ирэх юм бол цэцэрлэгээ хүчээр төлбөртэй болгохоос аргагүй. Хоолны мөнгө, зардлыг эцэг эх даадаг болно. Төрөөс даана гэдэг мөнгөтэй үед л хийдэг ажил. Тэгэхээр миний хувьд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг 2015 он гэхэд бүрэн шийдвэрлэнэ гэдэг маань хэрэв уул уурхайгаа дэмжсэн бодлого явуулж чадвал шүү дээ.
Гантөмөр яагаад боловсролын сайд байж уул уурхайг дэмжих хэрэгтэй гээд байна вэ гэх хүн гарч мэднэ. Тэгвэл боловсролоо дэмжиж, хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй байна. Ийм хэмжээний мөнгө олох салбар Монголд уул уурхайгаас өөр байхгүй. Тиймээс би эдийн засгийн өсөлтийг 11-15 хувь төсөөлж ийм төлөвлөлт хийж байгаа. Энэ бодлогыг Засгийн газраас шаардах үүрэгтэй. Энэ Монголын ирээдүй болох хүүхдүүдэд хэрэгтэй байна. Тэр мөнгийг олох хэрэгтэй. Тэр бодлогыг Засгийн газар явуулах ёстой.
-Өнөөдөр та бид хоёрыг ийн яриад сууж байхад иргэдэд хүүхдийнхээ боловсролд хөрөнгөө зарах ухамсар сэтгэлгээ дутуу байна. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэх бүрт л бухимддаг хэвээрээ байна шүү дээ?
Их сургууль 12 хувиар төлбөрөө нэмж байна. Тэр хүүхдэд өгч байгаа сургалтын чанар 12 хувиар сайжирна гэсэн үг.
-Өнөөдөр манайхан эд худалдаж авахад л мөнгө зардаг гэж ойлгоод байгаа. Гэтэл хамгийн том хөрөнгө оруулалт бол хүүхдийн боловсрол. Зарим их сургууль 12 хувиар төлбөрөө нэмж байна. Тэр хүүхдэд өгч байгаа сургалтын чанар 12 хувиар сайжирна гэсэн үг шүү дээ.
Сургуулиудад би нэг л үүрэг өгч байгаа. Та бүхэн сургалтын төлбөрөө нэмэх юм бол энэ төлбөр яагаад нэмэгдэв, төлбөрөөс ямар үйлчилгээ авах вэ гэдгээ нэг бүрчлэн хэл гэж байгаа. Хэрэв чи энэ төлбөрийг төлөхгүй бол хүйтэн ангид сууж, магистр зэрэгтэй багшаар хичээл заалгах уу, мөнгөө төлөөд дулаахан ангид, тусгай лабораторид доктор багшаар хичээл заалгаад, үнэгүй интернэт ашиглах уу.
Алийг нь сонгохоо өөрөө шийд гэж байгаа юм. Манайхан дипломын араас яваад байгаа болохоороо төлбөр яриад байна. Хэрэв сургалтын араас явж байгаа бол өөр зүйл ярина. Би юу сурах вэ, ингэснээр юу өөрчлөгдөх вэ гэдгээ л ярьдаг болно. Тиймээс миний хувьд сургалтын төлбөрийг харин өндөр, өндөр нэмэхгүй бол болохгүй гэдэг санал гаргаад байгааг чадах чинээгээрээ хазаарлаж байгаа.
Гэхдээ тэр оролцоогоо би хуулийн дагуу, сайн дурын хэлбэрээр ярилцаж байгаа. ТУЗ-д нь бүрэн эрх нь байгаа. Тэд шийдвэрээ гаргаад л явах асуудал.
-Засгийн газраас “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Тэгэхээр энэ нь өнөөх хүүхэд нэг бүртэй ойр ажиллах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тулж ажиллах гэсэн бодлого гэж харж байгаа. Зөв үү?
-Хуучин манай боловсролын системд ганц хоёр элит төрүүлэхэд анхаардаг байсан. Нэг ангид гурван онц сурлагатан байдаг бусдыг нь хаядаг. Хаягдаж байгаа хэсгээ сайн байгаа хоёр, гурвынхаа стандартад аваачиж дарамталдаг.
Өөрөөр хэлбэл, математикт тааруухан хүүхдийг ойлгохыг хүсэхгүй, заавал сайн байх ёстой гэж үздэг байлаа. Тэгэхээр бидний шинэчлэл хүүхэд бүрийн чаддаг юмыг гаргаж ирэх. Чаддаг зүйлд нь дадуулж сайн болгох. Гарын дүйтэй бол түүгээр нь хөгжүүлэх. Хүн ямар нэг байдлаар итгэл авч байж түүгээрээ хөгждөг. Хүүхэд өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл хийж үзээд, түүнээсээ урам авч тэр үйлдлээр олж авдаг юм байна. Үгээр биш, бодлоор биш үйлдлээр.
Тэгэхээр хүний хамгийн чухал зүйл бол хүний үйлдэл, тэр зөв үйлдэл дотор байгаа хамгийн том программ бол өөртөө итгэх итгэл. Тэр итгэлийг хүүхэд өөрийнхөө хамгийн сайн чаддаг юмаар л олж авдаг байхгүй юу. Намайг энгийн зүйл ярьж байна гэж та хэлэх байх. Тэгэхээр хүүхэд бүрийн авьяасыг нээ л гэж хэлээд байгаа юм. Хүүхэд гэдэг нийт массын тухай биш хүүхэд нэг бүрийн ирээдүйг хараад, өнөөдрийг нь хараад аль дуртай зүйл рүү нь чиглүүлж өгөх хэрэгтэй. Ингэж чадсан нөхцөлд ном сурах асуудал биш.
-Энэ үнэхээр бодит хөрсөн дээр ажил болоод явж чадвал хэрэг- тэй байна. Яг таны яриад байгаа технологийн дагуу хөгжих боломж нь ямар байх вэ?
Багш нар хуучин программын дагуу биш хүүхэд бүр хичээлээ ойлгож уу, хэн юугаа ойлгоогүй байна вэ гэдгийг аль хэдийнэ анхаардаг болсон.
-Энэ хөтөлбөр маш амжилттай хэрэгжээд явж байгаа. Өнгөрсөн хичээлийн жилд 300 гаруй хүүхэд ямар нэгэн дугуйлан секцэнд хамрагдсан. Багш нар хуучин программын дагуу биш хүүхэд бүр хичээлээ ойлгож уу, хэн юугаа ойлгоогүй байна вэ гэдгийг аль хэдийнэ анхаардаг болсон.
Тэгээд ойлгоогүй зүйлийг нь заавал ойлгуулдаг болсон. Нэг ёсондоо багш нар хүүхдэд хэлж байгаа үг болгоныхоо учрыг гаргаж хэлнэ. Багшийн зааж байгаа хичээлийг хүүхэд бүрэн бүтнээр нь авч байна. Ямар орчинд өссөн байна, түүнд нь ойрхон зүйлээр төсөөлүүлж хичээлээ зааж байна.
Худалдаачны хүүхэд таван талхны нэгийг мянган төгрөгөөр зарвал хэдэн төгрөгтэй болох вэ гэдгийг цээжээр мэдцэг биз дээ. Яг үүнд л тулгуурлаж хичээлээ заана гэсэн үг. Хүүхэд бүрийн тархинд өөр өөр мэдээлэл байгаа. Тэр бүхнийг дайчилдаг технологи бол бидний энэ нэвтрүүлж буй арга.
Өмнө нь цээжлүүлдэг байсан бол одоо ойлгуулдаг. Юу сурах гээд байгаагаа эхэлж ойлгоод дараа нь юу сурахаа ойлгодог байна гэсэн үг. Өмнөхөө ойлгоогүй хүүхдэд дараагийнхыг заана гэсэн ойлголт байхгүй. Би шинэ журам гаргасан. Багш 1+1 гэдгийг арван хоног ч зааж болно. Хамгийн гол нь тэр хүүхэд бүтэн ойлголт авсан байх ёстой. Хэрэв ойлгоогүй алдсан зүйл гарвал цаг гаргаж ойлготол нь заах эрхийг нь багшид нь өгье гэж байгаа юм.
-Үүнийг хэрэгжүүлж гардаж хийж байгаа багш нар маань хэр сайн бэлтгэгдсэн бэ?
-Энэ зун гэхэд бид 12 мянган багшаа энэ чиглэлээр бэлтгэлээ. Багш нар мундаг шүү дээ. Өдөр болгон нэг ажлаа давтамжтайгаар амьдаар хийдэг хүмүүс бол багш нар. Ингээд таван жил ажиллахад мэргэшдэг. Тэгэхээр бид багшид итгэх хэрэгтэй. Би ч анх сайд болоод жаахан сул байж магадгүй гэж итгэдэггүй байсан. Эргээд харахад багшийг сайн бэлдээд явъя, улам сайжруулж болох гэдэгт эргэлздэггүй болсон.
-Засгийн газраас багшийн чанарт анхаарахаар ЭЕШ-даа өндөр оноо авсан хүүхдүүдэд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Энэ ажил хэрэгжиж эхэлсэн биз дээ?
-Монголын бүх сургуулиудаас хамгийн түрүүн багшийн сургууль хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Эхний оюутнуудад би өнөөдөр /өчигдөр/ төлбөргүй сурах батламжийг нь гардууллаа. Нэгдүгээр курсын бүх оюутнуудад англи хэлний вакумжсан сургалт эхэлж байна. Гурван лаборатори ашиглалтад оруулсан байна, нэг алхам урд алхлаа гэсэн үг. Энэ сургуулийн 600 оюутан өнөөдөр төлбөрөөс чөлөөлөгдлөө. Онц сурлагатнууд энэ сургуульд орж эхэллээ.
Сайн багшийн цаг ирж байна л гэж ойлгох хэрэгтэй. 750-иас дээш оноотой олон хүүхэд байна. Эхний 10 хүүхдэд өнөөдөр батламжийг нь гардууллаа. Хамгийн гол нь сайн хүүхдүүдийг сайн сургах үүрэг энэ сургуульд оногдож байна. Тэд ийм боломж эдэлж байгаа учраас 10 хоногийн өмнө ч итгэл үнэмшилтэйгээр ажлаа эхэлж байна.
-Таныг Боловсрол, шинжлэх ухааны яамыг толгойлох болоход хүмүүс Японд боловсрол эзэмшсэн гэдгийг чинь их олзуурхаж хүлээж авч байсан. Таны энэ байдал салбарын бодлогод хэр тусгалаа олсон бэ?
-Би боловсролын сайдын ажлыг өөрөө зорьж авсан хүн. Энэ реформыг гардан хийж байгаа. Одоо Монголын бүх багш нараас асуувал ямар нэгэн байдлаар энэ салбарт өөрчлөлт өрнөж байгааг хэлнэ. Сайд болох санаачилга хаанаас гарсан бэ гэхээр миний бие парламентад гурав сонгогдсон.
Гэтэл тойрог руугаа хандсан ихэнх ажил маань хүүхэд рүү чиглэсэн байдаг. Ер нь хүүхэдтэй ойрхон улстөрч хүчтэй байдаг шүү дээ. Тиймээс тэр онолыг бариад сургуулиуддаа хамгийн ойрхон байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын шинэчлэлийн программыг нам дээрээ гардан хийсэн. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдтэй ойрхон ажилласан.
Ерөнхийлөгч 2009 онд “Хоёр сая 900 мянган Чингис ирж байна” гэж хэлсэн. Энэ бол миний хүүхэд нэг бүрийг дэмжих санаачилгыг дэмжсэн сайхан үг байсан. Энэ үнэхээр үнэн үг. Хүний генийг судлаад үзэхэд хоорондоо ямар ч ялгаа байдаггүй юм билээ. Гол ялгаа нь хүүхэд байхдаа хөгжиж үү, үгүй юу гэдэг дээр л байгаа юм. Урам өгсөн хүүхэд хөгжсөн байна, дарсан хүүхэд хөгжөөгүй байна.
Багш нь хүртэл “Чи математикт муу, тэнэг” гэж хэлсэн хүүхэд хөгжихгүй л байхгүй юу. Дээр нь хүнийг гол удирддаг зүйл тархи гэдгийг судлаачидтай нийлж гаргаж ирсэн. Гэхдээ тэр тархинд ид шид байхгүй, гагцхүү үзсэн харсан, уншсан хэмжээндээ л сэтгэдэг, өөрийгөө илэрхийлдэг. Тэгвэл энэ тархинд их юм хийх хэрэгтэй. Тэгээд хамгийн их давтдаг зүйл нь рефлекс болдог.
Тэгэхээр хүн муу зүйлийг хамгийн их давтвал муу, сайн зүйлийг хамгийн их давтвал сайн хүн болдог юм байна. Энэ их энгийн зүйл ярьж буй мэт боловч хүүхдийг сайн сургах хамгийн гол зүйл юм. Тэгэхээр хүүхэд нэг бүрт боломж байдаг юм байна. Тэгэхээр бүх хүүхдийг ийм байдлаар дайчлах юм бол энэ Монгол Улс урагшаа явах юм байна гэдгийг ойлгож хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх санаачилгыг гаргасан.
Дэлхийд үүнийг судлаад яриад явж байгаа олон эрдэмтэн байна. Харамсалтай нь үүнийг амлаж аваад ажил болгож байгаа улс орон байхгүй. Манайх шиг цөөхөн хүн амтай оронд л хийнэ үү гэхээс 500 сая хүүхэдтэй улсад боломжгүй л дээ. Манайх бол 500 хүүхдийн тухай л ярьж байна шүү дээ.
-Сургуулиудын захирлуудын томилгоон дээр багагүй хэл ам гарч байгаа. Таны хувьд хэр зөв хүмүүс гарч ирсэн гэж харж байгаа вэ?
-Сургуулиудын захирлуудын сонгон шалгаруулалт юуны өмнө хуулийн дагуу болсон гэдгийг хэлье. Аливаа уралдаанд нэг нь түрүүлж, нөгөө нь хожимддог. Тэгэхээр үлдсэн хүмүүсийн гомдол нэг хэсэгтээ тасрахгүй. Ер нь сургуулиудын захирлуудын шалгаруулалтад орж байгаа хүн бүр цаанаа улстөрчтэй байдаг. Энэ удаа ч байсан.
Гэхдээ манай яамны залуучууд улстөрчдөөс хамааралгүй энэ ажлыг маш сайн зохион байгуулсанд би баярлаж байгаа.