Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар-Боловсролын шинэчлэлийн асуудлаар ярилаа.
2013.06.04

Хүүхэд гэдэг дүүргэж хийдэг сав биш дүрэлзэж байдаг бамбар

Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хийгдэж байгаа Боловсролын шинэчлэлийг танилцуулж байна.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Хүүхдэд чинь дутагдал байгаа бол чи өөрөө л гэж хар. Бид монголчууд ирээдүйд аз жаргалтай амьдрах тэр шаардлагад нийцсэн боловсролын системийг л бий болгохыг зорьж байна.

Мэдлэгтэй байхаас гадна өөрөө зөв шийдвэрийг гаргаж чаддаг, өрөөлийг аялдан дагалддаггүй. Тийм ийм байх ёстой гэсэн хий дэмий номлолд автдаггүйгээр өөрөөрөө амьдралыг хардаг, өөрөө амьдралаа аваад явчихдаг, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаг л байх ёстой.

Биднээс түрүүлж яваа орнуудын хувьд боловсролыг үндсэндээ гэгээрэл рүү чиглүүлж байна. Гэгээрсэн байх ёстой, энэрэнгүй, даруу байх шаардлагууд, чадвал ертөнцийн бүх нууцыг таних боломжуудыг судалж эхэлж байна.

Хүүхдүүдийн авьяасыг нээж хөгжүүлэхийн тулд авьяас хөтөлбөрийг санаачилсан.

Төрмөл чадваруудыг нээхийн тулд бид эхлээд хүүхдээ таних ёстой. Таньсаныхаа дагуу тэр хүүхдэд байгаа зүйлийг хөгжүүлэх, хөгжүүлэхдээ мэдлэгээ цуг өгөөд явъя гэж байгаа. Тухайн хүүхдийн мэдлэгт нь суурилаад дараа дараагийнхаа мэдлэг, мэдээллийг өгөөд явах нь зөв.

Хүүхэд нэг бүрээ хөгжүүлэхдээ төрөлхийн чадвар, сэтгэн бодох, ирээдүйг харах чадвар, зөн билгийн, баримжаалах, тооцоолох чадвар нь юу юм гэдгийг нээх. Энэ болгон авьяас болж илэрдэг. Энэ авьяасуудыг хөгжүүлэхийн тулд авьяас хөтөлбөрийг санаачилсан.

Сурах арга барилаа аваагүй хүүхдүүдийг муу хүүхэд болгон тэнэгээр нь дууддаг. Тиймд бид юунд анхаарч байна гэхээр бага ангид дүн тавихгүй. Тухайн хүүхдийн хөдөлмөрийг үнэлэхдээ дандаа ахицаар нь үнэлнэ.  Хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг хоцрогдолгүй сургалтыг хийхийг л хэлж байна. Гэхдээ өөр өөрийнх нь түвшинд хөгжүүлэх хэрэгтэй.  

Дүн тавихдаа бага ангид дүнгүй байна. Дунд ангидаа чадвар, суралцах арга барил  дээр нь суурилаад мэдлэг өгөх ажлаа хийнэ. Ахлах ангид  мэдлэг чадвар дээрээ суурилаад өөрөө суралцагч, судлаач болж өөрчлөгдөнө.

Ахлах анги бол их сургуулийн бэлтгэл анги. Их сургуульд орохдоо судлаач болоод очих ёстой. Тийм учраас ахлах ангид өөрийнхөө хөгжүүлж, нээсэн чадварын дагуу төрөлжөөд явна.

Бид боловсролын их сургууль дээр дөрвөн жил дөрвөн дадлага гэсэн бодлого барьж байна. 

Оюутан гэдэг бол номын дуу сонсоод зүгээр суудаг хүн ерөөсөө биш. Лекц хуулж, шалгалт өгч төгсөөд ямар ч ажилд орж чадахгүй. Бид оюутнуудынхаа нийт сурч байгаа кредитийнх нь 30 хувийг дадлага болгож, дадлагыг нь ажилсан жилд нь тооцох асуудлыг ярьж байгаа.

Боловсролын их сургуулийн багш бэлтгэж буй хүүхдүүдийн дадлагын ажлыг улсаас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэр гаргасан. Энэ жил 100 хүүхдийн дадлага ажлыг хийлгэсэн. Бид боловсролын их сургууль дээр дөрвөн жил дөрвөн дадлага гэсэн бодлого барьж байна.

Багш нарын хувьд өмнө нь цаас, номон дээр байгаа зүйлийг хүүхдэд яаж өгөх вэ гэж 40 минут тулалддаг байсан бол одоо  бага ангийн багшид танд таван жил байгаа, түүнийгээ харж өөрийнхөөрөө хий. Юу сурах вэ гэдгийг бид тодорхойлчихно.

Харин хэзээ, яаж сургах нь сургуулийн болоод багшийн хэрэг. Одоо бид багшдаа итгэх цаг болсон. Сайн багш нар зөндөө байна. Бүх авьяас чадвар миний бүх хүүдэд байна гэдэг итгэлтэй багш нар байна. Энэ багш нарт л эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй.