УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.06.17

Л.Гантөмөр: Боловсролын салбарын шинэчлэл бол чанарын шинэчлэл

Боловсрол телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлгийн зочноор БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож боловсролын салбарт хийгдэж байгаа шинэ бодлого, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.

-Боловсролын шинэчлэлийн талаар яриагаа эхлэх үү?

-Боловсролын салбарт хийж буй ажлуудын эхэнд тэмдэглэж хэлэхэд өнөөдөр хүртэл олсон ололтоо баталгаажуулна. Бид хүүхдүүдийнхээ хамрагдалтыг өндөр түвшинд хийж чадсан. Тодорхой хэмжээгээр элитүүдийг бэлтгэж чадаж байгаа. Мөн багш нарын тодорхой ажлын байрууд баталгаатай байдаг.

Ерөнхийлөгчийн зарлигаар “Ном” хөтөлбөрийг есдүгээр сарын нэгнээс эхлүүлсэн.

Дээр нь боловсрол руу тасралтгүй нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээг хадгалж цаашаа нэмэгдүүлэх хэрэгтэй гээд ер нь 90 жилийн түүхтэй салбар гэж ярьдаг. Тэгэхээр 90 жилийн хугацаанд монголчуудын олсон ололтыг баталгаажуулах нь бидний эхний зорилго.

Шинэчлэлийн чиглэлээр хийх хоёрдахь хамгийн том зорилго бол орчин цагт хүүхдүүд яаж боловсрол авах, юуг мэдэж байвал зохилтой вэ, тэрийг хэрхэн хүргэх, авах ёстой мэдлэгээ авсан эсэхийг яаж шалгах вэ гэдэг нь өнөөдөр хуучин үеэсээ арай өөр байна.

Тэгэхээр үүнд таарсан программ, хөтөлбөр, стандартыг гаргаж ирж байгаа. Гаргахдаа цаас нухаад цаг алдах биш бид шинэ ажил авсны маргаашаас бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн.

Бодлого хэрэгжүүлэхдээ тавьсан зорилго нь энэ цаг үед бид яаж хүүхдүүддээ ном сургах, хүүхдүүд маань яаж номтой нөхөрлөж мэдлэгтэй болох вэ гэдэг асуудлуудыг шийдэх шаардлага байсан учраас ерөнхийлөгчийн зарлигаар “Ном” хөтөлбөрийг эхлүүлж ес дүгээр сарын нэгнээс нэг сарын аян зохион байгуулсан.

Бидний сул дутуу зүйл бол цаг үедээ нийцсэн ном зохиол цөөн. Дээр нь хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон, тэдний сонирхлыг татахуйц ном зохиол хэрэгтэй байна. Илүү зурагжуулах, сонирхолтой болгох, яаж бид хүүхдэд өгөх гээд байгаа мэдлэгээ комикстой адил байдлаар хүргэх вэ гэдэг байдлаар номыг хүүхдүүдтэй ойртуулах, номтой нөхөрлүүлэх ажлыг хийгээд явсан.

21 авьяастан маань сая 500 хүүхдийн тоглолтыг хийж дуусгалаа.

10 сарын дундаас эхлээд бидний хийсэн ажил бол “Авьяас” хөтөлбөр. Энэ хөтөлбөр бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Өнөөдөр яг хичээлийн программ, хөтөлбөрөө шинэчилж амжаагүй байна. Энэ хугацаанд бидний хийх ёстой ажил бол хүүхдүүдийнхээ төрөл бүрийн чаддаг чадварыг нээх л асуудал.

Нэгтгэн дүгнэх, бичих, өөрийгөө илэрхийлэх авьяастай хүүхдүүд байдаг. Нэг хүнд ганц авьяас бас заяахгүй. Хүнд энэ хорвоо дээрх бүх авьяас уг нь бол бий. Аль нь илүү түлхүү хөгжсөн бэ гэдэг л асуудал. Үүнийг илрүүлэхийн тулд бид хүүхэд бүрийнхээ сонирхдог зүйлд тулгуурлана.

Яг хүүхдүүдийн өмнө тоглоом асгахад алийг нь очоод барьж авах вэ гэдгийг харж байна. Хэнд нь аль авьяас чадвар өгөгдсөнийг 10 сараас эхлээд харсан. Эцэг эхээс нь, өөрөөс нь асууж байна.

Тэрнээс гадна 21 авьяастныг гаргаад өөр өөрийнхөө гэрийн ойролцоо ч юмуу эсвэл хамтарч ажиллаж болох сургууль дээрээ очин би үнэхээр дуулах авьяасгүй гэж бодож байгаа хүүхдүүдийг дуулж чаддаг болгох, чаддаг гэдгийг нь харуулу өгөөч гэж урилга өгсөн.

21 авьяастан маань сая 500 хүүхдийн тоглолтыг хийж дуусгалаа. Өмнө нь дүн тавих нэрийдлээр сайн, дунд, муу гэсэн гурван бригадыг гаргадаг. Энэ жил шинээр 2500 орчим дугуйлан секц ажиллаж, 180 гаруй мянган хүүхэд шинээр хамрагдсан. Ингээд харахад зөвхөн ном, гэр гэдэг байсан хүүхдүүд одоо өөрийгөө хөгжүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлж сурч байна.

Өнөөдөр хүртэлх боловсролын тогтолцоо ертөнцийг танихад оршиж байсан бол одоо эхэлж буй боловсролын бодлого ертөнцийг танин мэдэхдээ өөрийгөө бас танихад оршиж байгаа. Өөрийгөө нээх процесс, гаднаас авах бодлого хоёр давхацхаараа жинхэнэ утгаараа ирээдүйгээ олж, ирээдүй нь аз жаргалтай болж эхэлдэг. Ер нь бол хүн өөрөө өөрөө сурдаг амьтан.

-Академик сургалтаас татгалзаад хичээлийг хүүхдийн сонирхолд тулгуурлан явуулж байгаа учир хүүхдүүдийн сонирхлыг төрүүлж хичээлд оролцох оролцоо нь илүү болох юм болов уу гэж харж байна л даа.

-Бид яг өгөх ёстой мэдлэгээ өгөх ч арга нь өөр. Сурах аргыг нь амар болгож, амьдрал дээр нь харуулж байгаа. Бид физикийн лаборатори ажиллуулж үзээгүй. Зүгээр л онол сонсоод өнгөрсөн.

Одоо угсардаг физикийн лабораториудыг бүх сургууль дээр авч өгье гэж байна. Ирэх намраас эхлээд 100 сургууль дээр физикийн лаборатори орно. Тэгэхээр хүүхдүүд үзээд байгаа онолоо өөрөө бодитоор туршиж үзэх боломжтой.

-Боловсролын яамнаас хөтөлбөрийг нь хэрэгжүүлэн, шинэчлэх гээд байна. Хүүхдийг нь сургах гээд байхад эцэг эхчүүд сургах, хүмүүжүүлэх, хүн болгох, зөв монгол хүүхэд болгох асуудлыг сургуульд орхигдуулаад байна уу гэсэн бодолтой байдаг. Энэ тал дээр эцэг эхчүүдийн хандлага ямар байх шиг байна? Зөв монгол хүүхэд хөтөлбөртэй авьяас, ном хөтөлбөр яаж холбогдож байгаа вэ?

-Ирээдүйд бид ямар хүнийг зөв монгол хүн гэж харах вэ гэхээр аз жаргалтай хүнийг харж байгаа. Үр дүнгээсээ бодлогоо гаргасан учраас хэлж байна. Үр дүн бол хүн аз жаргалтай амьдрах ёстой. Аз жаргалтай амьдрахын тулд мэргэжлээ зөв сонгох, дээр нь сайн хань ижилтэй болсон байх хэрэгтэй.

Ирээдүйн ажлыг нь багаас нь нээгээд тэрийг нь харуулан, баримжааг нь өгч тэр лүү нь хөгжүүлжээд явах нь гол зорилго. Хүүхэд төрөхдөө хүмүүжилгүй төрдөггүй. Явцын дунд хүмүүжлээ олж авдаг. Хүүхэд эцэг эхийнхээ тусгал. Олж авсан хүмүүжлийг засахад маш хэцүү.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хүн шиг, чин сэтгэлээсээ, үнэнгээсээ харьцах хэрэгтэй. Бидний зорилго бол хүүхдийнхээ хөгжилд мөнгө зарцуулдаг, хүүхдийнхээ хөгжлийн араас улайран зүтгэдэг монгол хүн л бий болгох. Тиймд хүүхэд наснаас нь хөгжилд нь анхаарах ёстой.

-Сайн иргэн, сайн боловсрол мэдлэгтэй хүн болгохын тулд багш сайн байх хэрэгтэй. Багш дээрээ хэрхэн яаж анхаарч байна вэ?

-Монгол багш нар хүүхэд хөгжүүлэх сургалт явуулаад дуусахад 90 хувь нь чадна хийнэ л гэж байгаа. Асуудал нь би чадна гэхдээ бусад нь яах бол гэсэн бусаддаа үл итгэсэн байдал ажиглагдаж байна. Тэр итгэлийг бий болгох нь багш хөгжлийн хөтөлбөр.

Багш нарыг чиглэл чиглэлээр нь баг болгоод, багийн дунд арга зүйгээ ил болгон багш бүр хөгжлийн хөтөлбөрөө боловсруулаад нэг нь нөгөөгийнхөө ажлыг дүгнээд явна. Тогтсон хэмжсэн хайрцган доторх даалгаврыг л багшид өгч байснаас итгэлцэл алга болсон. Сайн багшид энэ хайрцаг садаа болж болдог.

Тэгэхээр бид сайныхаа тоог нэмэгдүүлэхийн тулд энэ хайрцгийг л задалж байгаа. Гол нь бид багшдаа итгэн, итгэл өгөхийн хажуугаар сургалтуудаа байнга ороод явна. Дээр нь тодорхой аргуудаас багш сонгох боломжтой. Багшийн ажлыг дүгнэхдээ бодитоор дүгнэнэ. Цаашид багш өөрөө өөрийнхөө ажлыг дүнэдэг систем рүү шилжихээс өөр аргагүй.

-Одоо бага ангийн хүүхдүүдэд олон төрлийн хичээл ордог. Энэ нь хүүхдүүдийг маш их ядраадаг. Хөтөлбөрөө өөрсдөд нь сул орхичихоор хичээлийн хөтөлбөр нэмэх асуудал гарч ирэх болов уу?

-Ер нь орох хичээл, юу үзэх вэ гэдгээ бид шийднэ. Нарийвчилж өдөр өдөртөө үзэх хичээлээ багш шийднэ. Бидний тооцоогоор дунд ангид 12 хичээл орно. Тиймд хичээл нь цөөрнө. Багш хүүхдүүдээ хайрлавал тэд юм сурна.

Харин багш хүүхдүүдийн дайсан байвал хүүхдүүд хэзээ ч ном сурахгүй. Багш хүүхдүүдийн уялдаа холбоог сайжруулахын тулд гарцаагүй эрх мэдэл тийшээ шилжинэ. Өөр энд ямар ч арга байхгүй.

-Оюутан бүр цалинтай болчихлоо. Багшийн сургуулийн оюутнууд багшлах дадлага хийснээр ажилласан жилийг тооцно гэж сонссон.

-Манай оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлалаа гэж хэлээрэй гэсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд үнэхээр оюутнуудад амалсан амлалтаа биелүүлсэн. Оюутан бүрт тэтгэлэг олгох их том ажлыг хийсэн. Энэ оюутнуудад хийж буй хөрөнгө оруулалт өөрөө гурав дөрвөн жилийн дараа үр дүн болж гарч ирнэ.

Оюутнуудад хийж буй хөрөнгө оруулалт өөрөө гурав дөрвөн жилийн дараа үр дүн болж гарч ирнэ.

Дээд боловсролын шинэчлэлийг бид чанар дээр нь харж байгаа. Чанарыг харахдаа нэгдүгээрт сургууль хүүхдийнхээ сургалтын төлбөр дээр дулдуйддаг байдлыг өөрчилье. Одоо нийт зардлынх нь 90-95 хувь нь сургалтын төлбөр. Гэтэл их сургууль дээр маш их нөөц бий. Маш чадалтай эрдэмтэн судлаачид байгаа.

Одоо энэ хүмүүс өөрсдийнхөө судалсан судалгааны үр дүнгээр мөнгө олдог боломжийг нь нээж өгнө. Эрдэмтэн судлаачдын судалгааны ажил олон улсын хэвлэл мэдээлэл дээр гарвал тэр эрдэм шинжилгээний ажлыг нь үнэлээд явна.

Мөн хандив авах боломжийг нээнэ. Харин хандиваар сурах боломж байхгүй болсон. Бид бүх зүйлийг мэдээллийн системээр хянана. Энэ эх үүсвэрээр явбал дөрвөн жилийн дараа их дээд сургуулийн олж буй орлого 50 хувь нь сургалтын төлбөр, 50 хувь нь бусад орлого болно.

Мөн 100 хувийн кредиттэй сургалт байлаа гэхэд 30 хувийг нь дадлага руу, 30 хувь нь практик, семинар, 40 хувь нь лекцээр байна. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс хийлгэх дадлагаа ажилласан жилд нь тооцох санаачилга гаргасан. Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг бид дадлагаа хэрэгжүүлж эхлэхтэй цуг аваад явна.

-Сүүлийн үед  Шинжлэх ухааны салбараа орхигдуулаад байна уу даа гэсэн хүмүүсийн шүүмжлэл бий. Шинжлэх ухааны салбарт та юу хийж байна вэ?

-Дээд боловсрол дээр хийж буй энэ шинэчлэлийн үр дүн шинжлэх ухааны үйлдвэрлэлийг бий болгож байгаа. Шинэ гарсан патентаа борлуулах, тэн дээр үйлдвэрлэл хийснээр шинжлэх ухааны ололтуудаа бизнес болгож байна. Монголд өрнөж байгаа бизнес бол гаднаас бэлэн юм авчрах биш монголын эрдэмтдийн гар хөл тархи толгойгоор бүтсэн зүйл ажил хэрэг болж буйг хэлж байгаа.

Манай Ерөнхийлөгч өөрөө дэлхийд Монгол Улсынхаа туг далбаа шиг танигдсан хүн.

Мөн судалгаанд мөнгө өгөөд эхлэхээр дээд боловсрол дээр илүү нарийн, дэлхийн түвшний судалгаа хийдэг болж эхэлнэ. Энэ хоёр нийлэх юм бол үндсэндээ шинжлэх ухааныг аваад явчихна. Тиймд бид шинжлэх ухаанаа дээд боловсролынхоо хөгжилтэй холбон харж байгаа.

Шинжлэх ухаанч биш ард түмэн яагаад бий болоод байна гэхээр хөндий хоосон онол яригдаад байгаа учраас. Ерөнхийлөгч намайг боловсролын сайд болоход хоёр л зүйлийг хэлсэн. Нэг нь монголчуудыг номтой нөхөрлүүлэх ажлыг тууштай хий.

Нөгөөх нь дэлхийн топ сургуулиудад монголчуудаа явахад бэлтгэ. Гурав дахь нь монгол судлалаа хийе гэсэн асуудлыг тавьсан. Сая Ерөнхийлөгч дэлхийн топ 100 сургуульд сургах зарлиг гаргасан. 100 дотроо эхний 20-д бол мэргэжил харгалзахгүй сурга. Төлбөрийг нь төл.

Дараагийн 80 сургуульд Монгол Улсын өөрийн хэрэгцээт мэргэжлээр хүмүүсээ сургах хэрэгтэй гэсэн. Ер нь манай Ерөнхийлөгч өөрөө дэлхийд Монгол Улсынхаа туг далбаа шиг танигдсан хүн.

-Гадаадад боловсрол эзэмшихээр улсын тэтгэлгээр явж байгаа оюутнууд олон бий. Тэднийг буцааж эх орондоо эргэж ирэх хөшүүрэг нь юу байх вэ?

-Тодорхой үлдсэн хүмүүс байгаа ч дийлэнх нь ирсэн. Жишээ нь 1000 гаруй хүн явахад 700 нь эргэж ирээд 300 нь үлддэг ч юм уу. 70:30 харьцаатай ирж байгаа. 30 хувь нь бид барьцаа хөрөнгө авсан. Одоо харин үүнийгээ шинэ журам гаргаад худалдаж борлуулах эрхийг нь авч чадвал тэр хүмүүс эргээд ирнэ.

Монгол хөгжихгүй бол яваад сурсан нь байтугай монголдоо байгаа нь гараад явна. Тиймд улс орны хөгжилтэйгээ уяж харж байгаа. Улс орны хувьд ч төсвийн нэгдүгээрт хүүхдээ тавих хэрэгтэй.

Улс орон хүүхдийнхээ хөгжлийн араас явбал тав арван жилийн дараа нийгэм өөр болно. Манай боловсролын салбарын шинэчлэл бол чанарын шинэчлэл. Бүх л зүйл дээр бид чанарын бодлогыг явуулж байна.