Хамран сургах тойрог шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай
Цэцэрлэгийн хүүхдүүдийг хавар бүртгэнэ
2013.06.05

Хамран сургах тойрог шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай

2013-2014 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдээ авахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас тодруулав.

-Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүдийг хавар бүртгэх болсон. Хөдөө орон нутгаас шилжиж ирсэн эсвэл байр түрээсэлдэг айлын хүүхдүүдийг яаж бүртгэх вэ?

-Сонгуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн түр зогссон байгаа. Тухайн орших суух газрын хорооны бичигтэй хүүхдүүд хамран сургах тойрогтоо бүртгүүлж болно. Өмнө нь цэцэрлэггүй хорооны хүүхдүүд тэр чигтээ орхигдчихдог, хаана хүүхдээ өгөх нь тодорхойгүй байсан. Энэ жилийн хувьд ойролцоо сургууль цэцэрлэгт нь хамруулж өгөхөөр ажиллаж байна.

-Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэж яриад байгаа. Энэ нь энэ жил нэгдүгээр ангид орох зургаан настнуудтай холбоотой байх. Ер нь ирэх хичээлийн жилд хэчнээн хүүхэд сургуульд шинээр элсэх вэ. Өмнөх жилүүдийнхээс давсан үзүүлэлттэй байгаа гэж байсан?

-Энэ жил нэгдүгээр ангид 22 мянга гаруй хүүхэд элсэн суралцана. Энэ нь өмнөх жилээс гурван мянга орчмоор илүү гэсэн үзүүлэлттэй байна. Тиймээс сургуулиудын ачаалал нилээд хүндэрч, анхаарал татсан асуудал үүсч байгаа.

Бага сургуулиудын хувьд анги дүүргэлт 30.8 хувь, эрэлттэй найман сургуулийнх 52 хувьтай байна.

Өнгөрсөн хичээлийн жилд 17 сургууль гурван ээлжээр хичээллэсэн. Тойргийн бус хүүхдүүд авдаг нь гурван ээлжээр хичээллэх гол шалтгаан болдог. Тиймээс энэ жил тухайн сургууль шинээр элсэлт авахдаа зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна. Ингэж сургуулиудын хүчин чадлыг тэнцүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна.

-Анги дүүргэлтийн хувьд хэдэн хүүхэдтэй байх бол?

-2007 онд баталсан Сайд нарын хамтарсан тушаалд анги дүүргэлт 30-35 хүүхэдтэй байна гэж заасан. Өнөөдрийн байдлаар бага сургуулиудын хувьд анги дүүргэлт 30.8 хувь, эрэлттэй найман сургуулийнх 52 хувьтай байна. Эдгээр сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна гэвэл 50 хүрэхгүй.

Анги дүүргэлт хэвийн хэмжээнд байх бололцоотой. Эцэг эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуульд хүүхдээ сургавал энэ хэмжээнд барих боломжтой.

-Хамран сургах тойрог тогтоосноор харьяаллын бус цэцэрлэг, сургуульд явж байсан хүүхдүүдийг гаргана гэсэн ойлголт иргэдийн дунд байна?

-Шинээр ашиглалтад орсон орон сууцнууд болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байна. Мөн сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Хамран сургах тойрог зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай.

Өнөөдөр цэцэрлэг, сургуульд хүмүүжиж, сурч байгаа хүүхдүүдэд хамаарахгүй. Одоо суралцаж байгаа хүүхэд нь хамран сургах тойргийн бус байсан ч гэсэн дараагийн хичээлийн жилд явж байсан сургууль,цэцэрлэгтээ үргэлжлүүлээд сураад явна.