2013.05.15

Ц.Отгонбагана: Шинээр элсэх хүүхдүүдийг нэгийг ч үлдээхгүйгээр бүртгэнэ

Энэ жилийн хичээлийн жилээс нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг авахаар болсон байна. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.

-Энэ жилээс эхлэн хамран сургах тойргийн хүүхдүүдийг авна гэсэн шийдвэр гарчээ. Одоо суралцаж байгаа хүүхдүүдийг тойргийнх нь сургууль руу шилжүүлнэ гэсэн үг үү.  Хамран сургах тойрог гэдэгт хэддүгээр ангийн хүүхдүүд хамрагдах вэ?

Хамран сургах тойргийг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн хувьд шинэчлэн тогтоогоод байна. Үүнд шинээр барьсан орон сууцнууд болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байгаа юм.

Хамран сургах тойрог тогтоосныг зарим нэг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд буруу ойлгосон бололтой. Хамран сургах тойрог гэдэгт зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд л хамаатай. Түүнээс одоо суралцаж байгаа, цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдэд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, одоо суралцаж байгаа хүүхэд хамран сургах тойргийн бус байсан ч ирэх хичээлийн жилд суралцаж байсан сургууль, цэцэрлэгтээ үргэлжлүүлээд явна л гэсэн үг.

-Тэгвэл энэ хичээлийн жилд хэчнээн хүүхэд шинээр сургуульд элсэх вэ?

-Энэ хичээлийн жилд 22 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Энэ нь емнөх жилүүдээс 3000 гаруй тоогоор илүү. Одоогоос зургаан жилийн өмнө төрсөн хүүхдүүд энэ жил сургуульд орж байна. Тухайн жилд олон хүүхэд төрсөн бөгөөд үүнийг манайхан гахай жилийн хүүхдүүд гэж ярилцдаг.

-Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн элсэлт ид дундаа явж байна. Гэхдээ зарим эцэг, эх- чүүд хүүхдээ хүссэн сургуульдаа өгч чадсангүй гэж байна. Энэ талаар танд ямар нэгэн гомдол, санал ирэв үү?

 -Энэ жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд төрийн болон төрийн бус сургууль гэж ялгаж, салгахгүйгээр явуулж байна. Нийслэлийн сургуулиудын барилгын хүчин чадлын ашиглаптын коэффициент 1.6 байна.

Өөрөөр хэлбэл, 100 хүүхэд сурах сургуульд 160 хүүхэд сурч суралцаж байна гэсэн үг. Төвийн нэлээд олон сургууль дээр анги дүүргэлт их байна. Тухайлбап, нэгдүгээр дунд сургууль, 23 дугаар дунд сургууль. Үүнээс 17 сургууль гурван ээлжээр хичээллэж байна.

Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг харахаар тойргийн бус хүүхдүүд ихээр явдагтай холбоотой байна. Тиймээс сургуулиудын хүчин чадал хүрэхгүй байгаа учраас хамран сургах тойргийг хатуу тогтоосон. Тухайн сургууль шинээр элсэлт авахдаа зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг л авна. Ингэж сургуулиудын хүчин чадлыг тэнцүүлэх зайлшгүй шаардлага байгаа учраас зарим эцэг, эх хэл ам гаргаад байгаа юм.

-Зарим эцэг, эхчүүдийн зөв байх л даа. Гэр хорооллын сургуулиуд чанар муутай, хотын төвийн сургуулиуд арай дээр гэсэн ойлголт олон жилийн турш байсаар л байна. Үүнийг буруутгах аргагүй. Мэдээж ямар ч эцэг, эх үр хүүхдээ гайгүй сургуульд оруулахсан гэж бодно шүү дээ?

-Сургууль цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн хүүхдүүдээ элсүүл гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн. Олон эцэг, эх 1,5, 84, 14, 33 дугаар дунд сургуульд хүүхдээ сургамаар гэдэг. Өөрийн чинь хэлж байгаа зөв л дөө. Ямар ч эцэг, эх үр хүүхдээ сайн сургуульд сургаж боловсролтой болгоё, гэж бодно.

Цөөн хэдэн сургуулийг сайн гэж шилээд бусдад нь хүүхдээ өгөхгүй байгаа нь хэт их ачаааллыг үүсгэж байна.

Гэхдээ Нийслэлийн боловсролын газраас бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого баримтлан ажиллаж байна. Гагцхүү сайн гэсэн хэдэн сургууль байдаг, бусад нь гэр, хорооллын сургалт муутай гэдэг яриа, ялгааг арилгахаар ажиллаж байна. Цөөн хэдэн сургуулийг сайн гэж шилээд бусдад нь хүүхдээ өгөхгүй байгаа нь хэт их ачаааллыг үүсгэж байна.

Тиймээс энэ удаа бага боловсрол дээр илүү анхаарал хандуулж ажиллана. Энэ жилийн хувьд дөрвөн сургууль дээр хүүхэд бүрийг хөгжүүлэх туршлагыг туршилтаар нэвтрүүлсэн. Ирэх жил ийм сургуулийн тоо 10-20 болно. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарч байна.

Хамран сургах тойргийг тогтоож байгаагийн өөр нэг шалтгаан нь хүүхдийг аль болох гэрийнх нь ойр сургахад анхаарч ажиллана. Хаа байсан хотын зүүн, баруун захаас хотын төв ордог хүүхэд олон бий. Эдгээр хүүхэд хэчнээн цаг автобусанд явах вэ, унаанд хэдэн төгрөг зарцуулдаг вэ, холоос суралцаж байгаа хүүхдүүд эрсдэлд орох нь их байна.

Бидний гол зорилго хүүхэд 500 метрээс холгүй газарт сургуульдаа яваад хүрчихдэг байхад л болно. Нөгөө талаар холоос хи- чээлд явдаг хүүхдүүд их амархан ядарна, залхана, хичээлдээ явах дургүй болдог юм билээ. Өвлийн улиралд бүр хэцүү. Даарна, автобус хүлээнэ. Энэ мэтчилэн бодит байдлыг бодолцсон хэрэг юм.

 -Одоо ярьж байгаа 80 бага сургуулийг барьчих юм бол хамран сургах тойрог хэрэггүй болох байх. Сургуулиудын багтаамж хүрэлцэнэ биз дээ.

-Одоогийн байдлаар 80 бага сургуулийг барих байршлыг баталсан бөгөөд санхүүжилтийн асуудлыг ярьж байна. Бага сургуулиудыг барьснаар одоо байгаа ачаалал мэдээж буурна. Бидний тооцоолж байгаагаар зарим сургуулийн ачаалал 54 хувь хүртэл буурах юм. Энэ жилийн хувьд таван сургууль, хоёр цэцэрлэг ашиглалтад орохоор болсон.

-Та бүхний энэ ажил эхлэхээр сургуулиудын анги дүүргэлт ямар байх бол. Энэ талаар судалгаа хийж үзсэн үү?

-Нийслэлийн хэмжээнд бага сургуулиудын хувьд анги дүүргэлт 52 хувьтай. Энэ сургуулиуд зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг авна гэвэл 50-д хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, анги дүүргэлт хэвийн хэмжээндээ очно гэсэн үг.

БШУ-ны сайдын тушаалаар нэг ангид 30-35 хүүхэд суралцах нормтой. Эцэг, эхчүүд хамран сургах тойргийнхоо сургуульд л хүүхдээ өгөх хэрэгтэй. Ингэвэл аль аль талдаа асуудал гарахгүй юм.

-Зарим сургуулиудын сурагчид нэг ширээнд гурвуулаа суугаад хичээллэж байна. Энэ нь хүүхдийн сурлагад муугаар нөлөөлдөг гэж багш нар хэлдэг ч асуудлыг шийдэж чаддаггүй. Асуухаар аргаа бараад л гурваар нь суулгасан гэдэг. Хамран сургах тойрог тогтоочихоор энэ ачаалал багасах уу?

Сургуулийн барилгын зураг

-Бодит байдал ийм байгаа нь үнэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 65,67, 105, 104 зэрэг зургаан сургууль зөвхөн хамран сургах тойргийнхоо хүүхдийг аваад гурван ээлжээр хичээллэх болчихоод байна. Гурваар суулаа гээд сургуулиа орхиж явж болохгүй.

Бид нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдүүдийг заавал авна. Үнэхээр сургуульгүй хаягдчих гээд байвал тухайн дүүргийнхээ элсэлтийн комисст хандаарай. Мөн шаардлага тай тохиолдолд манай Боловсролын газарт хандаж болно.

-Жилийн жилд хавар элсэлт авсан ч намар дахиад л элсэлтийн асуудал гардаг. Энэ нь ихэвчлэн цэцэрлэг дээр болдог. Үүнийг яаж шийдэх вэ?

-Намар элсэлт авахгүй. Хавар элсэлт зохион байгуулж байгаа нь шалтгаантай. Нэгдүгээрт, сургуулиуд хүүхдийнхээ тоогоор санхүүждэг. Тиймээс бид хавар элсэлтээ зохион байгуулаад хүүхдийнхээ тоог гаргаж. санхүүгээ тооцно. Энэ хэ- рээр 2014 оны төсөвт хэчнээн төгрөг суулгахаа төлөвчихнө.

Хоёрдугаарт, хүүхдийн дүрэмт хувцас, сурах бичгийн асуудлыг сургуулиудаар нь дамжуулж зохион байгуулна. Бага сургуулийн хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс эхэлж нэгдсэн дүрэмт хувцастай болох юм. Дүрэмт хувцасны захиалгыг сургуулиар нь дамжуулж авна. Тиймээс хүүхдийнхээ тоог заавал гаргах шаардлагатай.

-Сургуулийн бүртгэл яваад дуусч байна. Харин цэцэрлэгийн бүртгэл одоо эхлээгүй байна. Хэзээ бүртгэх вэ, ямар журмаар бүртгэл явах уу?

-БШУ-ны сайдын албан даалгавар гарсан. Уг даалгаварт тусгаснаар цэцэрлэгийн хүүхдүүдийг тавдугаар сард багтааж бүртгэ гэсэн. Цэцэрлэг дээр ч гэсэн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон. Цэцэрлэгийн хувьд эцэг, эхчүүд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн нэгийг ч үлдээлгүй сургах бололцоо бий.

Харин цэцэрлэгийн хувьд барилгын хүчин чадлыг 1.5- 2 дахин нэмэгдүүлж байгаа хэрнээ авах ёстой хүүхдийнхээ дөнгөж 60 хувийг л хамруулж чадна. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдээс 40 хүүхдийг л авна гэсэн үг. Байдал ийм байгаа учраас тухайн цэцэрлэгт хамран сургах тойргорс явбал зохих хэдэн хүүхэд байна, хэдэн хүүхэд авах хүчин чадалтай байна.

Давуулж авбал хэд хүргэх бололцоотой вэ гэсэн судалгаа гаргаад ерөнхийдөө дуусч байна. Судалгааг нэгтгэсний дараа бүртгэлийн асуудлыг шийдэх нэгдсэн зөвлөмж гарна. Зориуд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Нийслэлийн Боловролын газраас цэцэрлэгийн элсэлтийн зөвлөмж гартал нэг ч цэцэрлэг бүртгэл хийхгүй учраас эцэг, эхчүүд тайван байх хэрэгтэй.

- Цэцэрлэгийн насны хүүхдүүд бүгд цэцэрлэгт орно гэвэл асуудалтай л юм байна. Хүүхдээ гэртээ харах боломжгүй хүн олон. Хүүхдээ цэцэрлэгт л оруулж байвал яах вэ гэсэн эцэг, эхчүүд ч байна. Тиймээс зарим эцэг эхчүүд цэцэрлэгийн эрхлэгч нарт авлига өгөх, эсвэл анги танхимыг нь тохижуулж өгье гэдэг. Энэ асуудлыг бодолцож үзсэн үү?

-Цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдүүдийн тоог хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай хамтарч нарийн гаргах шаардлагатай. Хорооноос нарийн тоо авсан цэцэрлэгүүд өөрийн гэсэн элсэлтийн бодлого гэж гаргана. Цэцэрлэг нэгэнт ачааллаа даахгүй гэдэг нь тодорхой учраас энэ бүхэнд эцэг, эхчүүд хүлээцтэй хандах хэрэгтэй.

Тухайн цэцэрлэг өөрийн суурилсан хүчин чадалдаа тааруулан элсэлтээ авах юм. Хэрвээ хүүхдээ гэртээ харах боломжтой бол заавал цэцэрлэгт өгөх шаардлагагүй шүү дээ. Үнэхээр гэртээ ганцаараа үлдчих гээд байвал энэ судалгааг хорооны ажилтан гаргана. Судалгаанд үндэслэсэн элсэлт явна. Харин ирэх жил сургуульд орох таван настнуудыг заавал ав гэсэн зөвлөмжийг Нийслэлийн Боловсролын газраас хүргүүлээд байна.

-Энэ жилийн цэцэрлэгийн элсэлт ачаалалтай байх нь гэж ойлголоо. Өнгөрсөн жил хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд өдөр шөнөгүй дугаарлаж хоносон тохиолдол их байсан шүү?

-Өнгөрсөн жил болсон үйл явцыг давтуулахгүй байх талаас нь арга хэмжээ авна. Энэ жил хамран сургах тойргийг нь тогтоогоод, элсэлт авах өдрийг нь тодорхой болгоод товлочихоор гадаа хонохгүй байх. Мөн хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг эцэг, эхчүүдээс нэхдэг байв.

Харин энэ жилээс энэ шинжилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулж өгүүлнэ. Шинжилгээ өгөхөд ямар нэгэн асуудал гарахгүй, зардал чирэгдэл болохгүй юм.