81,650 хүүхэд аюултай орчинд суралцаж байна
Хүүхдүүд аюултай орчинд сурч хүмүүжиж байна.
2013.04.23

81,650 хүүхэд аюултай орчинд суралцаж байна

Боловсрол, шинжлэх ухааны яам ирэх дөрвөн жилд нийт 443 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтын хугацаа хэтэрсэн 210 цэцэрлэгийг шинэчлэх зорилго тавин ажилдаа орсон.

Гэвч энэ хугацаанд яамны төлөвлөгөө ёсоор шинээр барьсан болон, шинэчилж зассан нэг ч цэцэрлэг үгүй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянзүрх дүүргийн 59-р цэцэрлэгийн хана, тааз нурж улмаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа.

Уг цэцэрлэг 1968 онд анх 100 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтад орсон ч өнөөдөр 170 гаруй хүүхэд хүмүүжиж байна.

Ашиглалтад орсоноос нь хойш нэг удаа буюу 2007 онд 10 сая төгрөгийн засвар хийжээ.

Улсын хэмжээнд энэ мэт урт настай, барилгын чанар, стандарт алдагдсан, нураах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 51 цэцэрлэг, 27 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа.

Ийм аюултай орчинд өнөөдрийн байдлаар 81,650 хүүхэд сурч, хүмүүжиж байгаа юм.

БШУЯ энэ бүх судалгаа, хэрэгцээ шаардлагыг намар ажил эхлэхэд л Засгийн газарт танилцуулсан ч өнөөдрийг хүртэл хөрөнгө, санхүү нь шийдэгдээгүй байна.

Энэ тухай яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Эдийн засгийн хөгжлийн яам сургууль цэцэрлэг шинээр барих асуудлыг нарийвчилж судална гээд гурван сар хүлээлгэж байна” гэсэн хариу өгсөн юм .

Судалгааны дагуу шинээр барих болон шинэчилж сайжруулах 653 цэцэрлэг, 342 сургуульд нийт нэг их наяд 700 тэрбум төгрөг шаардлагатай юм байна.