2013.02.27

Бичиг үсэггүй цөмийн гүрэн

Ираны Боловсролын сайдын өнгөрсөн долоо хоногт хэлсэн үг тус улсын интернэт ертөнц дэх блогчдын орчныг, үймсэн шоргоолжны үүрнээc өөрцгүй болгож орхив.

76 сая хүн амтай Иран улсад тавдугаар ангийн боловсролтой хүн 10 сая гаруй байгаа бол огт бичиг үсэггүй хүний тоо 9.7 саяд хүрсэн хэмээн сайд хэлсэн юм. Блогч Ширзад Абдоллали нэгэн судалгааны данг танилцуулахдаа, Ираны 25-аас дээш насны эмэгтэйчүүдийн 61, мөн тийм насны Эрэгтэйчүүдийн 43 хувь нь л дунд сургуульд суралцаж байснаас хэтрэхгүй гэжээ. Төгсөөгүй, өөрөөр хэлбэл бүрэн дунд боловсролгүй гэсэн үг. Боловсрол доогуур хүмүүс бусдын нөлөөнд автахдаа амархан, бие дааж сэтгэх чадваргүй байдгийг блогчид тэмдэглээд, ард иргэдээ бичиг үсэггүй байлгах нь хоцрогдсон нийгмийн удирдагчдад ашигтай байдаг хийгээд тэд санаа бодлоо ийм хүмүүст тулгаж, бусдад нь ч мөн нялзаахын хамтаар арай боловсролтой хүмүүсийг өөрсдөөсөө хол байлгахыг боддог гэжээ.

Иранд эм худалдан авах төлбөрийн чадвартай хүмүүс цөөхөн байна

Иранд эмийн үнэ огцом өссөн талаар блогчид хэлэлцэхдээ, Эрүүл мэндийн сайд Марзии Дастжердийн огцорсон явдал эмийн үнэ өссөнөөс биш, улс төрөөс үүдэлтэй, учир нь үнэ өсөх нь М.Ахмадинежадад хамаагүй гэсэн байна. Иранд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унаж, гадаадын хориг үйлчилсээр байгаагийн улмаас аптекуудад нь хилийн чанадаас ирсэн эм байхаа больсон бөгөөд энэ нь хүнд өвчтөнүүд, хорт хавдартай хүмүүст илүүтэй хэцүү тусч байгаа аж. Khoda hamin naz-diki-hast (Бурхан дэргэд) хэмээх блогийн эрхлэгч өөрөө эмнэлэгт хэдэн өдөр ажилласан тухайгаа бичжээ. Өдөртөө хэдэн зуун хүн үзүүлэхээр ирж байсны дотор, эм худалдаж авах санхүүгийн бололцоотой нь тоотой хэдхэн байсныг тэрбээр дурьдсан байна. Төрөөс хэрэгжүүлж буй “Өрхийн эмч” төслийн хэрэгжилтийн талаар бичсэн нэг блогч, эмч хүрэлцэхгүйгээс Шираз хотын нэг эмчид 3000 хүртэлх тооны өвчтөн ноогддог гэжээ.

“Ираны тамирчид Америкт тэмцээнд очоод ерөнхийлөгчтэй нь ингэж зургаа авахуулсан бол нутагтаа ирээд буудуулах биз”

Тегеранд саяхан болсон чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Иранчууд ялсан талаар блогчид идэвхтэй хэлэлцэж байна. АНУ-ын Төрийн департамент Ираны багийн ялалтад баяр хүргээд, Америк тамирчдыг найрсгаар хүлээн авсанд талархсанаа илэрхийлсэн нь блогчдыг янз янзаар дуугарахад хүргэжээ. “Google Plus”, дахь АНУ-ын департаментын хуудсанд нэг хүн персээр бичихдээ “Иранчууд зочломтгой улс. Бусдыг ч хүндэтгэдэг. Харин хэн нэг нь манай газар нутаг болоод бидний ашиг сонирхолд халдах нь байтугай энэ тухай санаархах л юм бол бид тэр этгээдүүдийг үнсэн товрог болгоно. Мэдээд ав гэж үүнийг бичлээ” гэжээ. М.Ахмадинежад тэмцээн дээр очиж, Америк бөхчүүдэд шагнал гардуулан зургаа авахуулсан талаар олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Ираны ерөнхийлөгч Америкийн далбааны өмнө багийнх нь ахлах дасгалжуулагчтай авахуулсан зургийг хүмүүс илүүтэй үзжээ. Twitter-т нэг хүн энэ талаар бичихдээ “Ираны тамирчид Америкт тэмцээнд очоод ерөнхийлөгчтэй нь ингэж зургаа авахуулсан бол нутагтаа ирээд буудуулах биз” гэжээ.