2012.09.18

Спортын төв ордны асуудлаар спортынхны саналыг сонслоо

1958 онд ашиглалтад орсон Спортын төв ордны барилгыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар цаашид энэ чигээр нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт хоёр ч удаа гарчээ.  Тиймээс энэ барилгын суурин дээр спортын орчин үеийн цогцолбор барихын тулд тус ордныг нийтийн дуудлага худалдаанд оруулах асуудлыг судлах Ерөнхий сайдын захирамж гарсан байна. Энэ асуудлын хүрээнд спортын байгууллагын удирдлагууд, багш, дасгалжуулагчид Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай өнөөдөр уулзлаа.

Засгийн газрын тэргүүн “Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монгол Улсын иргэнд насан туршид нь сар бүр урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар дэмжсэн. Энэ  зарлиг хүүхэд залуусыг их спортод урин дуудсан дуудлага болж байна.

Агентлагийн хэмжээнд байсан Биеийн тамир спортын газрыг бодлогын хэмжээнд тавьж Соёл, спорт, аялал жуулчлалын яам байгуулсан гэдгээ уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Нөгөөтэйгүүр Спортын ордныг дуудлага худалдаанд оруулах Засгийн газрын шийдвэр гараагүй, судалгаа хийж байна. Дуудлага худалдаагаар зарсан нөхцөлд худалдаагаар орж ирсэн хөрөнгийг Спортын шинэ ордон барих хүртлэх хугацаанд тамирчдын бэлтгэлд зарцуулах, мөн шинэ барилгад одоо байгаа талбайн хэмжээний зай талбай гаргана гэсэн нөхцөл тавих учиртай гэдгийг төлөвлөсөн. Ийм төлөвлөгөөтэйгээр судалж байна. Тиймээс та бүхэнтэй уулзаж санал бодлыг чинь сонсох гэсэн юм гэж Засгийн газрын тэргүүн тэмдэглээд Шинэчлэлийн Засгийн газар аливаа шийдвэрийг гаргахдаа холбогдох бүхий л хүмүүстэй ярилцана, дангаараа, нууцлагдмал байдлаар шийдвэр гаргахгүй гэлээ.

Спортын байгууллагын төлөөлөл энэ үеэр санал хэлэхдээ энэхүү ордон нь хотын төвд байрлах дасгал сургуулилалтын ганц байгууламж. Буянт-Ухаад баригдсан 5000 хүний суудалтай ордон бол зөвхөн уралдаан тэмцээн зохион байгуулах зориулалттай, тамирчдын бэлтгэл сургуулилалт хийх заал, танхим байхгүй. Олимпод бэлтгэх тамирчид жилд 1500 цагийн бэлтгэл хийх учиртай байдаг. Тамирчдын бэлтгэл тасарна. Тиймээс Засгийн газраас саяхан шийдвэр нь гарсан Спортын бэлтгэлийн төвийг байгуулагдтал энэ асуудлыг хойшлуулахыг хүслээ. Иймд 50 гаруй жилийн настай, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон энэхүү ордны асуудлыг хэсэг хугацаанд хэвээр үлдээхээр боллоо.

Харин  энэ хурлын үеэр хөндөгдсөн спортын гэсэн тодотголтой олон барилга байгууламжийн талаарх бүхий л мэдээллийг багцлан Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэлд өгөөд спортын барилгуудын ашиглалт, менежментийг сайжруулах талаар арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Ард түмний хандив, төсвийн  дэмжлэгтэйгээр боссон Бөхийн өргөө нь урлагийнхны тоглолтоо явуулдаг улаан булан болсон. Буянт-Ухаа дахь спорт цоцолбор нь бараг ашиглалт байхгүй, тиймээс сар бүр улсын төсвөөс 75 сая төгрөг авч байдаг зэрэг спортын барилгуудтай холбоотой олон асуудал энэ хурлын үеэр хөндөгдлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж
ЗГХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.