Олимпийн наадам Их Британий эдийн засгийг аварч чадах уу?
2012.08.01

Олимпийн наадам Их Британий эдийн засгийг аварч чадах уу?

Олимпийн наадмыг зохион байгуулах нь улам бүр ашиггүй болсоор байгааг дэлхийн судалгааны байгууллагууд баталж байна. Тодруулбал Лос-Анджелес (1984 он), Барселон (1992 он),  Атлант (1996 он) хотод зохион байгуулагдсан Олимпийн наадам ашиг авчирсан бол Мюнхен (1972 он), Монреал (1976 он) алдагдал хүлээсэн хэмээн “Goldman Sachs” мэдээллээ.


Өдгөө Их Британий эдийн засаг хүнд байдалд байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн олон улирал дараалан унасаар л. Засгийн газар нийгмийн зардлаа танаж, улс орон даяар ажилгүйдэл нүүрлэжээ. Иймээс британичуудын дийлэнх нь Лондоны Олимпийн наадамд сэтгэл дундуур байгаа гэнэ.



Энэ наадамд Англи улс бараг 9.3 тэрбум фунт стерлинг буюу 15 тэрбум доллар зарцуулсан. Энэ нь анх төлөвлөснөөс 3.8 дахин их гэсэн үг. Мэдээж, англичууд хэрэндээ л хэмнэлт гаргаж, тэр бүү хэл Олимпийн наадмыг “эко” болгохыг хичээжээ. Жишээлбэл Лондоны Олимпийн цэнгэлдэх хүрээлэн бол дэлхийн хамгийн хөнгөн бөгөөд “ногоон” нь. Яагаад гэвэл түүнийг барихад 2500 тонн хуучин ган хоолой /байгалийн хий дамжуулж байсан/ ашиглажээ.

 

Мөн ёслолын ажиллагааг зохион байгуулах найруулагчаар Денни Бойлыг сонгосон нь учиртай. Тэрбээр харьцангуй бага төсөвтэй ч ашиг орлого их авчирдаг кино хийдгээрээ алдартай. Түүний “Ядуусын хорооллын саятан” хэмээх алдарт кино ердөө 15-хан сая долларын төсөвтэйг хүмүүс мэдэх байх.
Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон “Энэхүү Олимпийн наадам нь үнэн хэрэгтээ эдийн засгийн хөгжлийг урагшлуулна” гэсэн мэдэгдлийг давтсаар байгаа ч түүнтэй санал нийлэхгүй хүмүүс олон байна.


The Slate”-ийн Мэттью Иглесиас “Ойрын ирээдүйн хувьд Д.Кэмероны зөв. Олимпийн наадам нь Их Британий эдийн засагт багахан хэмжээний амь аврах тариа боллоо. Гэвч удаан хугацааны хэтийн төлөвийг авч үзвэл Олимийн наадам ашигтай гэсэн тайлбар үнэмшилгүй сонсогдож байна” хэмээн шүүмжилжээ.

Үүнийг батлах мэт “Goldman Sachs” Лондоны Олимпийн ачаар Их Британий Дотоодын нийт бүтээгдэхүүн 3-р улиралд 0,3–0,4%-иар нэмэгдэнэ, гэхдээ 4-р улиралд энэ ашиг бараг арилах аюултай хэмээжээ. Улмаар хөрөнгө оруулагчид Их Британий эдийн засагт итгэхээ больж, рейтингийн агентлагууд тус улсын дээд рейтингийг бууруулж магадгүй байна. Лондоны Олимп зарцуулсан мөнгөөсөө бараг 2 дахин бага ашиг олно гэж “Goldman Sachs”-ынхан одоогоор тооцоолжээ. Энэ нь Хятадын Бээжингийн Олимпийн наадмаас дөрөвний нэгээр бага байх юм хэмээн “Bloomberg” агентлаг мэдээлэв.


Зохион байгуулагч улс орнуудын эдийн засагт Олимпийн наадам хэрхэн нөлөөлдөг талаар олон судалгаа хийсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь Олимпийн наадмын өгсөн эдийн засгийн эерэг үр дүнд спортгүйгээр /энэ наадмыг зохион байгуулаагүй тохиолдолд ч/ хүрэх боломжтой байсан гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл хэрэв энэ арга хэмжээнд зарцуулсан мөнгийг өөр зорилгоор ашигласан бол тухайн улс орнуудын Засгийн газар дор хаяж иймэрхүү үр дүнтэй байх байжээ. Тэгээд ч тухайн улс орнуудын олсон гол ашиг орлого нь спортын объектуудын барилгууд бус, жуулчдын урсгал ч биш, харин спорттой огт холбоогүй хүчин зүйлс болох тухайн улс, хотын дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалтаас ирдэг аж.


Мэдээж, лондончууд Олимпийн наадам явуулах өргөдлөө 2003 онд өгсөн тул хямралт үе тохиохыг мэдээгүй тул одоо хүчээ дайчлахаас өөр замгүй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.