Х.Баттулга ирэх дөрвөн жил МЖБХ-г удирдана
2012.10.18

Х.Баттулга ирэх дөрвөн жил МЖБХ-г удирдана

 
Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд өчигдөр хуралдаж, Бээжингээс Лондон хүртэл олимпийн циклийн хугацаан дахь үйл ажиллагаа, Лондонгийн олимпийн тайланг хэлэлцлээ. Тайлангийн хуралд МЖБХ-ны дасгалжуулагчдын, шүүгчдийн, мастерын гээд спорт, техникийн зөвлөлүүд тайлангаа тавьсан байна.

Хүлээлт үүсгээд байсан МЖБХ-ны ерөнхийлөгчийн асуудлыг өчигдрийн хурлаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ирэх дөрвөн жил тус холбоог үргэлжлүүлэн удирдахаар болжээ. 2006 оноос хойш МЖБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж, олимп, дэлхийн аваргыг төрүүлсэн тэрбээр тохирох хүн байвал холбооны ерөнхийлөгчийн ажлыг хүлээлгэж өгөх бодолтой тухайгаа өмнө нь хэлж байсан юм.

Түүнчлэн өчигдрийн хурлаар холбооны дэд ерөнхийлөгчдийг хэвээр баталж, Г.Батжаргал, Ж.Чулуунбаатар, Н.Баттулга, Г.Батжаргал, н.Хаянхярваа, н.Ариун-Эрдэнэ нарыг МЖБХ-ны дэд ерөнхийлөгчөөр баталжээ. Ингэснээр ирэх дөрвөн жилийн хугацаанд тус холбоо 41 дэд ерөнхийлөгчтэй ажиллах юм байна.
Холбооны тайлангийн хурлаас гаргасан бас нэг чухал шийдвэр нь Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг өргөтгөх ажээ.

Гадны орнуудын шигшээ багийн бүрэлдэхүүнтэй харьцуулан судалж, дээр нь Монголын жүдочдын тив, дэлхийд гаргаж буй амжилтыг үндэслэн Жүдо бөхийн шигшээ багийг 56 тамирчин, эрэгтэй, эмэгтэй тус бүр 28, долоон дасгалжуулагчтай байхаар шийдвэрлэсэн байна. Өмнө нь 33 тамирчин /21 эрэгтэй, 12 эмэгтэй/, дөрвөн дасгалжуулагч багштай үйл ажиллагаагаа явуулж байсан шигшээ багийн бүрэлдэхүүнийг нэмснээр баг тамирчдын амжилтад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж буй юм. Шигшээ багийн тамирчдыг сонгохдоо ирэх 2013 оны УАШТ болоод олон улсын чанартай тэмцээнд үзүүлсэн амжилтыг харгалзан үзэж, холбооны зүгээс Спорт бэлтгэлийн төвийн дэргэхэд Үндэсний шигшээ багт санал хүргүүлэх юм байна. Шигшээ багт ажиллах дасгалжуулагчдын хувьд ч мөн дээрх байдлаар сонгон шалгаруулах ажээ. Мөн жүдо бөхийн залуучуудын болон өсвөр үеийн шигшээ багийг байгуулахаар болжээ.

МЖБХ-ны тайлангийн хурлаар мөн тив, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад мөнгөн шагнал олгох тухай асуудлыг хэлэлцэж, энэхүү саналаа ССАЖЯ-ны харьяа Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэхээр болсон байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.