Боловсролтой зөв монгол хүүхэд – Монголын ирээдүй
Зөвлөгөөний өмнө цэцэрлэг, сургуулиуд үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн гаргасан байлаа.
2012.10.29

Боловсролтой зөв монгол хүүхэд – Монголын ирээдүй

Нийслэлийн боловсролын газраас “Сургалтын байгууллагын үйл ажиллагаанд сурагч, эцэг эх, олон нийтийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Боловсрол ба эцэг эх” сэдэвтэй эцэг эх, асран хамгаалагчид, багш, сурган хүмүүжүүлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав. Эцэг эхчүүдэд зориулсан энэ зөвлөгөө цаашид нийслэлийн бүх сургуулиудад зохион байгуулагдан үргэлжлэх аж.

Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Баатархүү, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, БШУ-ы дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Суурь, бүрэн боловсролын хэлтсийн дарга А.Туяа, эцэг эхчүүд, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, зарим ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөний үеэр: Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганы хэлсэн үг

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана

Хүүхэд зөв монгол хүн болон төлөвшихөд сайн багш, сайн сургууль, цэцэрлэгийн удирдлагаас гадна өдөр тутам хүүхэдтэйгээ хамт байдаг эцэг эхчүүд чухал нөлөөтэй.

Нийслэлд 211 сургууль, 342 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч 27 сургууль шинээр барих, сургуулийн өмнөх насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулахын тулд 132 цэцэрлэг шинээр барих шаардлагатай байна. Өнөөгийн ажиллаж буй сургууль, цэцэрлэгээс 45 цэцэрлэг, 19 сургуулийн барилгад ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гараад байгаа. Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100% хариуцаж байгаа хэдий ч хүрэлцээ хангалтгүй байна. Сурах бичгээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хоол, бага ангийнхны үдийн цайг төрөөс мөн хариуцаж байна. “Үнэгүй юм үнэгүй л байдаг”. Бүх зүйлийг төрөөс хариуцах боломжгүй. Ямар хүнийг боловсролтой хүн гэх вэ? Бидний хүүхэд идэвхгүй, нээлттэй бус байна. Бид сургууль, цэцэрлэгээс гадна нийгмийн бүхий л давхарга, гэр бүл, үйлчилгээний байгууллага, ТББ-тай хамтран ажиллах шаардлагатай байгаа юм. Гэр бүл бол хүний зан төлөвийн төлөвшилд шийдвэрлэх нөлөөтэй. Зөв сайн хүн болон төлөвшихөд эцэг эх, гэр бүл 30%, сургууль, цэцэрлэг 30%-ийн нөлөөлөл үзүүлж, хүүхэд өөрөөс нь 40% нь хамаарна гэсэн судалгааны дүн ч байдаг.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хэлсэн үг:

Би уг нь албаны үгтэй мэндчилгээ бэлтгэж ирсэн. Гэвч Ц.Отгонбагана даргын хэлсэн зүйлтэй уялдуулан мэндчилгээгээ хойш тавьж, албархалгүй яръя гэж бодлоо.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл

1992 онд манай улсад анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсан. Энэ үндсэн хуульд 2 чухал заалт бий. 6 дугаар зүйлд “Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гээд үүнтэй холбоотой нэг заалт нь 19.2 дугаар зүйлд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төр хариуцна” гэсэн байдаг. Энэ заалтуудыг бид баримталж, хэрэгжүүлж ирсэнгүй. Харин ч бүр дордуулж ирсэн. Хүүхдийн тоглоомын талбайд нь байшин барьчихна, орон сууцных нь нарыг хаагаад барилга барьчихна, орцноосоо гарахаар хүмүүс онхолдож унахаар болсон. Хүмүүс, бага насны хүүхэд гудамж талбайд осолдсоор байна.

Бид нийслэлд судалгаа хийхэд 24 хэсэг дээр бага насны хүүхдэд эрсдэлтэй байхаар байна. Иймд эцэг эх хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахаас өөр аргагүйд хүрч байна. Хандгайтаас 7 настай хүүхэд 7 буудал руу гүйж хичээлдээ ирж байна. Тэгэхээр нэг бол зардлыг нь хариуцан бага насны хүүхдийг сургууль руу нь автобусаар зөөх, эсвэл гэрийнх нь ойр сургуулийг нь барьж байгуулж өгөх хоёр арга зам бий.

Гадны оронд бага насны хүүхэд гэрээсээ сургууль хүртэл 20 минутаас илүү хугацаагаар явж хүрэхийг хорьсон хуулийн заалт байдаг юм билээ. Гэрээсээ тэр их хол замд явж, цочирдсон хүүхдийг яаж сур гэх юм. Би 9 дүгээр сарын 1-нд 12 дугаар сургуульд дээр очиж нээлтэнд нь оролцсон. Хүүхдүүдийн зарим нь баяр хөөртэй л байсан, зарим нь “ээжээ”, “ааваа” гээд уйлаад сууж байсан. Тийм байдалд байгаа хүүхдийг бид “юм сур” гээд дарангуйлах уу.

Зургаан настай хүүхэд гэрээсээ гараад ямар ч аюул осолгүй сургуульдаа хүрчихдэг тийм л орчныг бүрдүүлэх ёстой. Сургууль эцэг эх рүү ойртоно.

Тэгэхээр хотын зах руу хүүхдийн гэрийн ойр орчинд бага сургуулийг тусад нь барих нь зүйтэй гэж үзэж байгаа. Бага ангийнхныг гаргахаар бусад сургуулийн дунд, ахлах ангиудад зай талбай, анги танхим нэмэгдэнэ. Бага ангийнхан томчуудынхаа болох, болохгүй зүйлийг харж, тэднээс муу юм сураад байхааргүй ч болно. Тэгээд ер нь бага ангийн багш нарын цалинг хамгийн өндөрт тавъя. Ямар хүн болох нь энэ насандаа л шийдэгддэг. Тэд эцэг эхтэй ижил түвшний үүрэг гүйцэтгэж, өндөр хариуцлага хүлээдэг.

Цэцэрлэгийн асуудал. Ажилтай иргэдийн хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэхдээ ажилтай нь ойр байвал зүгээр байгаа юм. Хүүхэд нь хажууд нь ойрхон цэцэрлэгт байхад эцэг эхийн санаа ч амгалан тайван байх болно. Тэгэхгүй хотын нэг захад хүүхдээ цэцэрлэгт өгдөг, тэгээд нөгөө зах руу нь ажилдаа явдаг. Тэгэхээр хүүхдээ авах гээд ажлаасаа түрүүлж гарч гүйх болдог гэх мэт олон асуудал үүсдэг. Ер нь эцэг эхийн бярыг үзэх гээд байгаа юм уу, сэтгэлийн тэнхээг нь шалгаад байгаа юм уу. Одоо бол ийм л зохицуулалттай байна.

Сая үүдэнд 35 дугаар сургуулийнхантай уулзахад Эцэг эхийн зөвлөл нь их аятайхан ажил хийдэг юм байна.

Эцэг эх жижүүрлээд сургуулийн орчны замын хөдөлгөөнийг зохицуулж, хүүхдүүддээ осол аюулгүй ирж, очих нөхцөлийг бүрдүүлдэг байна. Зарим улс оронд бага сургуулийн хүүхдүүдэд тусгай малгай өмсгөдөг юм билээ.Тэгээд жолооч нараас гадна ойр орчных нь бүх хүн тэдэнд анхаарал тавьдаг, тусалдаг. Хот байгуулалттай уялдуулаж энэ бүхнийг шийдэх шаардлагатай.

Үүнийг хэлэлцүүлгийн явцад хаа хаанаа сайн ойлголцох хэрэгтэй шиг байна. Би нэг том даргад санаагаа хэлсэн. Гэтэл “Юун ч эрх танхи юм бэ дээ” гэж байна лээ. Тэр хүн өөрөө багадаа мориор хичээлдээ явдаг байсан байх. 1 сая 100 мянган хүн холхилдсон, XXI зууны хот ийм байж яав ч болохгүй ээ.