Цэцэрлэгүүдэд 20-30 хувийн нэмэгдэлтэй үнээр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байна гэв
УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар Л.Гантөмөр, Ц.Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдийн хамтаар гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлснээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэх 7,5 тэрбум төгрөгийг баталсан билээ. Ингэснээр нэг хүүхдэд оногдох хоолны зардал 1100 төгрөг байсныг ирэх сарын нэгнээс эхлэн 1600 төгрөг болгоно.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын НББСШУБХ-ноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн талаар судалгаа хийсэн байна. Орон нутгийн төрийн өмчийн харъяалалтай “Хүнс хангамж” компаниуд харьяа дүүргүүдийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг боловч зах зээл дээрх жижиглэнгийн үнээс даруй 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цэцэрлэгүүдийн хүнсийг нийлүүлж байгаа үзүүлэлт гарчээ. Тодруулбал,
№ |
Хүнсний бүтээгдэхүүний нэрс |
“Хүнс хангамж” компаний нийлүүлж буй үнэ |
Зах зээл дээрх жижиглэнгийн үнэ |
Нэмэгдэл хувь, хэмжээ |
1 |
Хонины мах |
7000 төг |
5600 төг |
30% |
2 |
Цагаан будаа |
2000 төг |
1400 төг |
30% |
3 |
Шар будаа |
2100 төг |
1000 төг |
55% |
4 |
Гурил |
800 төг |
600 төг |
20% |
5 |
Ургамлын тос |
3000 төг |
2700 төг |
10% |
6 |
Төмс |
600 төг |
350 төг |
40% |
7 |
Лууван |
800 төг |
450 төг |
40% |
170 хүүхэдтэй нэг цэцэрлэг 7 хоногийн хүнсний хэрэглээгээ 1 сая 23 мянган төгрөгөөр “Хүнс хангамж” компаниас авч байгаа бол зах зээлийн үнээр дэлгүүрээс 780 мянган төгрөгөөр буюу даруй 30% хямд үнээр авах боломжтой байгаа юм. Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2005 оны 225 тоот тушаалаар хүүхдийн хоногийн хоолны норм, шим тэжээлийн илчлэгийг тогтоосон байдаг. Энэ стандартаар 4-6 насны хүүхдийн хоногт хэрэглэх махны хэмжээ 170 гр байх ёстой. Гэвч өнөөдөр нэг хүүхдэд хоногт 40 гр орчим мах оногдож байгаа нь хоногийн хэрэгцээнийхээ дөнгөж 30%-ийг л авч байна гэсэн үг юм.
Хэдийгээр УИХ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоохгүй бол ямар ч үр дүнгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэж, хүнс хангамж нэртэй компани байх шаардлагатай эсэх дээр анхаарах цаг болсныг санууллаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах, эсхүл үнэхээр зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах гарц байгааг тэрээр дурьдсан. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид үдийн хоолондоо хордсон гэх явдал энэ долоо хоногийн эхээр гарсантай холбогдуулан үдийн хоолны асуудлыг ч анхааран ажиллахаа илэрхийлэв.