2012.09.04

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 2100 төгрөг болно

БШУЯ-наас цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг шинэчлэн тогтоохоор төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан аж.  Энэ талаар  тус яамны  Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Б.Дуламхандаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх гэж байгаа гэсэн үү?
-Засгийн газрын 2009 оны 85 дугаар тогтоолоор баталсан цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг шинэчлэн тогтоохоор төслийг Засгийн газарт хүргүүлээд байгаа.
-Ямар шалтгаанаар нэмэх болсон юм бол?
-Хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндийг дэмжиж, бага насны хүүхдийн дунд түгээмэл тохиолдож байгаа уураг, илчлэг, сульдаа цус багадалт, иод дутагдал зэрэг өвчлөлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүүхдийн хоолонд ихээхэн анхаарал тавьж байгаагийн нэг жишээ нь цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зарцуулах төсвийг нэмэгдүүлж, зардлыг төр хариуцах шийдвэр гаргасан явдал. Гэхдээ МХЕГ-ын гаргасан дүгнэлтээр цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолыг хангалтгүй гэж үзсэн, Санхүү, хөрөнгө оруулалтын газраас олгож буй үнэ мөн хангалтгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан. Мөн Засгийн газраас 2009 онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын үнийг баталж байсан. Тиймээс гурван жилийн өмнө баталсан үнэ одоогийн зах зээлийн үнэ ханшид нийцэхгүй байгаа учраас нэмж байгаа.
-Нэг өдрийн хоолны мөнгийг хэд болгох гэж байгаа вэ?
-Одоо цэцэрлэгийн өдрийн ангийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал нь 1100, 24 цагийн цэцэрлэг 1600 төгрөг байдаг. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл, эрүүл ахуйн баталгаат байдлыг хангах, хоолны амт чанарыг тогтвортой байлгах, цэцэрлэгийн хоолны чанар, стандартад хяналт тавих үйл ажиллагааг сайжруулах, хоол хүнсний хангамжийг дээшлүүлэхээр өргөн бариад байгаа тогтоолын төсөлд өдрийн ангийн хүүхдийн хоолны зардлыг 2100, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийнхийг 2600 төгрөг болгохоор төлөвлөөд байгаа.   
-Уг тогтоолын төсөлд өмнөх төслөөс онцлог зүйл орсон уу?
-Тогтоолын нэг онцлог нь сувиллын болон тусгай цэцэрлэгийг онцолж өгсөн. Учир нь сувиллын болон тусгай цэцэрлэгийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалтай, сувилал асаргаа их шаарддаг. Тиймээс өдрийн хоолны мөнгийг нь 10-20 хувиар нэмэгдүүлэхээр заасан байгаа.
-Тогтоолын төсөл  гаргахын тулд  судалгаа хийсэн байх?
-Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр цэцэрлэг дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн Эрүүл мэндийн яам, БШУЯ хамтран судалгаа явуулсан.  Судалгаагаар цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоол хангалттай биш байсан. Тэгээд ч эцэг,эхчүүдийн санал хүсэлтийг бас харгалзаж үзсэн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.