Байгаль орчинд ээлтэй сургууль болно
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль өвөл халдаггүй, ханан дээр нь 2 см зузаан мөс тогтдог байж. Төвийн халаалтанд холбогдоогүй уурын зуухандаа нүүрс түлдэг байсан тус сургуульд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг ( USAID ) болон Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг ( GIZ ) тусламжийн гараа сунгасан байна. Ингэхдээ тус сургуулийн халаалтанд сэргээгдэх эрчим хүч ашиглахын зэрэгцээ дулаалгын иж бүрэн арга хэмжээ авсан гэнэ. Дулаан техникийн засвар шинэчлэлийн үр дүнд дулааны эрчим хүчний хэрэглээ болон CO2-ын ялгарал буурна гэж танилцууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгож буй тус сургуульд энэхүү тусламжийг үзүүлсэнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан талархал илэрхийллээ. USAID, GIZ-ийн хамтран хэрэгжүүлж буй энэ төсөл барилгын салбарт шинэ технологи болж байна. Улаанбаатар хотыг байгаль орчинд ээлтэй хот болоход тус дэм болох дулаан техникийн засвар шинэчлэлтийн төслийн хүрээнд 63 дугаар сургуулийн сурагчид тав тухтай дулаан орчинд сурч боловсрох боломжтой болсонд баярлаж байна гэлээ.
Сонирхуулахад Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг ( GIZ )-ээс Улаанбаатар хот дахь нийтийн орон сууцнуудад дулааны алдагдлыг бууруулах талаар судалгаа хийсэн байна. 1980-аад оноос өмнө барьсан орон сууцнуудад дулаалгын арга хэмжээ авахад хотын хэмжээнд 400 сая ам доллар шаардлагатай гэсэн тооцоог тэд гаргажээ.