Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулна
2012.03.05

Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулна

2012 оны 3-р сарын 2-ны өдөр Эдельвайз зочид буудлын хурлын танхимд “Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах арга зам” сэдэвт сургалтыг “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115-MON төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх баг, БЗД-ийн Нэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа. Сургалт семинарт ЭМЯ, АХБ-ны JFPR 9115-MON төслийн зөвлөх, БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтэс, Монконсалт ХХК, Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ, БЗД, ЧД, СХД-ийн хороодын хөгжлийн нийгмийн ажилтан, засаг дарга, өрхийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон холбогдох удирдах ажилтанууд хамрагдаж, сургалт семинарыг JFPR 9115-MON төслийн дотоодын зөвлөх Н.Нарангэрэл чиглүүлэн удирдав.

Семинарын үеэр Эрүүл мэндийн даатгалын хууль, эрхзүйн орчин сэдвээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төслийн мэргэжилтэн Б.Ганбат, Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн даатгалд хэрхэн хамруулах туршилтын загвар сэдвээр БЗД-ийн 23-р хорооны Нэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Чанцалмаа, Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг хамруулах загвар төслийн судалгааны тайлан сэдвээр мөн өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Ц.Наранчимэг, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулахад хорооны ажилтнууд болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарын оролцоо сэдвээр БЗД-ийн нийгмийн даатгалын хэлтсийн ЭМД-ын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Хандмаа нар тус тус илтгэл тавив.

Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах туршилтын загвар төслийг БЗД-ийн 23-р хорооны Нэмүүлэн өрхийн эрүүл мэндийн төв хэрэгжүүлж байгаа бөгөөд ЭМЯ, АХБ хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115-MON төслөөс санхүүжүүлж байгаа юм.Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг хамруулах загвар төслийн судалгааны тайлангаас харахад эмзэг бүлгийн иргэдийн ЭМД-д хамрагдахгүй байгаа гол шалтгаан нь иргэдийн санхүүгийн боломж хомс, ажилгүйдэл, ажил олгогч нараас даатгалын шимтгэлийг төлдөггүй болон иргэний бичиг баримтгүй, бүртгэлгүй, ЭМД-ын тухай мэдлэг султайгаас болж байгаа нь харагджээ.Төсөлд Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24, 25-р хороодын эмзэг бүлгийн эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй иргэд хамрагдаж байгаагаараа онцлог.

Төслийн хэрэгжилтийн үр дүнд ЭМД-д хамрагдаагүй байсан Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны эмзэг бүлгийн нийт иргэдийн 80 хувийг ЭМД-ын хамралтыг баталгаажуулж, даатгалд хамрагдах юм.Семинарын явцад Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах туршилтын загвар төслөөс дэвшүүлж буй санал зөвлөмжүүдийг хэлэлцэн, эмзэг бүлгийн иргэдийг даатгалд хамруулахад хороо, өрхийн эмнэлгийнхний оролцоо чухал буйг тодорхойлж, 21 хоногийн бүтээлч ажлын аянг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж
Эрүүл мэндийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.