Спорт зал, цэцэрлэгт 1,286,7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байв.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцууллаа.
Засгийн газраас жил бүр хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заалыг шинээр барих, өргөтгөх тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгийн одоогийн суудлын хүчин чадал, багтаамж нь ялангуяа хот, суурин газарт үүсэн бий болж буй хэрэгцээг хангаж чадахгүй байгаа аж. Тиймээс салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нийт 306,1 мянган хүүхдийн хүчин чадалтай 1121 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгыг шинээр барихад 1,286,7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны хүчин чадал сайжирч, спорт, биеийн тамирын заалны хомсдол арилж, хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжих бодлого хэрэгжилт сайжирна гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзлээ.