Газраа чөлөөлсөн хороо хамгийн түрүүнд сургуультай болно
Нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмж байнга яригддаг асуудлын нэг. Энэ талаар болон ерөнхий боловсролын зарим асуудлаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай ярилцлаа.
-Одоогийн байдлаар 30 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна. Тэд зургаан нас хүрээд сургуульд орох гэхээр мөн л барилга, байгууламжгүйгээс болж, чанартай боловсрол олж авч чадахгүйд хүрээд байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа нь нийслэл төдийгүй улсын хэмжээнд яригдах томоохон асуудлын нэг болсон. Үүнийг шийдэхийн тулд 920 хүүхдийн суудалтай 27 сургууль, 280 ортой 132 цэцэрлэг нэмж барих шаардлагатай.
Нийт 1.7 их наяд төгрөгөөр босох эдгээр барилгыг улсын төсвөөр барихад хүндрэлтэй. Гэхдээ бид боломжгүй гээд суувал байдал улам хүндрэх нь ойлгомжтой. Тиймээс ирэх оны төсвөөс 23 сургууль цэцэрлэг, спортын заал барихаар төлөвлөж байна. Дээр нь олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтаар канад технологи бүхий 17 цэцэрлэгийн байр барина.
Зөвхөн байшин барилгын хойноос хөөцөлдөхгүй, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг, хүртээмжтэй болгохын тулд БШУЯ-наас «Хүүхэд харах үйлчилгээ»-г боловсруулж, УИХ-д оруулахад бэлэн болсон.
Энэ үйлчилгээг хүүхдийн цэцэрлэгийн хялбаршуулсан хэлбэр гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, нэг гудамж, нэг орцонд аль боломжтой айл нь хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх юм. Тэр айл харж байгаа хүүхдүүдийнхээ хувьсах зардал, багшийн цалинг авна гэсэн үг. Үүнтэй холбогдсон хууль журам гарахаар бүр тодорхой болно.
-Нэгэнт бөөнөөр нь сургууль, цэцэрлэгийн барилгыг барих боломжгүй учраас хүүхдийн сурч, боловсрох эрхийг хангахын тулд олон суваг хайх нь зүйтэй. Хүүхэд харах үйлчилгээнээс өөр ямар арга байна вэ?
-Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг эцэг, эхэд ойр, хүртээмжтэй байлгах өөр нэг арга бол албан байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг цэцэрлэг юм. Тухайлбал, энэ ажлыг үлгэрлэж, ирэх онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөж байна.
-Харин дунд сургуулиудын хувьд?
-Одоогийн байдлаар бага, дунд, ахлах ангиуд хичээллэх зориулалт бүхий 920-960 хүүхдийн сургууль баригдаж байна. Ирэх дөрвөн жилд энэ байдлыг арай өөр аргаар шийдвэрлэхээр төлөвлөсөн. Бага насны хүүхдүүдийг гэртэй нь ойртуулахын тулд хороо бүрт хүн амаас нь шалтгаалж 320-480, 580-640 хүүхдийн бага сургууль байгуулахаар төлөвлөж байгаа.
Энэ нь хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэж хол явахгүй. 10-14 насны хүүхдүүд өөрсдөө хичээлдээ явах боломжтой болно. Хоёрдугаарт, одоо сургууль бүрийг автобустай болгох зорилт тавьсан. Хэрвээ хороо болгон бага сургуультай болчихвол энэ асуудал шийдэгдэнэ.
-Сургууль,цэцэрлэгбариххөрөнгө мөнгөний асуудлыг шийдлээ гэхэд, барих газар нь олдохгүй гэх хүндрэл гардаг?
-Тийм ээ. Газрын асуудал хөрөнгө мөнгөнөөсөө илүү хүндрэлтэй байгаа нь үнэн. Өнөөдөр цөөн тооны сургууль дээр өргөтгөлөөр бага сургуулийн хэмжээний барилга барьж байна. Хотын захаар сургууль цэцэрлэг барих боломжтой ч орчин, байрлал зэргээс болж хүндрэл гардаг. НЗДТГ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийг боловсруулж байгаа. Энэ нь гэр хорооллуудад сургууль, цэцэрлэгийн барилга барих давхар ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод газраа чөлөөлсөн хороо хамгийн түрүүнд бага сургууль, цэцэрлэгтэй болох нь гэж ойлгож болно.
-Замбараагүй баригдсан орон сууцны хорооллуудыг цэгцэнд оруулж, сургууль цэцэрлэгтэй болгох боломж байна уу?
-Манайхан нэг хэсэг зөвхөн орон сууц л барьсан. Тэнд нь сургууль цэцэрлэг байхгүй. Тиймээс орон сууцны хорооллын дахин төлөвлөлтийн талаар ч гэсэн яригдаж байгаа.
Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж та бүхний төлөвлөж байгаагаар нэмэгдлээ гэж бодоход багшлах боловсон хүчний хувьд хүртээмж, чанар хэр байна вэ?
-Мэргэжлийн багшлах боловсон хүчин 99хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, багшийн хүртээмж хангалттай гэсэн үг. Харин боловсролын чанар муу байгааг сургуулиуд ч хүлээн зөвшөөрч байна.
Энэ нь шинээр багш болоод очиж байгаа боловсон хүчинтэй холбоотой болохоор багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын агуулгад өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ чиглэлээр яамнаас тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа.
Ер нь манай улс багшлах боловсон хүчнээ МУБИС-д зонхилон бэлтгэдэг. Тиймээс сургуулийн сургалтын орчныг сайжруулах, босго оноог нь өндөрсгөх, багшлах дур сонирхолтой хүүхдүүдийг элсүүлэх гэх мэт арга хэмжээг авах болно.
-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс ямар нэгэн байдлаар мөнгө татдаг гэсэн асуудал яригдаад удаж байна. Энэ асуудал юунаас болж үүсээд байна вэ?
Улсын төсвийн 21 хувийг боловсролын салбарт зарцуулдаг.
Ингээд харахаар төсвөөс маш их мөнгө зарцуулдаг юм шиг. Гэтэл багшийн хичээлийн хэрэглэгдэхүүн, урсгал засварын зардалд мөнгө нь хүрэхгүй тохиолдол байна. Тухайлбал, урсгал засварын зардал гэж нэг сургуульд 1-3 сая төгрөг өгдөг. 960 хүүхэдтэй, хоёр барилгатай сургууль гурван сая төгрөгөөр зөвхөн нийтийн эзэмшлийн талбай, заалаа л арай гэж засварлана. Бүх ангийг засварлана гэвэл хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Тиймээс ангидаа засвар хийхийн тулд эцэг, эхчүүдээс мөнгө авахаас өөр аргагүй болдог.
Нөгөө талаасаа зарим сургууль, цэцэрлэг ой болох гэж байна, сургуулийн цонхоо вакум болгоё, ширдэг хивсээ сольё гэх зэргээр мөнгө татах тохиолдол гардаг. Энэ нь багш нар болон сургуулийн удирдлагууд бөөн авлигачид гэсэн нэр зүүхэд хүрдэг.
-Олон хүүхэдтэй эцэг, эхчүүдэд засварын мөнгө гаргахад хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд урсгал зардлынхаа мөнгийг л нэмэх шаардлагатай болж байна уу?
-Энэ талаар бид БШУЯ-нд тодорхой санал хүргүүлсэн. Сургууль дээрх хувьсах зардлыг 2-3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрвээ бидний хүсэлтээр нэмэх боломж үнэхээр байхгүй бол эцэг, эхчүүдээс хэдэн төгрөг татах ёстой юм бэ, дээд тал нь хэдэн төгрөг байх вэ гэдгийг эрх зүйн " "хувьд нээлттэй болгож өгөөч гэсэн хоёр зам л байна.