Оюутнууд илтгэлээрээ өрсөлдөв
“Уул уурхай - Хөгжлийн тулах цэг” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн VIII дугаар бага хурлыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
2013.04.25

Оюутнууд илтгэлээрээ өрсөлдөв

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, АМГТХЭГ, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран “Уул уурхай - Хөгжлийн тулах цэг” оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн VIII дугаар бага хурлыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Манай улсын баялгийн салбарт тулгамдаж байгаа чухал асуудлуудын хүрээнд геологи, уул уурхайн мэргэжпээр суралцдаг оюутнуудын судалгаа, шинжилгээний ажилд оролцох идэвхийг өрнүүлэх, сургалт үйлдвэрлэлийн холбоог гүнзгийрүүлэх, тэдний илтгэх чадварыг сайжруулах, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх улмаар магистр, докторын сургалтад хамрагдах мэргэжилтнүүдийн хүрээг өргөжүүлэхэд энэ бага хурал чухал ач холбогдолтой билээ.

Энэхүү хурлыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, АМГТХЭГ, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуультай хамтран зохион байгууллаа.

Энэхүү бага хурал нь ашигт малтмалын олборлолт, ашиглалт, хууль эрх зүй, татвар санхүүгийн орчин, дэвшилтэт техник технологи ашиглах боломж, байгаль орчны асуудал гээд өргөн сэдвийн хүрээнд зохиогддог юм. Тус салбарын шилдэг мэргэжилтэн, эрдэмтэн мэргэдээс бүрдсэн шүүгчдийн баг маш нарийн шүүлтүүрээр шүүдэг тул эрдэм шинжилгээний хуралд шалгарна гэдэг тухайн оюутны хувьд нэр төрийн хэрэг байдаг.

Тухайлбал, энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба, АМГ-ын Уул уурхайн хэлтсийн орлогч дарга М.Мэндбаяр, ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, доктор /РH.D/, дэд, профессор Х.Жаргалсайхан, Монголын баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Шархүү, “Монголын нүүрс” ассоциацийн тэргүүн Л.Даваацэдэв нар ажиллав.

Хоёр үе шаттай зохион байгуулагдсан уг бага хуралд 23 оюутан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ ирүүлснээс сүүлчийн шатанд 12 оюутан шалгарч илтгэлээ хэлэлцүүлсэн.

Тэднээс Орхон аймаг дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн оюутан Г.Даариймаа “Био-гидрометаллургийн уусгалтыг эрчимжүүлэх нэмэлт тэжээлүүдийн үйлчлэлийг харьцуулах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээрээ тэргүүллээ. Дэд байрт ШУТИС-ийн УУИС-ийн оюутан Б.Булган-Эрдэнэ, Д.Сүхбаяр нар “Шороон ордын металл авалтыг дээшлүүлэх боломжийн судалгаа”, гутгаар байрт мөн сургуулийн оюутан Ш.Дашчарив “Хүрэн нүүрснийг боловсруулж экологид ээлтэй түлш гарган авах боломжийн судалгаа” илтгэлээрээ тус тус шалгарсан. Тэгвэл тусгай байрттус сургуулийн оюутан Б.Отгонбаяр “Ухаа худагийн ордын коксжих нүүрсний хүхрийн агуулгыг бууруулах технологийн горимын судалгаа” илтгэлээрээ орсон байна.