Энэ жил аль улсуудад тэтгэлгээр суралцуулах вэ?
2012.04.02

Энэ жил аль улсуудад тэтгэлгээр суралцуулах вэ?

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012-2013 оны хичээлийн жилд
· Бүгд Найрамдах Польш Улсад 20 оюутан (нанотехнологи-2, биотехнологи-2, материал судлал-2, барилгын инженер-2, уул уурхайн инженер-5, зам гүүрийн инженер-2, тээврийн инженер-2, тээвэр зохион байгуулалт-1, хууль эрх зүй-2), мөн 2 докторант (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);

· Бүгд Найрамдах Унгар Улсaд А категориор 2 оюутан (анагаах ухаан-1, нанотехнологи-1), Б категориор 3 оюутан (биотехнологи-1, геофизик-1, сэтгэл судлал-1), мөн 2 мэргэжил дээшлүүлэгч (БНУУ-д их, дээд сургууль төгссөн байх);

· Бүгд Найрамдах Румын Улсад 2 оюутан (анагаах ухаан), 2 магистрант (эрчим хүч);· Бүгд Найрамдах Болгар Улсад 1 оюутан (хүнсний технологи), 1 докторант (газар тариалан);

· Бүгд Найрамдах Хорват Улсад 2 магистрант (нефтийн боловсруулалт, хими технологи)-ыг тухайн улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

Тавигдах шаардлага, бүртгэл
Бакалаврын сургалтад хамрагдахыг хүсэгчид нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Бүртгэлийг их, дээд сургууль хариуцан хийнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтанд орох оюутны нэрсийг сургуулийн захирлын албан бичгээр оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.Магистрантурт суралцахыг хүсэгчид нь суралцах чиглэлээрээ 3,0-аас доошгүй голч дүнтэй бакалаврын зэрэгтэй 35 хүртэлх насны, докторантурт суралцахыг хүсэгчид нь 3,0-аас доошгүй голч дүнтэй магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны, мэргэжил дээшлүүлэхийг хүсэгчид нь бакалавраас доошгүй зэрэгтэй Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2012 оны 4 дугаар сарын 14-нийн өдөр 10.00-15.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны 179 дугаар өрөөнд бүртгэнэ.

Үүнд: иргэний үнэмлэх; ажил байдлын тодорхойлолт; гадаадад суралцахыг зөвшөөрсөн ажил олгогчийн албан бичиг; дээд боловсролын диплом болон дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; англи хэлний мэдлэгийг батлах сертификат (БНУУ-д мэргэжил дээшлүүлэгчид хамаарахгүй), Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт

Бакалавр, магистрын сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт, англи хэлний шалгалт гэсэн хоёр үе шаттай байх ба шалгалтын тестээр авна. Мэргэжлийн шалгалт нь суралцах мэргэжлээс хамаарч математик буюу химийн шалгалт байна.

Мэргэжлийн чиглэл: 1. Нанотехнологи,Материал судлал, Барилга, Уул уурхай,Эрчим хүч, Нефтийн боловсруулалт, Хими технологи, Зам гүүр, Тээвэр, Тээвэр зохион байгуулалт, Геофизик,Сэтгэл судлал, Хууль эрх зүй. Шалгалт нь математик.
2. Анагаах ухаан, Биотехнологи, Хүнсний технологи. Шалгалт нь: Хими.

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна.

Шаардлага гарвал тухайн үед нь шалгалт авах нэмэлт байр гаргана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй. Бакалавр оюутны мэргэжлийн шалгалтыг 2012 оны 4 дугаар сарын 10-ны өдрийн 15.00 цагт, англи хэлний шалгалтыг 2012 оны 4 дугаар сарын 12-ны өдрийн 15.00 цагт авна. Шалгалтын дүнг дараа өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ. Мэргэжлийн шалгалтанд 60 ба түүнээс дээш оноо авсан оролцогч англи хэлний шалгалтанд орох эрхтэй бөгөөд нэгдсэн дүнг 2 онооны нийлбэрээр хяналтын тоонд багтаан 2012 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 15.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.

Магистрантурын шалгалт хуваарийг бүртгэлийн үеэр мэдээлэх болно. Докторантурт суралцах хүмүүсийг их сургуулийн багш нараас бүрдсэн комисс баримт бичигт үнэлгээ өгөх хэлбэрээр шалгаруулж, дүнг 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны зарлалын самбарт мэдээлнэ.БСШУЯ-наас шалгалтанд тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт нэр дэвшүүлнэ. Хүлээн авах тал тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг гаргах ба суралцагчийн сургалтын төлбөрийг хариуцан, амьжиргааны тэтгэлэг олгоно. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
Эх сурвалж
Боловсрол соёл шинжлэх ухааны яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.