С.Эрдэнэ их захиас өвөртөллөө
2011.09.05

С.Эрдэнэ их захиас өвөртөллөө

Баянгол дүүргийнхэн нээлттэй өдөрлөгөө өнгөрсөн амралтын өдөр тус дүүргийн нэгдүгээр хороонд хийлээ. Тус өдөрлөгт Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дэд дарга Б.Мөнхболор, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат тэргүүтэй албаныхан оролцсон.

Өдөрлөгийн хүрээнд хүүхдүүдийн дунд АХА тэмцээн, шатрын тэмцээн, гэр бүлийн дунд авхаалж самбаа сорьсон тэмцээн уралдааныг зохион байгуулсан юм. Түүнчлэн иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгч, иргэдийг эмчийн үзлэгт хамруулсан юм.

Өдөрлөгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийнхөө хийж байгаа ажил, үр дүн, хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар танилцуулсан юм. Мөн УИХ, Засгийн газраас хийж байгаа ажил байдлын талаар ч сонгогчдодоо мэдээлэл өгсөн юм. Харин иргэд сонгогчид тойргоосоо сонгогдсон гишүүнд дүүрэг хороонд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж өгөхийг хүсэж байлаа. Тухайлбал, Барс захын наймаачдын хогийг дүүргийн хог хаягдлын сангийнхан авдаггүй, "бөбөөчдөд" архи өгч байгаад шатаалгадаг гэх мэтийн шүүмжлэлийг хэлж байлаа. Түүнчлэн орон сууцнуудын цахилгаан шат, дээврийн засвар, хүүхэд, хөгшчүүлийн нарлах талбай байгуулж өгөхийг хүсэж байсан юм. Харин эрхэм гишүүн энэ бүхнийг өөрийнхөө чадах чинээгээр шийдэж өгнө гэдгээ амласан. Мөн дүүргийн Хог хаягдлын сангийн техник баазыг шинэчлэхийн тулд ирэх оны төсөвт зардал мөнгийг нь суулгуулж байгаад найман машин, хоёр бага оврын эксковатор авч өгөхөө амласан юм. Энэхүү өдөрлөгөө бүх хороонд зохион байгуулж иргэдийнхээ дуу хоолойг сонсоно гэдгээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.