2013.08.16

Б.Гарамгайбаатар: Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад өг

Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг үнэлэх нэг шалгуур нь замын ажил яахын аргагүй мөн.

2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох, шинэ нисэх онгоцны буудал, төмөр замын ажлуудыг хийж эхлээд байна. Төлөвлөгөөнийх нь дагуу 2016 он гэхэд бүх аймгийг Улаанбаатар хоттой холбож, шинэ нисэх онгоцны буудал, шинэ төмөр замуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр энэ ажлыг хийхээр авсан замын компаниуд халтуурны зам тавих, ажлаа өөр компанитай хувааж хийх мэтээр итгэл алдах болсон билээ. Энэ бүхэнд Ерөнхий сайд ганцхан хариулт өгдөг. Тэр нь “Ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад өг, өөр хүмүүс олон байна” гэх хариулт.

Тэгэхдээ ажил хийж, бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа тэднийг энэ мэт дарамтлахаасаа өмнө ажиллах орчин, нөхцлийг нь бүрдүүлж өгөхгүй бол хэтэрхий ингэж аж ахуйн нэгжийг дарамталж болохгүй биз. Гэсэн ч Засгийн газрыг зоригтойхон шүүмжлээд, алдаа оноог нь хэлчих хүн сөрөг хүчнийхнээс өөр байхгүй байдаг.

Харин ажлаа хийж чадахгүй Засгийн газар огцор хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга  Б.Гарамгайбаатар мэдэгдсэн анхаарал татаж чадлаа.

Тэрбээр, замын ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүдээ өмөөрч, урагшгүй ноёдууд алдаагаа бусдад нялзааж байгаа шүүмжилсэн юм. Б.Гарамгайбаатар гишүүн “Засгийн газар болон харьяа яам ажлаа хийж чадахгүйгээ бусдад тохож байна. Харин ч эсрэгээрээ ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүдийг буруутгах үндэс байхгүй.

Тэд бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Ажил хийх нөхцлийг нь хангаж өгөхгүй юм бол Засгийн газар огцрох хэрэгтэй” хэмээжээ.