УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2013.07.29

Сайд санасандаа хүрчээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав аливаа арга хэмжээг “тултал” нь зохион байгуулдаг нэгэн. Аль ерөн оны эхээр анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг “Тансаг ёолк” хэмээн дуу алдахад хүргэж байсан шинэ жилийн арга хэмжээний автор нь Я.Санжмятав сайд. 

Мөн төв талбай дээр анх удаа 100 мянган хүн цуглуулсан шоу хийж, тэнд нь “Буян” Жагаа хүртэл харамлаад үхэх шахдаг хөгжмүүдээ авчирчихсан, өөрөө утаснуудыг нь холбоод зогсч байсан гэдэг.

Хамгийн сүүлд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Завхан нутгаасаа мянган морин хуурч авчирч, мөн л төв талбайд тоглуулан нийслэлчүүдийн нүдийг хужирлаж чадсан.

Завхан аймаг

Харин сая болж өнгөрсөн Завхан аймгийнхаа 90 жилд тэрбээр нутгийнхандаа бэлэгтэй очжээ. Улсын төсөв батлах үеэр Завхан аймагт 5000 хүний суудалтай  Цэнгэлдэх хүрээлэн бариулах мөнгө нэхэж, түүнийгээ хамгаалж гарах гээд бөөн л юм болж байлаа.

Бүр бүлгийнх нь дарга хүртэл зад загнаад Байнгын хорооны хурал дээр хасуулж байсан төсвийг тэрбээр авч дөнгөжээ. Завханчууд аймгийнхаа 90 жилийн ойн баярын арга хэмжээг шинэ цэнгэлдэхдээ тав тухтай сууж байгаад үзлээ.

Бүр суудлынх нь тоо хүртэл зүтгүүлж байснаараа 5000 шүү. Өөрөөр хэлбэл Я.Санжмятав сайд санасандаа хүрч, завханчуудыг 4.2 тэрбумын цэнгэлдэхэд наадуулж чадлаа.