Монгол, Японы технологийн сургууль байгуулна
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр энэ сарын 18-22-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд тэрбээр Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны сайд Х.Шимомура, Гадаад хэргийн дэд сайд Ж.Ихара, Парламент дахь эрх баригч Либерал Ардчилсан намын Япон, Монголын харилцааг дэмжих бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн гишүүд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Монгол, Японы Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” нь хоёр орны харилцаанд ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг тусгаснаараа ач холбогдолтой болохыг тэмдэглэж, уг хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж ажиллах, улмаар Стратегийн түншлэлийг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.
Л.Гантөмөр сайд Монгол Улсын цаашдын тогвортой хөгжилд техник, технологи, байгалийн ухаан, нарийн мэргэжлийн боловсон хүчин чухал ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцолж, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутан сурагчдыг Японы шилдэг их, дээд сургуульд суралцуулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн, Японы Үндэсний технологийн коллежуудийн институтийн /КОСЭН/-ийн туршлага, тогтолцоог Монголд нэвтрүүлэх, Монгол-Японы хамтарсан техник, технологийн сургуулийг байгуулж ажиллах эрмэлзэлтэй болохыг тэмдэглэв.
Мөн талууд шинжлэх ухааны салбар дахь хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, их дээд сургуулиуд хоорондын харилцааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид мөн Японы судалгааны “РИКЭН” хүрээлэн болон Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, /ЖАЙКА/, Токиогийн их сургуулийн удирдлагатай уулзаж, “Монгол судлалын төв” байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургууль, Япон Улсын Нагояагийн их сургуулийн Боловсрол ба хүний хөгжлийн сургууль хоорондын хамтын ажиллагааны “Cанамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол боллоо.
Мөн Л.Гантөмөр сайд Японы Нийгата муж, Нагаока хотод ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 41 жилийн ойн хүрээнд Нийгата-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ц.Кимүра “Алтан гадас” одон, тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Х.Хасэгава “Найрамдал” медалиар шагнуулсаныг гардуулж өглөө. Түүнчлэн, Нийгата мужийн захирагч Х.Изүмида, Нагаока хотын дарга Т.Мори нартай уулзаж, Нийгатагийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, Нагаокагийн Анагаах ухааны их сургуулиар зочилсноор айлчлалаа өндөрлүүлжээ.