Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт ажиллаа
2013.11.25

Тосонцэнгэл МСҮТ-ийн нээлт боллоо

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Завхан аймагт ажиллах үеэр Тосонцэнгэл суман дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нээлт болж, оюутнууд нь хичээлийн шинэхэн байрандаа оюутны тангараг өргөх ёслол болсон юм.

Нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, яамны МБСБХЗГ-ын дарга М.Жадамба, ССБТГ-ын дарга С.Наранцогт, Тосонцэнгэл сумын засаг дарга Б.Төрмөнх, Швейцарийн хөгжлийн агентлагийн зөвлөлийн дэд захирал Шон Корли, тус агентлагийн Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн захирал Х.Энхтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

    Тосонцэнгэл МСҮТ нь яамны хөрөнгө санхүүжилтээр хуучин байрыг засварлан, хичээлийн шинэ байртай болоод байгаа юм. 22 багштай, 217 хүүхэд 13 мэргэжлээр суралцаж байгаа тус сургуульд Хөдөлмөрийн яамнаас 40 гаруй сая төгрөгийн 16 нэр төрлийн оёдлын иж бүрэн тоног төхөөрөмж хүлээлгэж өгч, материаллаг баазыг нь сайжруулсан байна.

22 багштай, 217 хүүхэд 13 мэргэжлээр суралцаж байгаа тус сургуульд Хөдөлмөрийн яамнаас 40 гаруй сая төгрөгийн 16 нэр төрлийн оёдлын иж бүрэн тоног төхөөрөмж хүлээлгэж өгч, материаллаг баазыг нь сайжруулсан байна.

Мөн ирэх жил улсын төсвийн 3,3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаар орчин үеийн стандартад тохирсон 640 хүүхэд сурах боломжтой сургуулийн барилга бариулахаар болсноо энэ үеэр дуулгаж байлаа. Тосонцэнгэл сумын төвд сүндэрлэх шинэ сургууль нь хоёр хичээлийн байр, оюутны дотуур байртай байхаас гадна оюутнуудын цаг заваа зөв боловсон өнгөрөөх, болон хичээлд хэрэглэгдэх биеийн тамирын заал, урлагийн танхимтай байх ажээ.

Тосонцэнгэл МСҮТ-д Завхан аймгийн сумдаас гадна Архангай аймгийн зарим сумдаас хүүхдүүд ирж суралцаж байгаа гэнэ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хичээлийн жилийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Тосонцэнгэл МСҮТ-ийг шинээр байгуулахад Хөдөлмөрийн яамнаас их хүчин чармайлт гаргаж байгаа.

Тиймээс чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажилдаа илүүтэй анхаарал хандуулж, зөвхөн сургаад төгсгөх биш, ажлын байранд нь зуучилж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтнүүдийг бэлдээсэй гэж хүсч байна. Оюутнууддаа хандаж хэлэхэд бид та бүхний гар дээр очдог тэтгэлэгийг 70 000 болгож нэмэгдүүлсэн. Тиймээс одоо сурч боловсрох, мэргэжил эзэмшихдээ л анхаарч, сайн, чадварлаг мэргэжилтэй ажилтан болох л үлдлээ” хэмээсэн юм.